Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2015, 17(9-2.)
НАСЖИЛТЫН БОЛРЫН ЦАЙЛТЫН ХЭЛБЭРҮҮД ЭМНЭЛ ЗҮЙН ХИМИЙН ЗАРИМ ҮЗҮҮЛЭЛТТЭЙ ХАМААРАЛТАЙ БОЛОХЫГ СУДАЛСАН БАЙДАЛ
( Судалгааны өгүүлэл )
ҮНДЭСЛЭЛ
Дэлхий даяар анхаарал хандуулах шаардлагатай цөөн хэдэн өвчний 4-рт болор цайх өвчин дангаараа орж байна. 2010 оны байдлаар дэлхий дээр 285 сая хүн харааны алдагдалтай байгаагаас 246 сая хүн сул хараатай, 39 сая хүн сохор байгаа тухай ДЭМБ-аас мэдээлсэн.1 ДЭМБ-ын тодорхойлолтын дагуу Азийн орнуудад нийт хүн амын дундах сохролын тархалтыг судалсан 2004 онд хийгдсэн судалгааны байдлаар Сингапур улсад 0.5%, Малайз улсад 0.3%, Тайвань улсад 0.6%, Монгол улсад 1.5%, Бангладеш улсад 1.5%, Индонез улсад 2.2%, Энэтхэг улсад 4.3% тус тус эзлэж байгаа тухай дурьджээ.1-6 Ж. Баасанхүү нарын хийсэн судалгаагаар 40-өөс дээш насныхны дунд хараа алдалтанд хүргэж буй шалтгаануудаас болор цайх эмгэгийн эзлэх хувь 36.2% буюу хамгийн өндөр хувьтай байгааг тогтоосон байдаг.5 Манай оронд хийгдэж байсан болор цайх эмгэгтэй холбоотой судалгаануудад болор цайлтын хэлбэрийг тодорхойлж байсан ч эмнэл зүйн химийн шинжилгээтэй харьцуулан судлаж байгаагүй нь бид энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо.
АРГА АРГАЧЛАЛ
Уг судалгааг эмнэл зүйд суурилсан тохиолдлын түүврийн аргаар УНТЭ-ийн НСК-ийн тасагт 2010 оны 10 сараас 2011 оны 10 сар хүртэлх хугацаанд хэвтэн эмчлүүлж байсан 50-аас дээш насны катаракттай нийт 278 хүнээс судалгаанд оруулах шалгуурт тохирсон 80 хүнийг сонгон авч судалгаандаа оролцуулсан болно. Бид Хельсинкийн тунхаглалын дагуу боловсруулсан таниулсан зөвшөөрлийн хуудсыг оролцогчдод танилцуулан судалгаанд оролцуулах зөвшөөрөл авчболрын цайлтыг нөхцөлдүүлж болох эрсдэлт эмгэгүүдийн тухай 3 бүлэг, 10 асуулт бүхий судалгааны хуудсын асуумжийн хэсгийг бөглөв. Мөн өвчтөнд хийгдэх болрын мэс заслын заалтыг тодорхойлох үзлэгийн стандартын дагуу Снеллен-ий хүснэгтээр харааг шалгаж, биомикроскоп буюу завсарт гэрэлтүүлгийн багажийн тусламжтай нүдний бүтцийн өмнөд хэсэг (алимны салст, эвэрлэг бүрхүүл, өмнөд хорго, солонгон бүрхүүл ) ба болрыг (богино хугацаанд үйлчлэх мидриацил (Tropicamid-0.5%) эмийг дусаан хүүхэн харааг тэлсэн)шууд ба урвуу гэрэлтүүлгийн аргаар шинжилж олон улсын БЦАС-III-ийг ашиглан болор цайлтын хэлбэрийг тодорхойлон тэмдэглэж, эмнэлэгт хэвтэх үед хийгдсэн эмнэл зүйн химийн шинжилгээний хариуг бүртгэсэн.
ҮР ДҮН
Нийт хэвтэн эмчлүүлэгсдийн дунд катаракттай 278 өвчтөн байснаас судалгаанд оруулах шалгуурт нийцсэн насжилтын болрын цайлттай 80 хүн судлагаанд хамрагдсанаас эрэгтэй 35 (43.7%) ба эмэгтэй 45 (56.3%) байсан. Тэдгээрийн дунд катарактын тохиолдлыг насныг бүлэгтэй харьцуулан үзвэл 70-79 насанд хамгийн элбэг 30 (37.5%) тохиолдож байв (Хүснэгт 1). Судалгаанд хамрагдагсдын дунд болор цайлтын хэлбэрүүдийг тодорхойлоход цөмийнх 48.75% (38), ар талбарынх 41.25% (33), холтослог давхаргын хэлбэр 10% (8) тус тус илрэв. Хүйсийн хувьд авч үзэхэд эмэгтэйчүүдэд цөмийн хэлбэр 57,8%, эрэгтэйчүүдэд ар талбарын хэлбэр 54,3% байгаа нь бусад хэлбэрүүдтэй харьцуулбал статистик ач холбогдол бүхий ялгаатай (p=0.036) байв (Зураг1). Хүснэгт 2-т үзүүлснээр судалгаанд оролцогчдын цусан дахь триглицеридийн хэмжээ их байсан нийт 33 тохиолдлын 19 нь буюу 23.75%-д ар талбарын болрын

цайлттай хүмүүс байгаа нь бусад эмнэл зүйн химийн үзүүлэлтүүд болон болор цайлтын хэлбэрүүдийн харилцан хамаарлаас мэдэгдэхүйц ялгаран харагдаж байгаа төдийгүй статистикийн ач холбогдол бүхий ялгаатай (p<0.05) байв. Насжилтын болор цайлтын хэлбэрүүдийг цусны биохимийн зарим үзүүлэлттэй харьцуулан корреляцийн коэффицинтийг тодорхойлоход цусан дах триглицеридийн хэмжээ их (≥2.6 ммоль/л) байх нь болор цайлтын хэлбэрүүдтэй, тэр дундаа ар талбарын хэлбэртэй шууд хамаарал бүхий статистик ач холбогдолтой болох нь харагдаж байна (p=0.025).
ХЭЛЦЭМЖ
Судалгаанд оролцогчдын хүйсийн хувьд эмэгтэйчүүдэд цөмийн хэлбэрийн болор цайлт давамгайлан илэрч бүртгэгдсэн нь Хятад улсад хийгдсэн болрын цайлтын хэлбэр тус бүрт эрсдэлт хүчин зүйлийг тодруулан судалсан үр дүнд цөмийн болрын цайлттай хүмүүст нас, эмэгтэй хүйс онцгой хамааралтай гэж гарсан үр дүнтэй ижил байв.3 Америкт хийгдсэн судалгаагаар насжилтын катаракттай хүмүүсийн дунд цөмийн болрын цайлт нь хамгийн элбэг тохиолддог хэлбэр бөгөөд түүгээр зогсохгүй болрын мэс засалд орж буй болрын цайлтын хэлбэрийн дийлэнхи нь цөмийн болрын цайлт эзлэж байгаа4, мөн Английн эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүнд цусан дах триглицеридийн хэмжээнээс ар талбарын хэлбэр шууд хамааралтай (р= 0.02) гарсан байдал нь бидний хийсэн судалгааны ажлын үр дүнтэй ижил байна. Харин бусад эмнэл зүйн химийн шинжилгээний үзүүлэлтүүдийн хувьд болор цайлтын хэлбэрүүдтэй харилцан хамаарлыг судалсан тухай Голландын эрдэмтэд цусанд глюкозын хэмжээ их байх нь холтослог давхаргын хэлбэрийг нөхцөлдүүлдэг7 гэсэн нь бидний судалгааны үр дүнгээс ялгаатай байлаа.

ДҮГНЭЛТ
Насжилтын болор цайлтын хэлбэрүүдээс цөмийнх илүү тохиолдож байна. Мөн цусан дах триглицеридийн хэмжээнээс ар талбарын хэлбэр шууд хамааралтай байгаа нь зарим орны судалгааны үр дүнтэй адил байв.
Ном зүй
1. WHO: Global data on Visual Impairment 2010. Available from: http://www.who.int/ blindness/causes/en/
2. Zainal M, Ismail SM, Ropilah AR, Elias H, Arumugam G, Alias D, Fathilah J, Lim TO, Ding LM, Goh PP. Prevalence of blindness and low vision in Malaysian population: results from the National Eye Survey 1996. Br J Ophthalmol. 2002;86(9):951-956.
3. Hsu WM, Cheng CY, Liu JH, Tsai SY, Chou P. Prevalence and causes of visual impairment in an elderly Chinese population in Taiwan:
the Shihpai Eye Study. Ophthalmology. 2004;111(1):62-69.
4. Congdon N, Vingerling JR, Klein BE, West S, Friedman DS, Kempen J, O’Colmain B, Wu SY, Taylor HR. Prevalence of cataract and pseudophakia/aphakia among adults in the United States. Arch Ophthalmol. 2004;122(4):487-494.
5. Baasanhu J, Johnson GJ, Burendei G, Minassian DC. Prevalence and causes of blindness and visual impairment in Mongolia: a survey of populations aged 40 years and older. Bull
World Health Organ. 1994;72(5):771-776.
6. Dineen BP, Bourne RR, Ali SM, Huq DM, Johnson GJ. Prevalence and causes of blindness and visual impairment in Bangladeshi adults: results of the National Blindness and Low Vision Survey of Bangladesh. Br J Ophthalmol. 2003;87(7):820-828.
7. Paunksnis A, Bojarskiene F, Cimbalas A, Cerniauskiene LR, Luksiene DI,Tamosiunas A. Relation between cataract and metabolic syndrome and its components. Eur J Ophthalmol. 2007;17(4):605-614.

Нийтлэлийн нээгдсэн тоо: 317