Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2004, 1(127)
Өрхийн эмнэлгийн менежментийн тулгамдсан асуудлууд
( Судалгааны өгүүлэл )

Ц.Ганхүү

Нийслэлийн эрүүл мэндийн газар

 

Өрхийн эмнэлгүүд өөрсдөө шийдвэрлэвэл зохих менежментийн олон асуудал байх боловч дараахь хэдэн гол асуудалд анхаарлаа хандуулах нь чухал байдаг (1). Юуны өмнө өрхийн эмнэлэг хэдэн эмчтэй байх вэ? гэдэг асуудал чухал асуудлын нэг юм. Өрхийн эмнэлэг нь дунджаар 4 эмчтэй байх нь хамгийн тохиромжтой бөгөөд энэ нь өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ болон эмч нарын үйл ажиллагаа, ажлын цаг, ээлжийг зохицуулахад зохистой байдаг.
Гэвч өрхийн эмнэлгүүд хэдэн эмчтэй байхаа тогтоох асуудал тэдний бүртгэн авсан хүн амын тоо, үйлчилж буй дэвсгэр нутгийн хэмжээ зэрэгтэй холбоотойгоор чөлөөтэй сонголт хийж шийдвэр гаргах боломжтой. Түүнчлэн өрхийн эмнэлэг эмчийнхээ тоог нэмэгдүүлэх, бууруулах, шаардлагатай тохиолдолд гэрээгээр тодорхой хугацаагаар эмч авч ажиллуулах зэрэг шийдвэр гаргах олон сонголт байж болдог.

Эмчийн тооны талаар шийдвэр гаргахад нөлөөлдөг гол хүчин зүйл бол өрхийн эмнэлгийн төлбөрийн чадвар бөгөөд энэ нь бас бүртгүүлсэн хүн  амын тоо, тэдэнд үзүүлж байгаа тусламж, үйлчилгээний чанар хүртээмж зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой. Өрхийн эмнэлэгийн менежментийн тухайд анхаарах бас нэг чухал асуудал бол олон иргэнийг өөртөө татаж чадах тийм чадварлаг эмчтэй байх явдал юм. Шинэ үйлчлүүлэгч өөрт нь бүртгүүлэхгүй байгаа буюу иргэдийг өөртөө татаж чадахгүй байгаа эмчийг удаан хугацаагаар цалинжуулахгүй байх бодлогыг менежментийн хүрээнд анхаарах нь чухал байна.

Өрхийн эмнэлгийн үйл ажиллагааны үр дүнд багагүй нөлөөтэй хүмүүс бол сувилагчид юм. Өрхийн эмнэлэг хэдэн сувилагчтай ажиллах вэ? гэдэг нь өрхийн эмнэлгийн ахлагчийн төлөвлөлтийн мэдлэг, ур чадвараас ихээхэн хамааралтай. Тухайлбал, орон тоо бөглөсөн, мэдлэг чадвараар сул, хариуцлага муутай олон сувилагчтай байснаас цөөн тооны, чадварлаг, сайн бэлтгэгдсэн, туршлагатай, идэвхи санаачлагатай сувилагчийг өндөр цалинтайгаар ажиллуулах нь илүү үр дүнтэй байдаг.

Өрхийн эмнэлгийн менежментийн дараагийн нэг асуудал бол байрны асуудал юм. Өрхийн эмнэлэг нь зардал багатай, бүртгүүлсэн иргэддээ ойрхон байршил бүхий, ая тохитой байртай байх нь өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмж, бэлэн байдлыг сайжруулахад ач холбогдолтой байдаг. Өрхийн эмнэлгийн тухайд байрны асуудлыг шийдвэрлэх хэд хэдэн арга зам байдаг. Тухайлбал:

(i)    өрхийн эмнэлгийн байр шинээр бариулах, (ii) тохиромжтой байр худалдан авах, (iii) тусламж, үйлчилгээ явуулах шаардлага хангасан байрыг түрээслэн ашиглах замаар үйл ажиллагаагаа хэвийн явуулах зэрэг аргууд бий. Ер нь өрхийн эмнэлгийн менежментийн зарим асуудлууд нь улсын эрүүл мэндийн байгууллагаас нэлээд өвөрмөц ялгаатай. Тухайлбал эмч, сувилагчийн тоо болон тэдний цалин, хөлсийгтогтоох, орон байрны талаар шийдвэр гаргах зэрэг асуудал нь улсын эрүүл мэндийн байгууллагатай огт адилгүй байдаг.

Өрхийн эмнэлгийн менежментийн зангилаа асуудлуудын нэг бол өрхийн эмнэлгийн санхүүгийн менежмент юм. Өрхийн эмнэлгийн санхүүгийн менежментийн гол асуудал бол бизнес төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх явдал юм. Өөрөөр хэлбэл өрхийн эмнэлэг орлогоо тодорхойлж, улмаар зардлаа бууруулж, ашигтай ажиллахад асуудлын мөн чанар оршдог. Ингэж ажилласнаар зардлын хяналтыг сайжруулж чаддаг бөгөөд өрхийн эмнэлэг cap бүр зардлын байдалдаа дүн шинжилгээ хийж, ямар зардал их байгаа, учир шалтгаан нь юу болох, цаашид хэрхэн бууруулж болохыг мэдэх боломж бүрддэг. Үүнээс үүдэн өрхийн эмнэлэгийн эмч нарт санхүүгийн менежментийн талаар тодорхой хэмжээний ойлголт, мэдлэг шаардлагатай болдгоороо эрүүл мэндийн бусад байгууллагын эмч нараас бас нэг онцлог ялгаатай байдаг.

Өрхийн эмнэлгийн менежментийн дараачийн нэг томоохон асуудал бол бүртгүүлсэн иргэддээ чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх асуудал юм. Чанартай тусламж, үйлчилгээ үзүүлэх хоёр үндсэн шалтгаан байдаг.

Нэгдүгээрт: Хэрэв өрхийн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар муу байвал олон үйлчлүүлэгчийг өөртөө татаж чадахгүй улмаар үйлчлүүлэгчээ алдахад хүрдэг.

Хоёрдугаарт: Засгийн газар өрхийн эмнэлэгтэй гүйцэтгэлийн гэрээ байгуулж, тусламж, үйлчилгээний чанарыг байнга хянаж байдаг бөгөөд өрхийн эмнэлэг чанартай тусламж, үйлчилгээ үзүүлэхгүй бол санхүүжилтээ хасуулах, улмаар дахин гэрээ байгуулж чадахгүйд хүрч эрүүл мэндийн анхан шатны тусламжийн зах зээлээс шахагдан зайлуулагдах болно.

Ийм учраас өрхийн эмнэлэг бүртгүүлсэн иргэддээ чанартай тусламж, үйлчилгээг хүргэхийн тулд дараахь хэдэн арга хэмжээг зохион байгуулах шаардлагатай болдог: (i) тасралтгүй сургалтын аргаар эмч, сувилагч нарын мэдлэг мэргэжлийг байнга дээшлүүлэн шинэчилж байх, (ii) үйлчлүүлэгчтэйгээ байнга харилцан, тэд тусламж үйлчилгээнийх нь талаар ямар бодол, сэтгэгдэлтэй явдгийг мэдэж, түүний мөрөөр ажиллах, (iii) гүйцэтгэлийн гэрээнд тусламж, үйлчилгээний чанарын талаар хүлээсэн үүргээ хангж биелүүлэхэд онцгой анхаарч ажиллах шаардлагатай.
Өрхийн эмнэлгийн менежментийн стратегийн маш чухал асуудал бол үйлчлүүлэгчдийг татах, тэднийг бусад өрхийн эмнэлэгт алдчихгүйгээр өөрийн хүрээнд барьж байх асуудал юм. Хэрэв тухайн өрхийн эмнэлэг санаачлага, хариуцлагатай ажиллахгүй бол үйлчлүүлэгчдээ сайн ажиллагаатай өөр өрхийн эмнэлэгт амархан алдаж, улмаар өөрсдөө зах зээлээс шахагдан гарах болно.
Үйлчлүүлэгчдээ татах, улмаар тэднийг алдахгүй байхын тулд (i) чанартай, хүлээгдэлгүй тусламж, үйлчилгээ үзүүлэх, эелдэг, хөнгөн шуурхай үйлчлэх, (ii) иргэд танай тусламж, үйлчилгээг цаашид хэрхэн сайжруулах талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, та бүхний ажлыг дэмжих уур амьсгал бүрэлдсэн байх явдал юм. Нэгэнт иргэд өрхийн эмчээ чөлөөтэй сонгож байгаа тохиолдолд тэдэнд онцгой анхаарал хандуулж, тэдний хүсэн хүлээж буй эрэлт хэрэгцээг хангах асуудал шийдвэрлэх ач холбогдолтойг өрхийн эмнэлгийн өдөр тутмын менежментэд анхаарч байх нь чухал байдаг.
Өрхийн эмнэлгийн менежментийн бас нэг чухал асуудал бол бусад байгууллагуудтай хамтран ажиллах явдал юм. Юуны өмнө өрхийн эмнэлгүүд хоорондоо хамтран ажиллах нь чухал. Өрхийи эмнэлэг эрүүл мэндийн анхан шатны тусламжийг 24 цагийн туршид тасралтгүй үзүүлэх шаардлагатай бөгөөд энэ ажлын хүрээнд өрхийн эмнэлгүүдийн хамтын ажиллагаа зохих ашиг тусаа өгдөг болох нь гадаадын туршлагаас ойлгогддог. Нөгөө талаар аж ахуйн зарим үйл ажиллагааг өрхийн эмнэлэг хамтран хэрэгжүүлсэн тохиолдолд зардал хэмнэх боломж нээгддэг. Тухайлбал, эрүүл мэндийн сургалт, сурталчилгааны материалыг ганц нэгээрээ хэвлүүлэх тохиолдолд зардал өндөр байдаг бөгөөд харин хэд хэдээрээ нийлэн олон хувь хэвлүүлбэл ертөг нь хямд байдаг учир зардал тэр хэрээр хэмнэгдэх болно.

Өрхийн эмнэлэг, аймаг, дүүргийн болон клиникийн эмнэлэг, төвтэй хамтран ажиллах тогтолцоо одоогоор бүрдэл болоогүй байна.

Дэлхийн улс орнуудад ерөнхий мэргэжлийн эмч буюу өрхийн эмч нарыг ажиллуулж буй зохион байгуулалтын нийтлэг 4 хэлбэр байдаг байна (1).

1.    Өрхийн эмч ганцаараа ажиллах,
2.    Өрхийн эмч нар бусад мэргэжлийн эмч нартай нэг баг болж бие даан ажиллах,
3.    Өрхийн эмч нарыг Эрүүл мэндийн төв дээр ажиллуулах,
4.    Өрхийн эмч нарыг амбулатори, поликлиникт ажиллуулах.

Дэлхийн олон орны туршлагаас үзэхэд өрхийн эмч нар ганцаар ажиллах хэлбэр нэлээд түгээмэл байсан боловч сүүлийн үед багаар ажиллах хэлбэр рүү шилжих хандлагатай болсон бөгөөд энэ нь өрхийн эмнэлгийн түвшинд эрүүл мэндийн анхан шатны тусламжийн тасралтгүй байдлыг хангах явдалтай холбогдон гарч ирсэн байна.
Өрхийн эмчийг багийн хэлбэрээр буюу бие даасан өрхийн эмнэлэг хэлбэрээр зохион байгуулж, гүйцэтгэлийн гэрээний үндсэн дээр ажиллуулах хэлбэр Австрали, Англи, Шинэ Зеланди улсад түгээмэл нэвтэрсэн байна (2).
Герман, Франц зэрэг орнуудад өрхийн эмч нар голчлон ганцаар гэрээ байгуулан ажиллах явдал давамгайлдаг бол Бельги, Голланд, Дани, Унгар, Ирланд зэрэг орнуудад өрхийн эмч нарыг багийн хэлбэрээр ажиллуулж байна.
Киргиз улсад өрхийн эмнэлгийг бие даалган зохион байгуулж байгаа боловч өрхийн эмч нарыг бусад нарийн мэргэжлийн эмч, тухайлбал хүүхэд, эмэгтэйчүүдийн эмч нартай нэг баг болгон ажиллуулж байна.
Өрхийн эмч нар нь дэлхийн улс орнуудад эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг иргэдэд хүргэхээр зохион байгуулалт, үйл ажиллагааг нь чиглүүлсэн байдаг бөгөөд ЭМАШТ-ийн менежментийг хэр зэрэг чадварлаг явуулахаас тэдний амжилт ихээхэн шалтгаалдаг байна. Өрхийн эмч нарын үзүүлж байгаа тусламж, үйлчилгээ буюу эрүүл мэндийн анхан шатны тусламжид ямар ямар түсламж, үйлчилгээ багтдагийг ДЭМБ-ын “Эрүүл мэндийн хөгжлийн үзэл баримтлал “ хэмээх баримт бичигт дор дурдсан үндсэн 8 элемент багтдаг гэж тодорхойлжээ (3). Үүнд:

1.    Эрүүл мэндийн боловсрол олгох ажил
2.    Хоол тэжээлийн асуудал
3.    Эрүүл мэндийн наад захын шаардлага болон ундны аюулгүй усаар хангагдсан байх
4.    Эх нялхасын эрүүл мэндийн тусламж, гэр бүл төлөвлөлт
5.    Вакцинжуулалт
6.    Нийтлэг тохиолддог өвчин эмгэг, осол гэмтлийг эмчлэх
7.    Зайлшгүй шаардлагатай эмийн хангалт
8.    Нутагшмал өвчнөөс сэргийлэх

Одоо дэлхийн улс орнуудын өрхийн эмчийн тусламж, үйлчилгээ нь үндсэндээ эрүүл мэндийн анхан шатны тусламжийн 8 элементийн хүрээнд багтаж байгаа юм. Тухайлбал өрхийн эмч нар нь өрхийн эмнэлэг дээрээ өвчтөнийг үзэж зөвлөгөө өгөх, утсаар зөвлөгөө өгөх, өвчтөний дуудлагаар гэрээр нь очиж үзэж, зөвлөгөө өгөх, шаардлагатай өвчтөнийг дээд шатны эмнэлэгт илгээх, эрүүл мэндийн мэдлэг боловсрол олгох сургалт зохион байгуулах, бүртгэгдсэн хүүхдээ сэргийлэх тарилгад хамруулах, өвчтөнийг эмчлэх зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг. Түүнчлэн төрөл бүрийн наад захын шинжилгээ хийх, жижиг мэс ажилбар, боолт хийх, хамар, нүд, чихнээс гадны биет авах, катетараар шээс авах зэрэг олон төрлийн үйлчилгээ үзүүлж байна. Жишээ болгож Дани улсын хэмжээнд болон Копенгаген хотын өрхийн эмч нарын үйл ажиллагаанд 1987 онд хийсэн судалгааны дүнг дор харуулав (4).

Хүснэгт 1. Дани улсын хэмжээгээр болон Копенгаген хотын өрхийн эмнэлэгүүдээс бүртгэгдсэн иргэдэд долоо хоногт үзүүлсэн тусламж үйлчилгээ  (1000 хүнд ногдож буй үйлчилгээ, 1987 оны 3 дугаар сарын байдлаар)

Хүснэгт 2. Долоо хоногт өрхийн эмнэлэгээр үйлчлүүлэгч 1000 хүнд ногдож буй оношлогоо, эмчилгээ (1987 оны 3 дугаар сарын байдлаар, Копенгаген хот, Дани улсын хэмжээгээр)

Өрхийн эмч нараас тусламж, үйлчилгээ авч байгаа иргэдийн 30 хувь нь дараагийн шатны эмнэлэгт илгээх шаардлагатай байдаг байна (5).

Австрали улсад өрхийн эмчийн хүрэлцээ сайжирсны зэрэгцээ 1985-1995 онуудад өрхийн эмчид үзүүлсэн нэг иргэний дундаж үзлэг 4,1 -2,5 болж өссөн байна (6). Австралийн томоохон хотын өрхийн эмч жилдээ 6985 үзлэг, мужийн өрхийн эмч нар жилдээ 6260 үзлэг хийх болсон байна (7).
Голланд улсад өрхийн эмнэлэгт бүртгүүлсэн даатгалтай иргэд өрхийн эмчдээ жилдээ 3,7 удаа үзүүлжбайна (8). Эмнэлэг тхэвтэн эмчлүүлэгчдийн 10 хувь нь цаашид гэрээр үргэжлүүлэн эмчлүүлэх шаардлагатай байдаг байна.

Хүснэгт 3. Голланд улсад өрхийн 106 эмчийг хамруулан 1998-1999    онд 6 сарын хугацаанд хийсэн судалгаагаар 1000 өвчтөнд ногдох лавлагаа тусламжид илгээсэн өвчтөний тоо (мэргэжлийн төрлөөр)

Хүснэгт 4. Дэлхийн зарим орны өрхийн нэг эмчид ногдож байгаа бүртгүүлсэн иргэдийн тоо

Хүснэгт 5. Монгол улсын өрхийн эмнэлгийн 2002 оны зарим үзүүлэлтийг Дани улсынхтай харьцуулвал:

Орчин үед ЭМАШТ нь Эрүүл мэндийн даатгалтай холбогдох болсноор өрхийн эмнэлгийн менежмөнттэй холбогдсон шинэ асуудал дэвшигдэн гарч ирэх боллоо.
Дэлхийн улс орнуудад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг санхүүжүүлэх хөрөнгийг (i) шууд төлбөр, (ii)    эрүүл мэндийн хувийн даатгал, (iii) улсын эрүүл мэндийн даатгал (iY) татвар буюу төсөв гэсэн үндсэч 4 эх үүсвэрээс бүрдүүлж байна (9).
Зах зээлийн харилцаа хөгжсөн улс орнуудад өрхийн эмнэлэг, эмчийг нэг иргэнээр тооцсон зардлын нормативаар санхүүжүүлэхдээ орон нутгийн төсөв, эрүүл мэндийн даатгалын сангийн аль нэгээс нь эсхүл энэ хоёрын аль алинаас нь хувааж санхүүжүүлэх аргыг хослуулан хэрэглэж байна. Тухайлбал Унгар улс хувийн хэвшлийн өрхийн эмчийн үйлчилгээг саяхнаас шинээр бий болгож, нэг иргэнээр тооцсон төлбөрийн аргыг шинээр нэвтрүүлж байна. Тус улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж нь өрхийн эмч нарыг хувьчлалд оролцуулж, улмаар орон нутгийн засаг захиргаа, эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсны үндсэн дээр өрхийн эмчийн тусламж, үйлчилгээг иргэдэд үзүүлэх нөхцлийг бүрдүүлж өгсөн байна. Өөрөөр хэлбэл, өрхийн эмчийн үзүүлж байгаа тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тогтолцоо нэвтэрсэн байна.
Герман улсад өрхийн эмч нарыг эрүүл мэндийн даатгалын сангаас нэг иргэнээр тооцсон зардлын тарифаар санхүүжүүлэх, эсхүл даатгалтай иргэдэд даатгалын сангаас нөхен төлбөр олгох аргыг хэрэглэж байна.
Тайланд улс эрүүл мэндийн даатгалын хүрээнд хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламжийн нийт зардлыг нэг иргэнээр тооцсон тарифаар эмнэлгүүдэд хуваарилдаг бөгөөд эмнэлгүүд хэвтүүлэлтээ багасгаж, иргэдэд эрүүл мэндийн анхан шатны хямд төсөр, хүртээмжтэй тусламж үзүүлж зардлаа хэмнэхийн тулд ерөнхий мэргэжлийн эмч нарын явуулын үйлчилгээг бүртгүүлсэн хүн амынхаа дунд өргөнөөр зохион байгуулж байна (10). Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн анхан шатны тусламжийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас ийнхүү санхүүжүүлэх болсон байна.

Өнөөгийн байдлаар Их Британи. Дани Голланд улс өрхийн эмч нарт эрүүл мэндийн даатгалтай бүртгүүлсэн иргэдийн тоогоор тооцон нэг иргэнээр тооцсон зардлыг сараар, бөөн дүнгээр эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж байна. Шинэ Зеланд улсад эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэгч өрхийн эмч нарт эрүүл мэндийн даатгалын сангаас хэсэгчилсэн нехөн төлбөр олгодог байна. Энэтхэг улсад “Хуваарилалтын хороо" хэмээх тусгай байгууллагад өрхийн буюу ерөнхий мэргэжлийн эмч нар бүртгүүлж, эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх эрх авдаг бөгөөд ийм эмч нарт иргэд гэр бүлээрээ бүртгүүлдэг ба бүртгүүлсэн нэг гэр бүлд жилдээ 50 рупийгээр тооцсон тарифаар эрүүл мэндийн даатгалын сангаас өрхийн эмч, ерөнхий мэргэжлийн эмч нарыг санхүүжүүлдэг байна. Индонез улсад хувийн хэвшлийн байгууллагад ажиллагсдын эрүүл мэндийн тусламжийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд тэрхүү хөтөлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлдэг байна. Эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлдэг ерөнхий мэргэжлийн эмч нарт нэг иргэнээр тооцсон тарифаар дээрх хөтөлбөрөөс санхүүжилт хийдэг. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлж буй ерөнхий мэргэжлийн эмч нар эрүүл мэндийн даатгалын сангаас нэг иргэнээр тооцсон тарифаар санхүүжилт авдаг байна.
Филиппин улсад ерөнхий мэргэжлийн эмч нар үзүүлсэн тусламж бүрийнхээ тарифын дагуу санхүүжилтээ эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжлэн авдаг байна (11). Эдгээр мэдээллээс үзэхэд дэлхийн олон оронд өрхийн эмч, ерөнхий мэргэжлийн эмч нарын үзүүлж буй эрүүл мэндийн анхан шатны тусламжийн зардлыг эрүүл мэндийн даатгалаас янз бүрийн хэлбэрээр санхүүжүүлэх тогтолцоо нэлээд нийтлэг болсон байна.

Дүгнэлт
1. Манай улс дэлхийн улс орнуудын энэхүү ерөнхий чиг хандпагын дагуу өрхийн эмнэлгүүдийн үзүүлж байгаа эрүүл мэндийн анхан шатны тусламжийн зардлын тодорхой хэсгийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх хууль эрх зүйн орчин бүрдүүлэн хэрэгжүүлснийг эрүүл мэндийн анхан шатны тусламжийн санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, түүний тогтвортой байдлыг сайжруулах талаар авч хэрэгжүүлж байгаа бодлогын чанартай өөрчлөлт гэж үзэж байна.
2. Цаашид өрхийн эмнэлгийнхэн, ялангуяа өрхийн эмч нар дараахь хэдэн асуудалд чухалчлан анхаарах нь зүйтэй гэж үзэж байна. Үүнд:
3. Хамт олон, өрх, хувь хүнд эрүүл мэндийн чанартай тусламж үзүүлэх зорилтынхоо хүрээнд нэгдэн ажиллах,
4. Иргэд өөрсдийн эрүүл мэндийн төлөө хариуцлага хүлээх, өөртөө тусламж үзүүлэх, хараат
бус байдлыг дэмжих зорилтыг хангах үүднээс өвчтөнтэй нягт түншлэлийг бий болгох,
5. Орчин үеийн дэвшилтэт технологи, электрон холбооны хэрэгсэл ашиглан тусламж, үйлчилгээ үзүүлэгчидтэй холбоо тогтоох, мэдээллийг өргөн ашиглах замаар өвчтөнүүдэд чанартай тусламж, үйлчилгээ үзүүлэх.
6. Эрүүл мэндийн анхан шатны тусламжийг хөгжүүлэх санаачлагыг бий болгон зардлыг стационарын тусламжаас хамт олны эрүүл мэндийн тусламжид шилжүүлэх замаар өвчтөнд сайн тусламж үйлчилгээ үзүүлэх боломжийг бий болгох.
7. Судалгаа, үнэлгээ-шинжилгээ, сургалтын ажилд өргөнөөр оролцох,
8. Бусад мэргэжлийн эмч нартай өргөн харилцаатай ажиллаж, тэдэнтэй илэн далангүй байж, тэднийг хүндэтгэх,
9. Бүртгүүлсэн иргэдийнхээ эрүүл мэндийн тусламжийг зохицуулахад голлох үүрэг гүйцэтгэх, иргэдийн эрүүл мэндийн тусламжийг цогц байдлаар зохион байгуулж, багийн хэлбэрээр ажиллах арга барилыг түлхүү анхаарах,
10. Өрхийн эмчээр ажиллах болсноороо бахархаж байх

Ном зүй

1. International Consultant s Report on Health Care Financing, HSDP, MON, 2000
2. Б.Оргил, Ц.Мухар, Эрүүл мэндийн анхан шатны тусламж, Улаанбаатар, 2002, 192-195
3. Concepts of Health Development, WHO 50th Anniversary, WHO, 1998, p-4
4. Changing the payment system of General Practitioners /Henk A. Flierman. /Utrecht: NIVEL, Nederlands. 1991. x.31
5. Julian Le Grand, Competition, Co-operation or Control? Tales from the British National Health Service, Health Affairs, May/June 1999-volume 18. N3 PP 38.
6. Jane Hall, Incremental Change In The Australian Health Care System, Health Care System, Health Affairs, May/June 1999-Volume 18, N3, p 107
7. General practice, Commonweaith Australia, 1998, .P115
8. Diana baria Johanna Delnoij, Physician payment systems and cost control, 1994, Utrecht; NIVEL, Nederland’s, 20-21
9. Introduction to concepts and analytical tools of health sector reform and sustainable financing. The center for Health Economics, Chulalongkorn University, Thailand, 1998, pp-114
10. Howard Barnum, Jozeph Kutzin, Helen Saxenian, Incentive and provider payment methods, 1995, World Bank, HROWP51, pp 7-15
11. Aviva Ron, Brain Abel-Smith, Giovanni Tamburi, Health Insurance in Developing Countries, Geneva, 1993 pp. 8-11; 109-199
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Ц.Мухар


Нийтлэлийн нээгдсэн тоо: 4389
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК