Тусламж үйлчилгээний явцад үүсэх алдаанаас эмнэлэг урьдчилан сэргийлж чадахгүй байна.
Мэс заслын өвчтөн бүрийн хувьд энэ бол хар дарсан зүүд. Иймэрхүү явдал Rhode Island-ийн эмнэлэгт л гэхэд 3 удаа болжээ.
Associated Press-ийн мэдээлснээр тус эмнэлэгт эмч өвчтөний тархинд хийхээр төлөвлөсөн мэс заслыг буруу талд нь хийсэн тохиолдол 2007 онд гурван удаа гарсан бөгөөд Эрүүл мэндийн яамнаас тус эмнэлгийг хатуу донгодон 50.000$-оор торгосон байна.
Харин эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой иймэрхүү алдаануудын улмаас гарсан том хэмжээний хохирол харьцангуй цөөн тохиолддог нь бидний аз юм. Гэвч иймэрхүү алдаанууд гараад байгааг дээрх тохиолдол гэрчилнэ.
Бүх эмнэлгүүд иймэрхүү алдаа гаргадаггүй нь ойлгомжтой боловч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд үнэлгээ хийдэг HealthGrades компани эмнэлгийн баримт бичиг, өвчтөний түүх зэрэг материал дээр үндэслэн эмнэлэгт үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдийн 3% нь эмнэлгийн алдаанд өртөх эрсдэлтэй болохыг тогтоосон байна.
Тухайн судалгааны тайланд эмчилгээ үйлчилгээний алдаанд өртсөн 4 өвчтөний 1 нь тухайн алдаанаас болж нас барах магадлалтайг илэрхийлсэн бөгөөд улмаар 2003-2005 оны хооронд нийтдээ 247.662 өвчтөн хангалттай урьдчилан сэргийлж болох асуудлаас болж нас барсан гэсэн дүгнэлтийг HealthGrades гаргажээ.
АНУ-ын Эмнэлгийн Холбооны эмчилгээний чанар болон өвчтөний аюулгүй байдлын бодлогын асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Nancy Foster “Бид хэн нэгнийг эмнэлгийн тусламж авах үедээ гэмтэж, хохирохыг хүсэхгүй ч, ямар алдаа яаж гарахыг хэлж чадахгүйгээр үл барам, урьдчилан сэргийлж чадахгүй хэвээр л байна.” гэжээ.
Тэрээр цааш нь “мэс засал хийхээс өмнө өвчтөний бие дээр тэмдэглэгээ хийж, мэс заслын өрөөнд орсныхоо дараагаар дахин хянах удирдамж зэрэг алдаа гарахаас хамгаалсан, урьдчилан сэргийлсэн олон тооны үйл ажиллагааг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж байгаа ч ихээхэн хохирол, хүний амь насыг дагуулсан алдаанууд гарсаар л байна.” хэмээсэн.
2005 оны 1-р сараас 2008 он хүртэлх хугацаанд Massachusetts мужийн эмнэлэгт буруу өвчтөнд, эсвэл эрхтэний буруу талд мэс засал хийсэн болон буруу мэс ажилбар хийсэн 36 тохиолдол гарсан байна. Энэ мэтээр АНУ-д эмнэлэг болон эмчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол, хэрэг жилд 85.000 гаруй үүсгэгддэг байна.
Шүүхийн статистикийн албанд бүртгэгдсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотойгоор үүссэн нийт алдааны 90%-ийг алдаатай үйл ажиллагаанаас болоод эрхтэн гэмтсэн, үйл ажиллагааны алдагдалтай болсон өвчтөнүүд болон нас барсан хүний ар гэрийнхнээр мэдээлэгдсэн байдаг байна.
Эмнэлгийн алдааны талаарх нийт гомдлын тал хувь нь (50%) мэс заслын эмч нарын үйл ажиллагаатай холбоотой байдаг байна. Харин 33% нь мэс заслын бус эмч нарт хамааралтай байсан байна.
Америкийн Анагаахын Холбооны сэтгүүлээс (JAMA) өвчтөний үхэлтэй холбоотой эмнэлгийн алдааны талаарх өгүүлэл хэвлэгдсэнээс авч үзвэл жил бүр:
- 106 мянган өвчтөн эмчилгээний сөрөг үр дүнгээс шалтгаалан,
- 80 мянган өвчтөн эмнэлэгт байхдаа авсан халдвараас буюу эмнэлгээс шалтгаалсан халдварын хүндрэлээр,
- 20 мянган өвчтөн эмнэлгийн үйл ажиллагааны алдаанаас болж,
- 12 мянган хүн шаардлагагүй мэс засал эмчилгээний улмаас,
- 7 мянган өвчтөн эмчилгээ буруу хийгдсэн, эмийг буруу хэрэглэсэн болон буруу эм хэрэглэснээс эмнэлэгт нас бардаг байна.
Ийнхүү жил бүр нийт 225 мянган үхэл эмнэлгийнхний үйл ажиллагааны ямар нэгэн хайнга байдалтай холбоотойгоор үүсэж байгаа ба энэ тоо жил ирэх тутам өсөж байна хэмээн дурджээ.
2006 онд АНУ-ын Үндэсний академийн АУ-ы хүрээлэнгээс гаргасан мэдээнд эмнэлгийн алдааны хамгийн их хувийг эмчилгээний алдаа, ялангуяа эм хоорондын харилцан үйлчлэлийг тооцоогүй алдаа эзэлж, энэ нь жилд 1.5 сая хүнд ямар нэгэн байдлаар эмгэг үр дүн, хохирол үүсгэх төдийгүй үхлийн шалтгаан болж байгааг ишилсэн байна.
Өгүүллээс харахад эдгээр тоон үзүүлэлтийн эсрэг өвчтөнүүд маань хэрхэн өөрийгөө хамгаалах талаар илүү бичсэн байгаа бөгөөд үнэхээр АНУ зэрэг хууль нарийн хөгжсөн улс оронд эмнэлгийн алдаа, түүнээс хохирогчдын талаар мэргэшсэн сайн хуульч аваад өөрийн хохирлыг төлүүлэх боломж их.
Манай улсад ч гэсэн нэлээдгүй тооны хэргүүд эмч болон эмнэлгийн эсрэг үүсдэг боловч дээрх шиг нэгдсэн статистик тоо олж авах гээд чадсангүй. Иймэрхүү тоо баримт маш нууц байдаг эсвэл Монгол улсад, тэр тусмаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бодлого барьж буй Эрүүл мэндийн яаманд бодлого төлөвлөх, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх, дүгнэхдээ ашигладаггүй юм байлгүй дээ гэсэн дүгнэлтэнд миний бие хүрлээ.
Ингээд АНУ-д маш цөөн тохиолддог боловч сүүлийн 15 жилд тохиолдсон өвчтөний амь нас, амьдралд маш хүнд хохирол учруулсан эмнэлгийн алдаануудыг АBC News мэдээлснээс заримыг нь доор сийрүүлэн бичлээ. Та бүхэн дор бүрнээ нэгийг тунгаах бизээ.
Хувь заяа гурав дахь удаагаа “Rhode Island” эмнэлгээс нүүр бурууллаа. Орон нутгийн агентлагийн мэдээлснээр, хэдийгээр баасан гаригт компьютерийн томографийн шинжилгээгээр өвчтөний толгойн зүүн хэсэгт цус алдаж буйг илрүүлсэн боловч, мэдрэлийн мэс засалч өвчтөний толгойн баруун хэсгийг өрөмдөж мэс заслыг эхлүүлжээ.
Резидент эмч өөрийнхөө алдааг эрт мэдсэнээр эхний өрөмдсөн хэсгээ бөглөж, улмаар толгойн зүүн хэсэг рүү мэс ажилбарыг шилжүүлсэн байна. Бүтэн сайн өдөр гэхэд өвчтөний биеийн байдал гайгүй байсан.
Associated Press мэдээлснээр “Ийм явдал байнга тохиолдож байгаад үнэхээр их санаа зовж байна” гэж “Health for Lifespan” корпорацийн захирал David R.Gifford хэлжээ. Даваа гаригт АР-ийн мэдээлснээр тус эмнэлэг нь ийнхүү 3 дахь удаагаа алдаа гаргасны төлөө 50.000$-оор торгуулсан байна.
Өнгөрөгч 2 дугаар сард өөр нэгэн эмч мөн л өвчтөний толгойн буруу хэсэгт мэс засал хийж үүний нэгэн адил алдаа гаргасан байна. Мөн 86 настай өвчтөн “Rhode Island” эмнэлэгт хийлгэсэн толгойн буруу хэсэг дэх мэс заслаас болж гурван долоо хоногийн дараа буюу өнгөрөгч 8 дугаар сард хорвоог орхин одсон байна.
7 сарын 30-нд “Rhode Island” эмнэлэг нэгэн нэрээ нууцалсан эрэгтэйн тархи болон гавлын ясны хооронд цус алдаж буйг тогтоон мэс засал хийхээр болсон байна. Мэдрэлийн мэс засалч яаралтай арга хэмжээ авах гэж байгаад тус эрэгтэйн толгойн зүүн хэсэгт мэс засал хийхийн оронд баруун хэсэгт нь мэс засал хийжээ.
Эмч алдаа гаргасан гэдгээ мэдмэгц мэс заслыг толгойн зөв хэсэгт үргэлжлүүлсэн байна. Гэсэн хэдий ч мэс заслаас хойш гурван долоо хоногийн дараа өвчтөн таалал төгсчээ. Анагаахын шинжээчид одоохондоо мэс засал хийхэд гаргасан алдаа нь түүнийг үхэлд хүргэсэн гэдгийг баттай тогтоогоогүй байна.
“Rhode Island”-ын эрүүл мэндийн газрын төлөөлөгчийн хэлж буйгаар мэс засалч 2 сарын турш эмчлэх эрхээ хасуулснаар өнгөрсөн 10-р сард мэс засалд дадлагаар оролцох эрх нь нээгдсэн байна.
“Lifespan” корпорацийн дэд ерөнхийлөгч, ахмад ажилтан Dr.Mary Reich Cooper хэлэхдээ тус эмнэлэгт хэд хэдэн аюулгүйн арга хэмжээ авч байгаа бөгөөд энэ нь зөвхөн мэдрэлийн мэс заслын салбарт биш цаашлаад бусад чухал салбаруудад авагдах болно гэдгийг дурдлаа. Энэ арга хэмжээнүүдийг явуулснаар эмч нар өвчтөний түүхийг байнга харах боломжтой болно. Хэдийгээр саяхан болоод өнгөрсөн эдгээр үйл явдлуудад мөрдөн шинжилгээ хийж байгаа боловч юунаас болсон гэдэг нь тодорхой болно гэж найдаж байна гэжээ.
Жүжигчин Dennis Quaid болон түүний эхнэр Kimberly Buffingtonе-ий аз жаргалтай мөчүүд зовлон, сэтгэлийн шаналлаар солигджээ. Учир нь тэдний мэндлээд удаагүй байсан бяцхан ихрүүдэд цус шингэрүүлэх эм хэтрүүлэн хийж улмаар энэ нь тэднийг үхэлд хүргэх шахсан байна.
11 сарын 12-нд Лос Анжелесийн Cedars-Sinai эмнэлэгт төрснөөс хойш хэд хоногийн дараа Zoe Grace болон Thomas Boone хоёрт венийн судасны катетер бөглөрөхөөс сэргийлж цус шингэрүүлдэг эм болох Гепариныг маш ихээр хэтрүүлэн хийсэн байна. Энэ тухай одуудын сайт болох ТМZ-д анх мэдээлсэн.
Quaid-ийн нэрийг хэлээгүй ч гэсэн эмнэлэг 2 дахь өдөр гаргасан мэдэгдэлдээ гепарины тунг 3 удаа 1000 дахин хэтрүүлэн хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Өвчтөнд буюу хүүхдэд 10 нэгж хийхийн оронд том хүний тунгаар 10 000 нэгжийг хийсэн байна.
Хэрвээ манай эмнэлгийн стандарт, дүрэм, журмыг дагаж мөрдсөн бол гарахгүй байж болох байсан алдаа гэж эмнэлгийн зүгээс мэдэгдсэн байна. Хэдийгээр болсон үйл явдал нь хүний амь насанд хүрээгүй боловч, бид энэ асуудлыг маш ноцтойгоор авч хэлэлцэж байгаа” гэж эмнэлгийнхэн хэлжээ.
Эдгээр алдаанаас урьдчилан сэргийлэх боломжтой ч гэсэн ийм явдал тохиолдсоор байдаг. Хүүхдэд эм захиалахад гардаг алдаа эмнэлэгт ойролцоогоор 6% байдаг бөгөөд ихэнх нь судсаар хийх эмэн дээр гардаг байна.
Тун хэтрүүлж эм хэрэглээд амьд гарах аз өвчтөн болгонд заяадаггүй. Өнгөрсөн жил яг үүнтэй адил алдаанаас болж 3 нярай хүүхэд болох Dawn Jeffries, Demaya Nelson нар нь Indianapolis-ийн Methodist эмнэлэгт амь насаа алдсан.
“Та нар хэний ч хүүхдэд алдаа гаргах ёсгүй. Эмч нар мэргэжлийн байх ёстой. Энэ үйлдэл мэргэжлийн биш байна” гэж Demaya-ийн аав Dejuan Nelson охиноо нас барсны дараагаар хэлжээ.
Энэ тохиолдолд сувилагч нар хүүхдийн гепарины оронд насанд хүрэгчдийн гепариныг хийж байсан нь нэн харамсалтай. Энэхүү 2 эм нь хоорондоо их адил бөгөөд эмийн сангийн ажилчин шүүгээн дээр буруу эмийг байрлуулан тавьснаас энэ явдал болжээ.
“Эцсийн эцэст алдааны гол буруутан нь байгууллага. Энэ бол тогтолцооны алдаа” гэж CEO эмнэлгийн арга зүйч Sam Odle хэлжээ.
Нью-Йоркийн үр тогтоох эмнэлэгт хиймлээр үр тогтоолгосныхоо дараа Nancy Andrews болон түүний нөхөр энэхүү шийдвэр нь тэдний гэр бүлийн амьдралд аз жаргал авчирсан үйл явдал болно гэдэгт итгэлтэй байжээ. Тэд хүүхдийн арьс эцэг эхийнхээ арьснаас мэдэгдэхүйц хар бараан байхыг хүлээгээгүй нь лавтай.
ДНХ-ийн шинжилгээгээр Нью-Йоркийн нөхөн үржихүйн анагаахын үйлчилгээний эмнэлэг нь тохиолдлоор өөр хар арьстан эрэгтэйн спермийг Nancy Andrews-ийн өндгөн эстэй эвцэлдүүлэн үр тогтоосон болохыг тогтоожээ.
Хосууд 2004 оны 10 сарын 19-нд мэндэлсэн Jessica охиныг өөрсдийн хүүхэд хэмээн зөвшөөрч, асран халамжлахаа мэдэгдсэн ч гэсэн тусламж үйлчилгээ үзүүлэхдээ хайнга хандсан хэргээр тус эмнэлгийн удирдлагууд болон эмбриологичдын эсрэг гомдол мэдүүлж, зарга үүсгэсэн байна.
Darrie Eason 35 настай ганц бие эх бөгөөд 2007 оны 12 сарын эхээр CBLPath лабораторийн эсрэг зарга үүсгэжээ. Уг лаборатори 2006 онд тус эмэгтэйг хөхний хавдартай хэмээн оношлосон бөгөөд түүний 2 хөхийг тайрах хэрэгтэй гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Өвчтөн өөрийн оношийн талаар эргэлзэж байснаас дахин эмчид хандсан боловч эмч хөхний хорт хавдар гэдгийг баталгаажуулсан байна.
Мужийн прокурор энэ бүх явдал өвчтөний хөхний сорьцыг хаяглахдаа андуурч, өөр хүнийхтэй солин хадгалсан техникчийн буруугаас үүссэнийг тогтоосон байна. Тухайн техникч болон Eason-ий оношийг баталгаажуулан гарын үсэг зурсан эмч хоёр тус байгууллагаас халагдсан гэж CBLPath –ийн гүйцэтгэх захирал William Curtis мэдэгджээ.
Тус компаний зүгээс гаргасан мэдэгдэлд CBLPath нь бүх өвчтөний асаргаа сувилгааны хамгийн тохиромжтой байдал болон шинжилгээнүүдийн баталгаатай байдлыг Нью-Йоркийн эрх баригчидтай хамтран шалгасныг мэдэгджээ. Энэхүү шалгалтын дүнд тус лабораторит үйл ажиллагааны болоод багажийн хэмжилтийн ямар нэг доголдол илэрсэнгүй хэмээн Нью-Йоркийн эрүүл мэндийн газар мэдэгджээ.
ABC-ийн «Good Morning America»-д өгсөн ярилцлагадаа Eason «Танд хөхний хорт хавдар байхгүй, хөхөө авахуулах шаардлага ч байхгүй гэж хэлсэн үгсийг би байнга санаж байна. Одоо би уйлахгүйн тулд инээх хэрэгтэй гэсэн зарчмыг амьдралдаа мөрдөж байна. Тиймээс ч чадах ядахаараа инээхийг хичээж байна даа” гэж өгүүлсэн байна.
Eason-д тохиолдсон энэ явдал нь түүнд болон бусад олон эмэгтэйчүүдэд иймэрхүү лабораторийн аюулгүй, баталгаат байдлын талаар санаа зовнил авчрах нь дамжиггүй. Тэрээр “Оношийн талаар эргэлзэн, дахин эмчтэйгээ ярилцана гэдэг сайн хэрэг. Гэхдээ давтан биопси хийх нь илүү дээр” гээд гунигтайхан инээмсэглэжээ.
Энэ нь мэс засалчийн алдааны талаар хамгийн ихээр олон нийтийн хэвлэлд нийтлэгдсэн тохиолдол бөгөөд Флорида мужийн Тампа хотод болжээ. Мэс засалч хөл тайрах мэс заслын үеэр 52 настай Вилли Кинг гэгч өвчтөний тайрах ёсгүй буруу хөлийг тайрчээ.
Сүүлд нь мэс засал хийх бэлтгэл ажлаас эхлээд бүхий л зүйл гинжин хэлбэрээр буруу явагдсаныг тогтоосон байна. Мэс засалчид алдааг ухаарах үед мэс засал ид дундаа орж байсан бөгөөд дэндүү оройтсон байсан учир тэр хөлийг тайрахаас өөр аргагүй болсон байна.
Эмчийн аз болоход шүүх эмнэлгийн дүгнэлтээр Кингийн 2 хөлийг хоёуланг нь эрүүл биш байсан, эрүүл гэж үзсэн хөл нь ч бас ампутаци хийлгэх шаардлагатай байсныг тодорхойлсноор мэс засалчийн эрхийг 6 сараар хасаж, 10.000 ам.доллараар торгожээ. Мэс засал болсон Тампа хотын их сургуулийн эмнэлэг Кинг-д 900.000 ам.доллар, мэс засалч өөрийн зүгээс 250.000 ам.доллар өгчээ.
Эмнэлгээс энэ мэдээллийг албан ёсоор мэдээлснээс хойш 12 жилийн дараа анхааруулгын шинэ аргыг хэрэглэх болсон нь давхар хяналтаар баталгаажуулах тогтолцоо, электронжуулсан алдаа багцлах систем, өвчтөний аюулгүйн хэмжүүр болон эмч болон бусад мэргэжилтнийг хянаж байх нэгжид суурилсан өвчтөний аюулгүй байдлыг хянах тогтолцоо юм.
Энэ тохиолдолд эмч нар нисэх хүчний албан хаагч 47 настай Бенжамин Хоунгтоны баруун талын эрүүл төмсгийг тайрчээ.
Хоунгтон зүүн төмсөг өвдөнө, агшиж жижигрээд байна гэсэн зовиурын улмаас эмчид хандаж эмч нар хавдар байж болзошгүй хэмээн болгоомжилж 6 сарын 14-нд мэс заслыг төлөвлөсөн байжээ. Associated Press болон цэргийн эмнэлгийн өвчтөний түүхээс шинжиж үзээд өвчтөнөөс мэс засал хийлгэх зөвшөөрөл авахаас эхлэн мэс заслын өмнө тухайн үед өвчтөнийг хариуцсан эмч мэргэжилтнүүд хагалгааг хийх хэсэгтээ тэмдэглэгээ хийгээгүй зэрэг үйл ажиллагааны явц дахь хэд хэдэн алдааг илрүүлсэн байна.
Мэс засал болсон баруун Лос-Анжелесийн Цэргийн Нэгдсэн эмнэлэг Хоунгтон болон түүний эхнэрийн гомдол гаргасны дагуу 200.000 ам.долларыг хуулийн дагуу нөхөн төлбөр болгон өгсөн байна.
2006 оны 6 сард Массачусетс дэх Майлфорд бүсийн анагаах ухааны төвийн мэс засалч 84 настай эмэгтэйн баруун бөөрийг андууран тайрчээ. Гэтэл хагалгааны дараа цөсний хүүдийг л авах ёстой байсан нь тодорчээ. Хагалгааны дараа өвчтөний биеийн байдал сайжрахгүй байсан нь эргэлзээтэй санагдаж мэс заслын дараах үзлэг хийх үед цөсний хүүдий нь байрандаа хэвээр байгааг хараад л бүгд юу болсныг ойлгосон байна. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр мэс засалч эмч шинжилгээний хариуг буруу ойлгосны улмаас алдаа гаргасан байна.
Азтай тохиолдлоор өвчтөн эдгэрсэн бөгөөд цөсний хүүдийг ч авсангүй. Эмч нарын зөвлөлгөөнөөр цөсний хүүдийг авах мэс засал ч хийх шаардлагагүй байсныг тогтоожээ. Массачесутс мужийн Лицензийн алба уг эмчийн эмчлэх эрхийг хассан боловч дараагаар нь нийт 5 жилийн хугацаанд туршилтын журмаар хагалгаанд орохыг зөвшөөрсөн байна.
Майлфорд бүсийн анагаах ухааны төвийн төлөөлөгчийн өгүүлснээр энэ явдлаас хойш мэс заслын өрөөнд иймэрхүү алдаа гаргахаас сэргийлж олон шаттай аюулгүйн арга хэмжээ авдаг болсон байна. Энэ тохиолдолд үйлчлүүлэгчийн хүсэлтээр эрүүгийн хэрэг үүсгэгдээгүй ажээ.
2003 оны 2 сарын 23-нд 17 настай Жессика Сантиллан охин 2 сарын 7-нд буруу уушги болон зүрх шилжүүлэн суулгасны эцэст нас баржээ. Эрхтэн шилжүүлэх мэс заслын дараахан алдааг засахыг оролдсон боловч тархины гэмтэл нь үхэлд амархан хүргэсэн байна.
Сантиллан охин АНУ руу 3 жилийн өмнө эмчилгээ хийлгэхээр орж ирсэн байжээ. Хэдийгээр охины цусны бүлэг 0 боловч А бүлгийн цустай донороос зүрх болон уушгийг шилжүүлэн суулгах мэс засал хийх нь сайнаар нөлөөлж болох юм гэж хойд Каролинагийн Дурхам хотын их сургуулийн эмч нар үзжээ.
Энэ алдаа нь охиныг комын байдалд оруулсан бөгөөд охинд тохирсон эрхтэнг буцаан шилжүүлж суулгахаас өмнө нас баржээ. Эмнэлэг өвчтөнд тохироогүй эрхтэн шилжүүлэн суулгаснаар хүний амь насанд аюултай алдааг гаргасан байна. Улмаар мэс заслыг хийсэн эмч Жэймс Жагерс охиныг нас барсан бүх хариуцлагыг өөртөө хүлээжээ.
Уг тохиолдлоос хойш 4 жилийн дараагаас Дюкийн Их сургуулийн эмнэлэг өвчтөний аюулгүй байдлыг хангах олон арга хэмжээг нэвтрүүлсэн байна. Эмнэлэг болон өвчтөний аюулгүй байдлын улмаас Дюк их сургуулийн эмнэлэг эрхтэн шилжүүлэн суулгахаас өмнө цусны бүлгийг давхар шалгах аргыг нэвтрүүлсэн нь нэгдсэн улсын эрхтэн шилжүүлгийн бодлого болон зөвшөөрөгдөж бүхий л сүлжээгээр хэрэгжиж эхэлжээ.
Мөн нэмэлтээр Дюк их сургуулийн эмнэлэг нь өвчтөний аюулгүй байдлыг хариуцсан нэмэлт ажлын байрыг бий болгож, өвчтөнүүдийн аюулгүй байдлыг хангах олон давхар аюулгүйн шатлалыг бий болгожээ.
Дюк их сургуулийн эмнэлэг охины ар гэрийнхэнтэй гэрээ байгуулсан боловч энэ талаар ямар нэг мэдээ баримт байхгүй байна.
Эмнэлгийн үйл ажиллагааны алдааны тодорхой хэсгийг эзэлж, АНУ-д гэхэд нэг жилд 80.000 хүний үхэлд буруутгагдаж буй эмнэлгээс шалтгаалсан халдварын талаарх манай улсын тоо баримт, судалгаатай танилцах гээд бараг л олсонгүй. Эмнэлгийн дотоод халдвар нь нянгийн антибиотикт тэсвэртэй байдлыг үүсгэснээрээ эмчилгээ үйлчилгээг улам бүр хүндрүүлдэг төдийгүй өвчтөнийг тахир дутуу болгох, үхэл эндэгдэлд хүргэх аюултай гэдгийг бид сайн мэднэ.
Өндөр хөгжсөн орны эмнэлэгт өвчтөний 5% нь эмнэлгээс шалтгаалсан халдварт өртдөг ба инвазив ажилбар ихсэхтэй зэрэгцэн энэ 8-10% болж ихэсдэг байна. Харин хөгжиж байгаа орнуудад (манай улс зэрэг) дотоод халдварын эрсдэл хөгжингүй орнуудаас 2 дахин их байдаг бөгөөд бүс нутгаас хамааран хэвтэн эмчлүүлэгсдийн 10-40% нь энэхүү халдварт өртдөг байна.
Ингээд бид манай улсад эмнэлгийн дотоод халдварын түвшин ямар байгааг авч үзье. Эрүүл Мэндийн газраас (хуучнаар ЭМХҮТ) авсан тоогоор 2007 онд улсын хэмжээнд 204 ЭШХ гарсан байна. Энэ нь нийт хэвтэн эмчлүүлэгсдийн хэдэн хувь бэ гэдгийг олох шаардлагатай болов. Мэдээж Монгол улсын албан ёсны тоо баримт болох “Эрүүл мэндийн үзүүлэлтүүд-2007” эмхэтгэлээс харлаа. Даан ч нэгдсэн дүнгээр хэвтэн эмчлүүлэгсдийн тоо байхгүй, зөвхөн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийнх байсан учир хэвтэн эмчлүүлэгсдийн тоог нэгтгэж бодох хэрэг гарсан юм.
Анхдагч шатлалд 140897 өвчтөн + Хоёрдогч шатлалд 157137 өвчтөн + Гуравдагч шатлалд 26771 өвчтөн = Нийт 324805 өвчтөн хэвтэн эмчлүүлсэн.
Хэдийгээр ходоод гэдэс дурандах, гуурс тавих, авах зэрэг халдвар тархах боломжтой олон ажилбарыг хийдэг ч амбулаториор эмчилгээ, оношлогоо хийлгэгсдийн тоог нэмсэнгүй. Ингээд улсын хэмжээнд бүртгэгдсэн 204 халдварыг зөвхөн хэвтэн эмчлүүлэгсдийн (324805) тоонд харьцуулан үзэхэд 0.06% гэсэн тоо гарлаа. Зөвхөн хэвтэн эмчлүүлэгсдийн тоонд харьцуулахад. Хэрвээ амбулаториор эмчилж, оношлуулагсдын тоог нэмж бодвол бүр бага тоо гарах нь.
Шууд дүгнэлт 1: Үнэхээр бахархалтай тоо. Монголчууд бид дэлхий түгшээд байдаг эмнэлгээс шалтгаалсан халдвараас бараг л ангижирсан байгаа нь энэ тооноос харагдаж байна. Эмнэлгээс шалтгаалсан халдвар нь жилд хэдэн зуун мянган хүнийг үхэлд хүргэдэг Америк, Япон, Англи зэрэг хөгжингүй орнууд, нийтдээ 1.5 сая хүн эмнэлгийн дотоод халдвараар хүндэрч байгаа (ДОХ-ыг оруулахгүйгээр) дэлхийгээс бид ангид байгаа юм байна.
Шууд дүгнэлт 2: Эмнэлэгт нь нян дамждаггүй дэлхийн цорын ганц орон юм байна гээд “хөөргөөд” бичээд байвал зөндөө л юм бичих нь. Тиймээс больё. Учир нь Монгол эмч, эмнэлэг “дэндүү цэвэр”, халдвар дамжих боломжгүйдээ бус, өвчтөнүүд нь ямар ч халдварыг даваад гарчих “бусад үндэстнээс илүү” дархлаатайдаа ч бус, харин ЭМЯ болон харъяа эмнэлэг, мэргэжилтнүүдийн гаргаад байгаа энэхүү тоо буруу байгаад гэж шууд дүгнэлт хиймээр байна (Хүснэгт 1).
Эрүүл мэндийн газрын Статистик Мэдээллийн албаны мэдээгээр “2008 онд бүртгэгдсэн эмнэлгээс шалтгаалсан халдварын бүтцийг авч үзэхэд улсын хэмжээнд 8 төрлийн эмнэлгээс шалтгаалсан халдварын 264 тохиолдол бүртгэгдсэн. Эмнэлгээс шалтгаалсан халдварт өртөлтийг аймаг, нийслэлд хэвтэн эмчлүүлэгчдээр авч үзвэл аймгуудад 0.4%, нийслэлд 0.5%, улсад 0.4% байна (Эдгээр хувийг хэрхэн гаргасныг ойлгосонгүй). Эмнэлгээс шалтгаалсан халдварын 58% (154) нярайн халдвар, 22% (58) вирүст хепатит, 7% (18) эхийн халдвар, 12% (32) мэс заслын шархны халдвар, 0.3 %-ийг (2) хийт үхшил тус тус эзэлж байна” (Зураг 1) гэжээ.
Энэхүү зураг болон тоон үзүүлэлтээс харахад эмнэлгээс шалтгаалсан халдварыг ямар эмчилгээ, үйлчилгээний үеэр илүүтэй аваад байгааг харуулах гэсэн бололтой. Манайд нярайн халдвар ихэнх хувийг эзэлж, дараагаар нь гепатитийн вирүсийн болон мэс заслын шархны халдвар эзэлж байна. Бусад орон болон ДЭМБ-ын гаргасан тоо баримтуудаас харахад эмнэлгийн дотоод халдвар мэс заслын шархаар, урологийн ажилбарууд (давсганд гуурс тавих) болон трахеостоми, бронхоскопи, гастродуоденоскопи зэрэг дурангийн ажилбарууд, судсаар катетер оруулж оношлох, эмчлэх ажилбаруудаар хамгийн их тархаж байна.
Улмаар тус тайланд “Бүх халдварын 84% (222) нь эмнэлгийн тусламж, үйлчилгээний ажилбар (шүд эмчлүүлэх, үр хөндөлт, мэс ажилбар гэх мэт) хийх явцад халдвар эсэргүүцэх дэглэм зөрчигдсөнөөс дамжсан байна” гэсэн байна. Халдвар эсэргүүцэх дэглэмийг зөрчөөгүй байсан бол энэхүү халдвар (одоогоор бид мэдэхгүй байгаа) дамжихгүй байсан нь энэхүү өгүүлбэрээс харагдаж байгаа ч энэхүү дүгнэлт хэтэрхий ерөнхий, бэлэгдлийн мэт сонсдож байгааг та бүхэн зөвшөөрөх байхаа. Өөрөөр
хэлбэл “Халдвар эсэргүүцэх дэглэмээ л бид баримталчихвал эмнэлгээс шалтгаалсан халдвар байхгүй болно” гэсэн санаа л даа. Зөв өө. Гэхдээ ямар халдвараас яаж хамгаалах гээд байгаагаа мэдэж байна уу гэхээр үгүй юм шиг ээ.
Иймээс эдгээр халдварыг юу үүсгээд байгаа, тэдгээр үүсгэгч нь хэдэн хувийг эзэлж байна, хичнээн төрлийн биет манай эмнэлгүүдэд халдвар түгээгээд байна, яагаад устаад байна, яагаад устахгүй байна гэсэн тоог хайлаа, бас л алга. Эмнэлгийн дотоодод усталгүйгээр оршин, аажимдаа антибиотик эмчилгээнд тэсвэртэй болсноор эмчилгээг хүндрүүлж, ор хоногийг уртасган, олон тооны нэмэлт шинжилгээ оношлогоо шаардаж, өртөг зардлыг нэмэгдүүлэх, өвчний тавиланг бууруулах хүндрэлийг бий болгож буй бактериудыг оношлон, ЭШХ-ын шалтгааны хэдэн хувийг эзэлж буйг тогтоосноор ариутгалыг хэрхэн, ямар бодис ашиглан хийх, эмчилгээг ямар тактикаар хийх, ямар эмийн бодисыг ашиглах вэ? гэдгийг эмнэлгийн тусламж үйлчилгээний бодлогын үндсэн дээр хийх бүрэн бололцоотой юм.
Манай эмнэлгийн практикт өвчтөнд антибиотикийн мэдрэг чанарыг хамгийн энгийн, хямд аргаар үздэг бөгөөд дэлхийн ихэнх оронд бас л энэ аргыг хэрэглэдэг. Энэ нь хамгийн ашигтай хувилбар гэдэг нь тодорхой. Гэвч бидэнд эмнэлгийн дотоодод халдвар үүсгээд байгаа бактериудыг оношлох, тэдгээрийн эсрэг үйл ажиллагааг эрчимтэй явуулж байж эмнэлгээс шалтгаалсан халдварыг багасгах нь юун түрүүнд тавих зорилт болох ёстой.
Бидэнд бага ч гэсэн тоо байна аа. “Улаанбаатар хотод бүртгэгдсэн мэс заслын дараах 10 шархны халдварт нян судлалын шинжилгээ хийснээс Staphylococcus aureus, E.coli тус бүр 40% буюу 8 өвчтөнд, стрептококк (?) 20% буюу 2 өвчтөнд илэрсэн байна. Эдгээр үүсгэгчийн антибиотикт тэсвэржсэн байдлыг тодорхойлоход Staphylococcus aureus, Streptococcus нь ампициллин, пенициллин, оксациллинд 100%, E.Coli нь ампициллин, левомицетинд 100% тэсвэржсэн байна” гэсэн үр дүнгээс эдгээр нянгаар үүсгэгдсэн халдварыг эмчлэхийн тулд өөр антибиотик, өөр эмчилгээний тактик хэрэгтэй болох нь харагдаж байна.
Харамсалтай нь бид ингэж оношлож, үйлчилж чаддаггүйн улмаас эмнэлгийн дотоод халдвар, түүнээс шалтгаалсан хүндрэлийг тооцдоггүй, тооцож мэддэггүй юм шиг байгаа юм. Оношлогооны алдаа нь цаашид нянг эмнэлгийн орчинд, өвчтөнүүдийн хооронд эмнэлгийн багаж тоног төхөөрөмжөөр болон эмч, сувилагчийн гараар тархахад хүргэж, улмаар эмчилгээнд тэсвэртэй нянгийн шинэ омог үүсгэх бололцоог бий болгож байна (Nature 458, 1176-1179 (30 April 2009)).
Саяхан миний таних хүн нэгэн клиникийн нэгдсэн эмнэлэгт бөөрний чулууны улмаас шээс хаагдан эмчилгээ хийлгэсний дараагаар бөөрний буглаа үүсэж биеийн байдал улам хүндэрч, удаан хугацаанд эмчилгээ хийлгэж байж эдгэрсэн. Эмч нар нь “өөрийн чинь биеийн эсэргүүцэл муугаас боллоо” гэж хэлсэн гэсэн. Тэр эмч үнэхээр мэдээд хэлсэн үү?, мэдээгүй хэлсэн үү? бүү мэд. Бидний хувьд энэ бол эмнэлгээс шалтгаалсан халдварын хүндрэл гэдэг нь ойлгомжтой. Энэ тохиолдол Эрүүл мэндийн газрын статистик мэдээллийн албаны мэдээнд багтаагүй нь ойлгомжтой бөгөөд хэрхэн тохиолдлыг бүртгэх нь хүртэл шинжлэх ухааны үндэстэй хийгдэх зайлшгүй гэдгийг харуулж байгаа явдал юм.
Эмнэлгээс шалтгаалах халдварын гол үүсгэгчид нь ихэнхдээ антибиотикт тэсвэртэйгээс гадна одоо хэрэглэж буй шинжилгээний энгийн аргуудаар илрэх магадлал багатай гэсэн шинж чанарыг агуулсан байдаг байна. Эмнэлгийн дотор хамгийн ихээр тархан халдвар үүсгэгчдийг жагсаавал:
Хамгийн алдартай нян нь болох Staphylococcus aureus (грам эерэг): Эмнэлгийн мэргэжилтнүүд болон өвчтөнүүдийн арьс, хамранд “амьдардаг” бөгөөд уушиг, зүрх, ясны эдэд халдвар үүсгэн өвчлүүлэхээс гадна болон цусны урсгалаар тархдаг байна. Антибиотикт тэсвэртэй. Ялангуяа метицилинд тэсвэртэй болон олон эмэнд тэсвэртэй бүлгүүд нь эмчилгээнд ихээхэн хүндрэл учруулж байгаа. Манайд өргөн тархсан байх магадлал өндөр.
Эмчлэх болон оношлоход хамгийн төвөгтэй гэж “өргөмжлөгдсөн” Clostridium difficile (анаэроб грам эерэг савханцар): 1000 өвчтөнд дунджаар 13 хүнийг өвчлүүлэн, тээгч болгодог, үхжил (гангрен) үүсгэх гол шалтгаан болдог. Манайд өргөн тархсан байх магадлал өндөр. Гадаадын судалгааны өгүүллээс харахад эх хүүхдийн эмнэлэг болон гэмтэл, хөдөө орон нутгийн эмнэлгээр тархах боломжтой. Илрүүлэхэд төвөгтэй. Нийт тохиолдлын 25% нь л илрэх магадлалтай.
Грам сөрөг нянгын эмнэлгийн дотоод халдварын гол төлөөлөгч нь Escherichia coli, Proteus, Klebsiella, Enterobacter: Ихэвчлэн эзэн биеийн (өвчтөний) хамгаалах хориг гэмтэж суларсан үед биед нэвтрэн, үржинэ (катетер судсаар оруулах, давсганд катетер тавих). Мэс заслын шарх, уушгиар дамжин хүнд хэлбэрийн халдвар бактереми үүсгэдэг. Эмнэлгийн дотоод халдварын ихэнх хувийг эзэлсэн байх магадлалтай. Ялангуяа клиникийн нэгдсэн эмнэлгүүд, хувийн төрөлжсөн эмнэлгүүдэд тархах боломж өндөр.
Сүрьеэгийн (Mycobacterium tuberculosis) халдварын 20 орчим хувь нь эмнэлгийн дотоод халдвараар дамжсан байдаг ба сүүлийн үед Эмэнд дасалтай сүрьеэгийн халдварын тархалт эмнэлгийн нөхцөлд явагдаж байна (Drug-resistant tuberculosis: etiology, management and prevention. Semin Respir Infect 9 (2): 104–12.) гэсэн дүгнэлт гарсан байна. Япон улсад гэхэд л дээрх халдвар зөвхөн халдвартын эмнэлэгт бүртгэгдсэнгүй, сэтгэцийн, чих хамар хоолойн болон бусад ортой эмнэлгүүдэд бүртгэгдсэн нь Японы ЭМЯ-ыг цочролд оруулж байсан байна. Харин манайд ямар байгаа бол? Эмч болон эмнэлгийн мэргэжилтнүүд энэ халдварт өртөх магадлал хамгийн их байдаг.
Эмнэлгийн багаж хэрэгсэл, ялангуяа дурангийн багажуудаар Mycobacterium tuberculosis, Salmonella, Pseudomonas aeruginosa зэрэг бичил биетүүд их тархдаг байна. Ялангуяа Pseudomonas aeruginosa нь 1000 өвчтөнд 4 хүнийг өвчлүүлдэг, ихэвчлэн эмнэлэгт нэг долоо хоногоос дээш хэвтсэн өвчтөнүүдээс илэрдэг ба эмнэлгийн гаралтай уушигны хатгаа, шээсний замын халдвар, суулгалт болон бактереми үүсгэдэг ба хүндэрвэл үхлийн аюултай халдварын шалтгаан болдог.
Олон тооны вирүс, тухайлбал, манайд өргөн тархсан гепатитийн B болон C вирүс (шингэн болон цус юүлэх, диализ, тариа тарих, эндоскопи) мөн RSV вирүс, ротавирүс болон энтеровирүс (амнаас ам зэрэг хүрэлцэх замаар) нар эмнэлгийн дотоод халдварыг үүсгэдэг байна.
Эмнэлгээс шалтгаалсан нянгийн халдварыг эмчлэх гол арга нь антибиотик эмчилгээ боловч антибиотик эмчилгээг зохисгүй, буруу хийснээр антибиотикт тэсвэртэй омгийг эмнэлгийн нөхцөлд бий болгож, улмаар энэхүү халдварт өвчтөнүүд төдийгүй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд өөрсдөө өртөж сүрьеэ, гепатит болон бусад эмгэгүүдээр өвчилж, хүндэрч байгаа нь асуудал болсоор байна.
Тэгвэл бид яах ёстой вэ? Энэхүү сэдвээр ДЭМБ-ийн вэб талбараас авахуулаад бүхий л эмнэлгийн интернет талбар дээр зөвлөмж, заавар, удирдамж, хэлэлцүүлэг байгааг та бүхэн уншиж, эргэцүүлж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхэд болохгүй зүйл байхгүй төдийгүй хийх ёстой хүн, байгууллага нь хэрэгжүүлээсэй хэмээн “орчин цаг” шаардаж байна.
Жич: Хэрвээ энэхүү нийтлэлийн талаар өөрийн санал, хэлцэмж болон шүүмж өгөхийг хүсвэл innovationjournal@pgh.mn хаягаар явуулна уу. Таны бичиглэлийг дараа дараагийн дугаарт нийтлэн хэлэлцүүлэх болно.