Онош, 2010, 46(046)
Хоол судлал, хавдрын чиглэлээр хийгдэж буй судалгааны ажил, хэвлэлийн тойм, нийтлэл /Сүү цагаан идээг химийн бэлдмэлийг хоргүйжүүлэн саармагжуулахад ба ясны эрдэсжилтэнд хэрэглэх асуудалд/
( Товч мэдээлэл )
Судалгааны үндэслэл
Эрүүл байх гурвалсан систем (триад) нь хөдөлгөөний идэвхтэй байдал, орчин болон зохистой хооллолт зэргээс хамааралтай байдаг. Дээрхи хүнсний бүтээгдэхүүнээс хүний биенд их хэмжээний хортой нэгдлүүд үүсч эд эсийн асар том дархлал хамгааллын системийг эвдэж, эсийг хуваан хувиралд оруулж, олон өвчлөлийн шалтгаан (хавдар, генетик, цусны даралт ихдэх өвчин, остеохондроз, диабет г.м) болж байна.
Манай оронд сүү цагаан идээнээс аарц, айраг, шар сүү зэрэг бүтээгдэхүүнүүдийг элдэв хордлогын үед хор тайлах зорилгоор өргөн хэрэглэж ирсэн уламжлалтай. Сүүлийн жилүүдэд цагаан идээний хүнс тэжээл, биологийн ач холбогдол, эмчилгээний чанарыг нээн танихад судлаачид ихээхэн анхаарч байна.
Биосорбент бэлдмэл нь уураг, энзим, эрдэс бодис (Ca, Mg, P, K, Zn, Cu, Fe, Mn) зэрэг шимт бодисуудыг хаигалттай хэмжээгээр агуулдаг. Эдгээр нь тэжээллэг чанар ихтэй хүнсний бүтээгдэхүүн юм.
Судалгааны зорилго
1. Судалгаанд аарц, гүүний саам, хөц будаа, аньсны шүүснээс бэлтгэсэн, цагаан идээнд суурилсан хүнс биосорбентийн химийн тарианы (цисто платин, фторурацил), үлдэгдлийг саармагжуулах үйлдлийг судлах
2. Биосорбент ба айрагны эрдэсжүүлэн-хоргүйжүүлэх ба хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үйлчлэлийг харьцуулан судлах
3. Өсвөр насны хүүхдийн ясны эрдэсжилтэнд цагаан идээний нөлөөллийг судлах
Судалгааны обьект, материал ба арга зүй
ЭМШУИС-ын Биоанагаахын Хими – Биохимийн тэнхимийн туршилт судалгааны лаборатори, шүүх эмнэлэг эмгэг анатомийн гистологийн лаборатори, хавдар судлалын үндэсний төвийн өдрийн химийн эмчилгээний кабинет, УАУ-ны корпорацийн туршилтын амьтны лабораторийг түшиглэн судалгааг явуулав.
Судалгаанд түүхий эдээр уламжлалт аргаар бэлтгэсэн аарц, гүүний шинэ саам, хөц будаа, аньсны шүүснээс бэлтгэсэн биосорбент хүнс, СҮҮ ХХК –д үйлдвэрлэсэн савласан сүү, гүүний саам, ааруул ээзгий, химийн тариа (цисто платин, фтор урацил) сонгон авсан бөгөөд усан гахай (n=15), 1650-1800 г жинтэй туулай (n=6) –г тус тус судалгаанд хэрэглэв.
Судалгааны арга
Судалгааны дээжийг лиофиль–сублимацийн аргаар хатааж; хоногийн шээс ялгаралт эзэлхүүний аргаар; ясны эрдэсжилт –денситометрийн аргаар тус тус боловсруулан тодорхойлов.
Судалгааны үр дүн, хэлцэмж
Биосорбент хүнсэнд уураг 20-22%, тослог 1,5-2%, дисперсжилт 1100-3600 нм, Ca болон P-ийн харьцаа 1:1; Zn, Cu, Fe бичил элементүүд тус тус агуулагдана.
1. Хими эмчилгээний тарианы үлдэгдлийг саармагжуулах судалгаа
Химийн тариаг туршилтын амьтанд 75мкг/кг хэмжээтэй арьсан доор тарьж, хяналтын ба эмчилгээний бүлгийг тус тус 14 – 21 хоногийн турш хянасан.
Туршилтын амьтны цусан дахь химийн тарианы үлдэгдлийг спектр фотометрийн аргаар судлахад 1,5 цагийн дараа 4.0±0.010 мкг/мл 3цагийн дараа 3.7±0.022 мкг/мл, 6 цагийн дараа 1.8±0.010 мкг/мл ба харин биосорбент нэмэлт хүнсээр хэрэглэсэн туулайны цусан дахь концентраци 1,5 цагийн дараа 1.3±0.010 мкг/мл 3 цагийн дараа 1.8±0.022 мкг/мл, 6 цагийн дараа 0.8±0.010 мкг/мл тус тус тодорхойлогдов.
Судалгааны явцад хяналтын бүлэг амьтдын жин хасагдсан, хооллох дур буурсан, үс, арьс бүрсийж, шээс ялгаралт эрс багассан харин туршилтын бүлэг амьтдын хоолны дур нэмэгдсэн, үс арьс гялалзсан, хөдөлгөөн хэвийн, шээс ялгаралт нэмэгдсэн шинж тэмдгүүд ажиглагдаж байлаа.
2. Цагаан идээний эрдэсжүүлэлтийн харьцуулсан судалгаа
Туршилтын амьтны ясны эрдэсжилтийн байдал:
Усан гахай дээр 30-45 хоног биосорбент хүнсийг хэрэглэн хяналтын бүлэг амьтадтай харьцуулахад рентгеноскоп дээр ясны сийрэгжилтийн бүдэг толбонууд арилж, ясны эрдэсжилт сайжирсан байна.
Туршилтанд авсан усан гахайн 3.5*4.5см хэмжээний хавдар төст үрэвсэл 14 хоногийн хугацаанд бүрэн шимэгдсэн үр дүн ажиглагдлаа.
3. Өсвөр насны хүүхдийн ясны эрдэсжилтэнд цагаан идээний нөлөөлөл:
Өсвөр насны (10-13) нийт 25 хүүхдийг сонгон авч нэмэгдэл хүнс хэрэглэхийн өмнө денситометрийн аргаар ясны сийрэгжилтийн түвшинг тодорхойлоход 5.5 % хэвийн, 55.5% нь ясны эд цөөрсөн, 39% нь ясны сийрэгжилттэй (остеопороз) оношлогдсон. Хүүхдүүдийг сүү, тараг, аарц, ааруул ээзгийн холимог болон биосорбент зэрэг цагаан идээг 1 сарын турш хэрэглэсний дараа дахин ясны нягтралын түвшинг тодорхойлсон. Цагаан идээ хэрэглэхийн өмнөх ба дараах яс сийрэгжилтийн түвшинг Зураг 1-рт үзүүлэв.
Дүгнэлт
1. Биосорбент цагаан идээнд суурилсан хүнс нь хоргүйжүүлэн саармагжуулах үйлчлэл үзүүлж байгааг химийн тарианы үлдэгдлийн хэмжээ багасч байгаагаар тодорхойлогдож байна.
2. Сүү, цагаан идээний сонгон авсан төрлүүдээс биосорбент ба ааруул ээзгийн холимог нь эрдэсжүүлэх үйлчиллэлийг хамгийн илүү үзүүлж байна.
Хүүхдийн ясны сийрэгжилтийн тандалт судалгаагаар ясны эд цөөрсөн (55.5%) ба ясны сийрэгжилттэй (39%) хүүхдийн тоо дийлэнх хэсэг байгаад онцгой анхаарах шаардлагатай байна.
Нийтлэлийн нээгдсэн тоо: 1493
Судлаачдын бусад өгүүлэл