Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2004, 1(127)
Монгол улс дахь бичил тэжээлээр баяжуулсан хүнсний бүтээгдэхүүний хэрэглээний байдлыг үнэлэх
( Судалгааны өгүүлэл )

Б.Бямбатогтох1, Шамиль Тажибаев2, Гэрэлжаргал1, Д.Оюунчимэг3, Ц.Лхагвасүрэн4, Х.Жамбалмаа5, Д.Энхмягмар

1Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, 2Казакийн хоол тэжээлийн академи, 3Улсын мэргэжлийн хяналтын газар, 4Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, 5"Эх хүүхдийн хоол тэжээлийн байдлыг сайжруулах” төсөл

 

Азийн хөгжлийн банк (ADB), Төв азийн орнууд ба Казакстан (САРК), Казакийн хоол тэжээлийн академи (KAN) хамтран Казакстан, Киргизстан, Тажикстан, Узбекстан, Азербайжан, Монгол гэсэн 6 оронд "Ядуу эх хүүхдийн хоол тэжээлийн байдлыг сайжруулах" JFPR 9005 төслийг хэрэгжүүлж байгаа билээ.

Дэлхий дахинаа өргөн тархсан төмөр, иод зэрэг бичил бодисын дутал нь хүний бие бялдар, оюун санааны хөгжилд сөргөөр нөлөөлдөг хэдий ч эдгээрээс баяжуулсан хүнс хэрэглэх замаар урьдчилан сэргийлэх боломжтой юм.

“Ядуу эх хүүхдийн хоол тэжээлийн байдлыг сайжруулах” JFPR 9005 төслийн зорилго нь Төсөл хэрэгжиж байгаа бүс нутгийн ядуу бүлгийн хүн амд ялангуяа хүүхэд, жирэмсэн ба хөхүүл эхчүүдийг бичил бодисоор баяжуулсан давс, гурилаар хангах, үйлдвэрлэл,-худалдаа, зах зээлийн орчныг бий болгож, хүн амын хоол тэжээлийн байдал, бие бялдар, оюун санааны хөгжлийг сайжруулахад оршино.

5    хүртэлх насны хүүхдүүдийн дунд цус багадалт 40.0%, иод дутлын улмаас үүссэн бамбай булчирхайн томролт буюу бахлуур 21.4 хувийн тархалттай байгаа нь уг төслийг Монгол улсад хэрэгжүүлэх үндэс суурь болсон юм (5).

“Ядуу эх хүүхдийн хоол тэжээлийн байдлыг сайжруулах" JFPR 9005 төсөлд Монгол орны 11 аймаг сонгогдож, 6 аймгийн гурилын үйлдвэрт төмөр, цинк, тиамин, рибофлавин, фолийн хүчил, ниацин зэрэг аминдэм эрдсийн холимгоор гурилыг баяжуулж хүн амын хэрэглээнд нэвтэрч эхлээд байна. Харин 1995 оноос эхлэн давсыг иодын баяжмалаар баяжуулан хэрэглэж одоогийн байдлаар айл өрхийн 60-аад хувь нь иоджуулсан давс хэрэглэдэг болсон судалгааны дүн байна (6).

“Ядуу эх хүүхдийн хоол тэжээлийн байдлыг сайжруулах" JFPR 9005 төсөл хэрэгжиж эхлэсэн үеийн ба хэрэгжиж дууссаны дараа төслийг үнэлэх судалгааг хийхээр төлөвлөсөн бөгөөд үүний дагуу Казакийн хоол тэжээлийн академаас боловсруулсан аргачлалын дагуу төсөл хэрэгжиж байгаа 6 оронд эхний удаагийн
судалгааг явуулсан юм. Судалгааны 2-р үеийг 12 сарын дараа давтан хийж, төслийн хэрэгжилтэнд үнэлгээ өгөх болно.

Уг судалгааны дүнгээс товчлон танилцуулья.

Судалгаанд захын цусан дахь гемоглобин, сийвэнгийн ферритин, ийлдэс дэхь фолийн хүчил, шээсний иодын агууламж зэрэг баяжуулсан хүнсний бүтээгдэхүүний хэрэглээний байдлыг үнэлэхэд шаардлагатай үзүүлэлтүүдийг сонгон авч тодорхойлсон юм. Судалгаанд төсөлд хамрагдсан орон бүрээс 40 өрхийн 80 хүүхдийг сонгон авсан болно. Манай орны хувьд бичил тэжээлээр баяжуулсан гурил хэрэглэх боломжтой, өөрөөр хэлбэл орон нутагтай бичил тэжээлээр баяжуулсан гурил үйлдвэрлэж байгаа аймгууд болох Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот, Дархан-уул аймгийн 40 өрхийн 2-15 насны эрэггэй 34, эмэгтэй 46 нийт 80 хүүхдийг хамруулсан.

Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн захын цусан дахь гемоглобинийг "Hemocue" гемоглобин фотометрээр шууд тодорхойлж, сийвэнгийн ферритин, ийлдэс дэхь фолийн хүчлийг Казакийн Хоол тэжээлийн академид радио изотоп, өндөр үзүүлэлттэй шингэний хроматографи (HPLC)-p, шээсний иодын агууламжийг Монгол, Киргизстан 2 улс өөрийн орны ИДЭ-ийг хянах лабораторид, бусад улс Казакийн Хоол тэжээлийн академид дээж илгээж, бүгд спектрофотометрийн аргаар тодорхойлсон.

Гемоглобины хэмжээ:

Хоол тэжээлээр авах төмрийн хэмжээ хангалтгүй байсны улмаас үүссэн төмөр дутлын цус багадалтыг илэрхийлэх гол үзүүлэлт нь захын цусан дахь гемоглобиний хэмжээг тодорхойлох явдал юм.

Хүснэгт 1. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн захын цусан дахь гемоглобиний дундаж

Судалгаанд хамрагдсан улс орны хүүхдүүдийн захын цусан дахь гемоглобиний дундаж ойролцоо түвшинд байна

Цус багадалтыг захын цусан дахь гемоглобины лавлагаа хэмжээгээр үнэлгээ өгехөд судалгаанд хамрагдсан Монгол хүүхдүүдийн 12.5 хувь нь цус багадалттай байгаа нь төв Азийн бусад оронтой харьцуулахад цус багадалт харьцангуй бага байгааг харуулж байна. Энэ нь өнгөрсөн жилүүдэд төмрийн бэлдмэл болон бичил тэжээлийн холимогийг жирэмсэн эхчүүд, бага насны хүүхдүүдэд хэрэглэсний үр дүн байж болох ч судалгаанд төвийн, харьцангуй хотжсон аймаг болох Сэлэнгэ, Дархан-уул аймгууд гонгогдсонтой холбоотой байж болох юм.

Захын цусан дахь гемоглобиний хэмжээгээр цус багадалтыг насны бүлгээр ангилж хөнгөн дунд, хүнд зэрэгт хувааж үнэлдэг.

Захын цусан дахь гемоглобины 12-59 сартай <11-10mg/dl,5-11 настай <11.5-10mg/dl, 12 ба түүнээс дээш настай хүүхдүүдэд <12-10mg/dl байвал цус багадалтыг хөнгөн зэрэгт хамааруулдаг (1).

Үүнийг үндэслэн судалгаанд хамрагдсан хүүхдүүдэд үнэлгээ өгөхөд 12.5 хувь нь хөнгөн зэргийн цус багадалттай байна. Цус багадалтыг насаар ангилж үзэхэд 12-59 сартай хүүхдүүдийн 18.2%, 5-11 настай хүүхдүүдийн 6.0%, 12 ба түүнээс дээш насны хүүхдүүдийн 26.3% нь цус багадалттай байна

Сийвэнгийн ферритин:

Бие дэхь төмрийн нөөцийг тодорхойлох, төмөр дутлын хамгийн эхний шатанд гарах биохимийн гол үзүүлэлт нь сийвэнгийн ферритиний хэмжээ юм. Төмрийн нөөц шавхагдан, төмөр дутлын цус багадалтын урьдал үед сийвэн дэхь ферритиний хэмжээ буурдаг.

Сийвэн дэхь ферритиний хэмжээ 5 хүртэлх насны Хүүхдэд <12 mg/L, 5-аас дээш насны хүүхдэд <15mg/ байвал дуталтай гэж үнэлдэг (1). Энэ удаагийн судалгаагаар Монгол хүүхдүүдийн сийвэнгийн ферритин дундажаар 38.0±20.0mg/l байгаа бөгөөд судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 5%-д ферритиний хэмжээ бага түвшинд байна.

Хүснэгт 2. Сийвэнгийн ферритиний хэмжээ хэвийн түвшинд насны бүлгээр

Монгол, Киргизхүүхдүүдийн сийвэнгийн ферритин хэвийн хүүхдийн эзлэх хувь бусад орны хүүхдүүдийнхээс илүү байгаа нь энэ 2 орны хүүхдүүдийн дунд цус багадалтыг гемоглобинээр үнэлсэн дүнг бататгаж байна.

Ийлдэс дэх фолийн хүчлийн хэмжээ:

Ийлдэс дэхь фолийн хүчлийн хэмжээ бага байх нь фолийн хүчлийн дутлыг илэрхийлэх гол үзүүлэлт болдог(2) бөгөөд Киргизстан, Казакстан, Азербайжан, Монгол орнуудад ийлдсийн фолийн хүчлийн хэмжээ бага байгаа нь судалгаагаар тогтоогдсон байна.

Дээрхи 4 орны хүүхдүүдийн ихэнх нь (97.5, 83.3,85.0,85.0%) фолийн хүчлийн дуталтай гарсан байсанд судлаачид нэмэлт шинжилгээ хийх шаардлагатай гэж үзээд Казакстаны Килорда дүүргийн 202 хүүхдийн ийлдсэнд фолин хүчил тодорхойлоход ойролцоо үзүүлэлт гарчээ (Ийлдсийн фолийн хүчлийн дундаж 1.80±1.40ng/ml, 202 хүүхдийн 88.6 %-нь фолийн хүчлийн дуталтай байжээ).
Ийлдэс дэхь фолийн хүчлийн хэмжээ 5n/mL-ээс бага тохиолдолд фолийн хүчлийн дуталтай гэж үнэлдэг.

Судалгаанд хамрагдсан Монгол хүүхдүүдийн дөнгөж 4%-д ийлдсийн фолийн хүчил хэвийн хэмжээнд байжээ.

Хүснэгт 3. Ийлдсийн фолийн хүчлийн хэмжээ.

Фолийн хүчлийн хэмжээ 1.3<3.0 ng/ml байвал хөнгөн зэргийн дуталтай гэж үздэг (2).

Монгол хүүхдүүдийн ийлдсийн фолийн хүчлийн хэмжээ бага байгаа нь хоол тэжээлээр авах фолийн хүчлийн хэмжээтэй шууд холбоотой гэсэн дүгнэлт хийж болохоор байна (3).

Шээсээр ялгарах иодын хэмжээ:

Хоол тэжээлээр орсон иодын 80 орчим хувь нь шээсээр ялгардаг тул иодын хэрэглээг шээсэн дэхь иодын агууламжаар үнэлэх нь хамгийн тохиромжтой байдаг.

Шээсний иодын хэмжээ хангалтгүй байх нь иод дутлын түвшин өндөр байгааг илтгэдэг. ИДЭ-тэй тэмцэх хөтөлбөрийн үр нөлөө, хэрэпжилтийг үнэлэхдээ бамбай булчирхайн хэмжээнээс илүү шээсний иодын үзүүлэлтийг авч үздэг (4).

Шээсний иодын агууламж <20mg/l байвал хүнд, =20<50mg/l байвал дунд зэрэг, =50<100mg/l байвал иодын хөнгөн дуталтай гэж үнэлдэг.

Хүснэгт 4. Шээсний иодын агууламжийн дундаж үзүүлэлт

Иодын дутлаас урьдчилан сэргийлэх, эмчлэх гол арга нь иод агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх явдал юм. Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнд иод их агуулагддаг бөгөөд манай орны хувьд дээрхи бүтээгдэхүүний хэрэглээ хангалтгүй байдгаас Монгол орон иоджуулсан давс хэрэглэх замаар иодын дутлаас сэргийлэх, хүн амаа хамгаалах стратегийг сонгон авсан билээ.

Хүснэгт 4-өөс харахад судалгаанд хамрагдсан Монгол хүүхдүүдийн 63.8%-д шээсний иод хангалтгүй, үүнээс 10% нь хүнд иодын дуталтай байгаа нь анхаарахгүй өнгөрч болохгүй асуудлын нэг юм.

Баяжуулсан гурил, иоджуулсан давсны хэрэглээг нэмэгдүүлэх замаар хүн амаа хоол тэжээлийн ялангуяа бичил тэжээлийн дутлаас сэргийлэх зайлшгүй шаардлагатай байгаа нь энэхүү судалгааны дүнгээс харагдаж байна.

Дүгнэлт:
1. Захын цусан дахь гемоглобиний түвшингээр цус багадалтыг үнэлэхэд судалгаанд хамрагдсан 2-15    насны хүүхдүүд хөнгөн зэргийн цус багадалттай байна.
2. Сийвэнгийн ферритиний хэмжээ судалгаанд хамрагдсан дийлэнх хүүхдүүдэд хэвийн хэмжээнд байна.
3. Монгол хүүхдүүдэд фолийн хүчлийн дутал өндөр хувьтай байна.
4. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн бараг 2/3-д хоногийн шээсээр ялгарах иодын хэмжээ бага байна.
5. Судалгааны ерөнхий дүнгээс харахад иод, төмөр, фолийн хүчил зэрэг бичил тэжээл агуулсан хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ хангалтгүй байгаа нь баяжуулсан бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх шаардлагатайг харуулж байна.
6. Судалгаанд хамрагдсан Азербайджан, Казакстан, Киргизстан, Таджикистан, Узбекистан зэрэг орнуудтай харьцуулахад Монгол хүүхдүүдийн захын цусан дах гемоглобины хэмжээ ойролцоо түвшинд хөнгөн зэргийн цус багадалттай, ийлдэс дэх фолийн хүчлийн хэмжээ Таджикистан, Узбекистанаас бага, Азербайджан, Казакстантай ойролцоо буюу фолийнхүчлийн дутагдалтай орны тоонд, шээсэн дэх иодын агууламж Таджикистан, Киргизистантай адил хангалтгүй түвшинд байна.

Ном зүй

1. Methods of assessing iron status. A Guide for programme managers. UNICEF, UNU, WHO, 2001, p. 3346
2. Medicine l.o (2000) Dietary Reference Intakes: National academy Press, Washington, D.C p. 10-18
3. T.Brody, Barry Shane folic acid” In: Handbook of vitamins.Third Edition, edited by R.B.Bucker, J.W.Suttie, D.B.Mc.Cormick and L.J.Machlin.New York, 2001, p. 427462
4. Urinary iodine.In: Assessment of iodine Deficiency Disorders and Monitoring their Elimination. A Guide for programme managers. ICCIDD, UNICEF, WHO, 2001, p. 31-36
5. Хоол тэжээлийн үндэсний 2-p судалгаа” 2000 он, Улаанбаатар, x. 47-52
6. ИДЭ-ийн тархалтыг үнэлэх” үндэсний судалгаа, ЖАЙКА, 2001 он. х. 10

 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор Б.Бурмаа


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1558
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК