Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2015, 17(9-2)
ЧИХРИЙН ШИЖИНТЭЙ ХҮМҮҮСИЙН СУДАСНЫ ХӨШҮҮН ЧАНАРТ НӨЛӨӨЛӨХ ЗАРИМ ХҮЧИН ЗҮЙЛСИЙГ ТОДОРХОЙЛОХ НЬ
( Судалгааны өгүүлэл )
ҮНДЭСЛЭЛ
Чихрийн шижин өвчний (ЧШӨ) тархалт манай оронд сүүлийн 20-оод жилийн хугацаанд 20 дахин нэмэгдэн өвчлөл 1999 онд 3%, 2011 онд 8.2 болж ЧШ-ийн шалтгаант нас баралт 2003 онд 32, 2008 онд 65, 2013 онд 127 тохиолдол бүртгэгсэн бөгөөд өвчлөл болон нас баралтын тоо жилээс жилд эрчимтэй нэмэгдсээр байна1,2. ЧШ-тэй хүмүүсийн нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны өвчин (ЗСӨ) бөгөөд өвчлөх эрсдэл ЧШ-гүй хүмүүстэй харьцуулахад гурав дахин их байдаг3. ЗСӨ-ний хүндрэл болон нас баралтаас урьдчилан сэргийлэх үндсэн аргын нэг нь судас хатуурлыг эрт үед илрүүлж оношлох юм. ЧШӨ-тэй хүмүүст сийвэнгийн глюкозын агууламж их байх нь судасны хөшүүн чанарыг (СХЧ) ихэсгэн том болон жижиг судасны гаралтай хүндрэл үүсгэх шалтгаан болдог. Нөгөө талаар таргалалт, тамхины хэрэглээ, артерийн даралт ихдэлт, цусны зуурамтгай шинж чанар (ЦЗШЧ) зэрэг нь эмгэг үйл явцыг дэмжигч хүчин зүйлс хэдий ч тухайн улс орны хүн амын амьдралын хэв маяг, онцлогоос хамааран ялгаатай байх магадлалтай байдаг4,5,6,7. Монгол хүмүүсийн судасны насжилт Япон хүмүүстэй харьцуулахад наснаасаа түрүүлж явагддаг нь магадгүй ЧШӨ-тэй хүмүүсийн хувьд СХЧ-ыг улам алдагдуулан улмаар ЗСӨ үүсгэх эрсдлийг нэмэгдүүлдэг байж болох юм8,9. Анх 2006 оноос манай оронд эмнэлзүйн практикт зүрх-шагайн судасны индекс (ЗШСИ) болон гүрээний артерийн ханын зузааныг хэмжин СХЧ-ыг тодорхойлж эхэлсэн хэдий ч ЧШӨ-тэй хүмүүст хийгдсэн судалгаа ховор байдаг8,9. Цусны зуурамтгай шинж чанар (ЦЗШЧ) ихсэх нь судасны хүндрэл үүсгэх нэг шалтгаан бөгөөд улаан эсийн агрегац болон хэлбэр өөрчлөгдөх чадвар хэвийн байгаа үед гематокритын хэмжээ ЦЗШЧ-ын 67-84%-ийг тодорхойлдог учир ЦЗШЧ-ыг шууд дүгнэж болохуйц үзүүлэлтүүд хэмээн судлаач нар үздэг10,11. Иймээс чихрийн шижин хэв шинж (ЧШХШ) II-той хүмүүсийн СХЧ-ыг тодорхойлон түүнд нөлөөлөх зарим хүчин зүйлсийн хамаарлыг судлах нь бидний судалгааны зорилго юм.
АРГА, АРГАЧЛАЛ
Судалгааг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Эмгэг бүтэц, үйл судлалын тэнхим, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн эмнэлгийн Дотоод шүүрлийн клиникийг түшиглэн эмнэлэгт суурилсан, нэг агшингийн судалгааны аргаар хийсэн. Судалгаанд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан оношийн шалгуурын дагуу ЧШХШ II онош батлагдсан, дотоод шүүрлийн эмчийн хяналтанд байдаг 27-55 насны (дундаж нас 46.7 ± 7.2) нийт 52
хүнийг хамрууллаа. Судалгааны үр дүнг нарийвчлан судлах зорилгоор артерийн гипертензи (АГ) өвчин оношлогдсон байдлаар нь АГ өвчтэй (78.8%) болон хэвийн даралттай (21.2%) 2 бүлэг болгон СХЧ-ыг тодорхойллоо.
Судалгааны мэдээ, материалыг:
• Асуумжийн аргаар нийт 3 бүлэг, 46 асуултаар өвчтөний тухай ерөнхий мэдээлэл, ЧШӨ-ний хүндрэлд нөлөөлх хүчин зүйлс болох тамхидалт, хооллолт хөдөлгөөний идэвх, эмийн хэрэглээ болон өвчний түүхийн талаарх мэдээллийг цуглуулсан.
• Антропометрийн хэмжилтээр биеийн жин, өндөр, биеийн жингийн индекс (БЖИ), хэвлийн тойрог (ХТ), артерийн даралт, зүрхний цохилтын тоог (ЗЦТ) тодорхойлов.
• Лабораторийн шинжилгээ буюу цусны дэлгэрэнгүй шинжилгээгээр ЦЗШЧ-ыг тодорхойлох зорилгоор цагаан эс, улаан эсийн тоо, гемоглобин, гематокрит, ялтас эсийг хэмжээг тодорхойлсон.
• Багажийн шинжилгээгээр: СХЧ-ыг илтгэх үзүүлэлт болох зүрх-шагайн судасны индексийг VaSera VS-1000 багажаар (FUKUDA DENSHI, Japan) тодорхойлсон.
• Статистик боловсруулалтыг IBM SPSS Statistics 19 програм ашиглан энгийн шугаман хамаарал болон олон хүчин зүйлсийн хамаарлын анализын аргаар хийж гүйцэтгэв.
ҮР ДҮН
Судалгаанд хамрагдсан нийт хүмүүсийн 57.7% (n=30) нь эрэгтэй, 38.5% (n=20) нь ЧШӨ-ний удамшлын өгүүлэмжтэй, 30.8% (n=16) тамхи татдаг, 32.7% (17) нь таргалалттай (БЖИ > 30), эрэгтэйчүүдийн 86.6% (ХТ > 90см), эмэгтэйчүүдийн 86.4% нь төвийн таргалалттай (ХТ > 80см) байсан. ЗШСИ нь нийт хүмүүсийн 19.2%д нь лавламж хэмжээнээс ихэссэн байв. Судалгаанд хамрагдагсдын ерөнхий үзүүлэлтүүдийг Хүснэгт 1-д харуулав. СХЧ-т нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох зорилгоор энгийн шугаман регрессийн аргаар анализ хийхэд судалгаанд хамрагдсан нийт хүмүүсийн ЗШСИ -д нас (r=0.65 p=0.001), өвчний үргэлжилсэн хугацаа (r=0.32 p=0.021), систолын даралт (r=0.54 p=0.001), диастолын даралт (r=0.54 p=0.001), улаан эсийн тоо (r=0.31, p=0.02) болон гематокрит (r=0.32, p=0.02)ын хэмжээ статистик ач холбогдол бүхий эерэг хамааралтай байлаа.СХЧ-т чанарт хүчтэй нөлөөлөх хүчин зүйлсийн нэг артерийн даралт учир судалгааны үр дүнг нарийвчлан судлах зорилгоор даралт ихдэлтээр 2 бүлэгт хуваан харьцуулалт хийхэд БЖИ, ХТ болон ЗШСИ нь АГ-тэй бүлгийн хүмүүст АГ-гүй хүмүүстэй харьцуулахад статистик ач холбогдолтойгоор ихэссэн байв. Ерөнхий үзүүлэлтүүдийг Хүснэгт 2-т харуулав. ЧШ-ийн эмнэлзүйн удирдамжийн дагуу глюкозжсон гемоглобины (HbA1C) хэмжээ 7.5%-ээс дээш байх нь өвчний хяналт муу байгааг илтгэдэг бөгөөд нийт хүмүүсийн 88.5% хяналт муу байлаа.
.png)
ХЭЛЦЭМЖ
Бид энэхүү судалгаагаар ЧШХШ 2-той хүмүүсийн СХЧ нь нас, өвчний үргэлжилсэн хугацаа, артерийн даралт болон ЦЗШЧ-аас хамаарч ихсэх хандлагатайг илрүүлэн эдгээр хүчин зүйлүүдээс артерийн даралт, биеийн жин илүүтэйгээр нөлөөлж байгааг тодорхойллоо. Нөгөө талаар судалгаанд хамрагдагсдын 88.5% хяналт муу байгаа нь ЧШӨ-ний хүндрэл үүсэх бас нэгэн шалтгаан болж байна. ЧШХШ 2-той хүмүүсийн 80%-д нь АГ хавсарсан байдаг бөгөөд үүийг ЧШӨ үүсэхэд нөлөөлдөг эрсдэлт хүчин зүйлс, ийлдсийн глюкозын хэмжээ өндөр байх мөн СХЧ-ын алдагдал үүсэх эмгэгжамыг цусан дах резистин хэмээх цитокиний ихсэлтээр тайлбарласан байдаг. Энэ цитокин нь моноцит болон адипоцит эсээс ялгарч инсулин дөжрөл үүсгэхээс гадна эндотелин-1, адгезийн молекул, моноцит хемоатрактант уураг-1, металлопротейназа гэх мэт судас агшаагч медиатруудын эндотелээс ялгарах үйл явцыг ихэсгэн артерийн судасны гөлгөр булчингийн эсийн пролиферацийг сэдээх үйлдэл үзүүлэн улмаар СХЧ-ын алдагдлыг нөхцөлдүүлдэг байна12. Иймээс ЧШХШ-2, метаболик хам шинж болон АГ-тэй хүмүүсийн цусанд энэүү цитокин ихэссэн байдаг байна. ЧШ-тэй хүмүүсийн СХЧ алдагдалд нөлөөлдөг гол хүчин зүйлс нь нас болон артерийн даралт гэж үзсэн байдаг нь бидний судалгааны үр дүнтэй тохирч байгаа юм13,14. Guoxiang Tian нарын эрдэмтдийн хийсэн судалгаагаар ЧШ-тэй хүмүүсийн ЗШСИ, триглицерид, цусны глюкозын хэмжээ, НbA1C, зүрхний цохилт, БЖИ нь ЧШ-гүй хүмүүстэй харьцуулахад статистик ач холбогдолтойгоор ихэссэн байна17. Hongvu Wang нарын эрдэмтэд харьцангуй эрүүл, АГ тэй, ЧШ-тэй болон ЧШ, АГ хавсарсан 4 бүлэг болгон харьцуулан хийсэн судалгааны үр дүнгээс харвал ЗШСИ нь ЧШ, АГ хавсарсан хүмүүст бусад бүлгийн хүмүүсээс статистик ач холбогдолтойгоор ихэссэн байна. Энэ бүлгийн хүмүүст ЗШСИ нь нас, систолын даралт, диастолын даралт, цусны глюкозын хэмжээ, НbA1C, шээсний хүчил, нийт холестерол болон триглицерид зэрэг үзүүлэлтүүдтэй статистик ач холбогдол бүхий эерэг хамааралтай харин ИНЛП-тэй сөрөг хамааралтай байжээ18. СХЧ-ын алдагдалд гематокритын хэмжээ мөн статистик хамааралтай байгаа нь ЦЗШЧ-ын өөрчлөлт цусны эргэлт, урсгалын хурд, бичил эргэлт, эдийн бодисын солилцоо, хүчилтөрөгч болон энергийн хангамж алдагдаж эрхтэн тогтолцооны хэвийн үйл ажиллагаа хямран хүндрэл үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэгтэй холбоотой. ЧШ-ийн хяналт муу, АГ-тэй болон өөх тосны солилцооны алдагдалтай хүмүүст эмчилгээ хийсний дараа ЗШСИийн өөрчлөлт хэвийн хэмжээндээ орж өөрчлөгдсөн байгаа нь энэ индексийг эмнэлзүйд ашиглах СХЧ-ыг эрт оношлон судасны шалтгаант хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэхэд тохиромжтой үзүүлэлт болохыг харуулж байна18 .

ДҮГНЭЛТ
ЧШХШ 2-той хүмүүсийн СХЧ нь нас, өвчний үргэлжилсэн хугацаа, артерийн даралт, биеийн жин, цусны зуурамтгай шинж чанараас хамаарч байна. ЧШӨ удаан үргэлжилсэн хүмүүст хяналтыг сайжруулж артерийн даралт, БЖИ-г бууруулснаар СХЧ-ын өөрчлөлтөөс үүсэх судасны гаралтай архаг хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх боломжтой юм.
Хүснэгт
Ном зүй
1. Халдварт бус осол гэмтлийн тархалтын судалгаа. 2010
2. Эрүүл мэндийн яам, Эрүүл Мэндийн Хөгжлийн Үнндэсний Төв, Эрүүл мэндийн үзүүлэлт 2003,2013
3. Diabetes Atlas 6th Edition. International Diabetes Federation. 2013
4. Чихрийн шижингийн эмнэлзүйн удирдамж. 2011
5. Robert H. Eckel, Momtaz Wassef, Prevention Conference VI: Diabetes and Cardiovascular Disease: Writing Group II: Pathogenesis of Atherosclerosis in Diabetes
6. Micjeal J. Fowler, MD. Microvascular and Macrovascular Complications of Diabetes. Clinical Diabetes. Volume 26, Number 2, 2008.
7. Liang J, Zhou N et al. (2012) Hemoglobin A1c Levels and Aortic Arterial Stiffness: The Cardiometabolic Risk in Chinese (CRC) Study. PLoS ONE 7(8): e38485. doi:10.1371/journal
8. Uurtuya S, Kotani K, Comparative study of atherosclerotic parameters in Mongolian and Japanese patients with hypertension and diabetes mellitus. PMID: 20124737 [PubMed - indexed for MEDLINE]
9. Uurtuya S, Kotani K Determinants of carotid atherosclerosis in the general Mongolian population. PMID: 20828099 [PubMed - indexed for MEDLINE]
10. М.Эрдэнэтуяа, Л.Лхагва, Г.Сүхбат. Цусны реологийн шинж чанарын молекул үндэс. Монголын анагаах ухаан, 2001, 4(117)
11. Jones R.L, Peterson C.M. Hematologic Alterations in Diabetes Mellitus//Am.J.Med. 1981. V70, №2. pp.339-352.
12. Yasunori Takata, Haruhiko Osawa, Hyperresistinemia Is Associated With Coexistence of Hypertension and Type 2 Diabetes DOI: 10.1161/ HYPERTENSIONAHA.107.103077
13. Koichiro Kadota, MD; Noboru Takamura, MD*;Availability of Cardio-Ankle Vascular Index (CAVI) as a Screening Tool for Atherosclerosis. Circ J 2008; 72: 304 -308
14. Liang J, Zhou N et al. (2012) Hemoglobin A1c Levels and Aortic Arterial Stiffness: The Cardiometabolic Risk in Chinese (CRC) Study. PLoS ONE 7(8): e38485. doi:10.1371/journal
15. Yanyan Hu, Yan Lu, Ying Zhang. CAVI was measured to evaluate blood vessel function of hypertension and type 2 diabetes mellitus Heart 2011;97:A192 doi:10.1136/ heartjnl-2011-300867.561
16. Guoxiang Tian1, Wanlin Wei1, Increasing age associated with elevated cardio-ankle vascular index scores in patients with type 2 diabetes mellitus, Journal of International Medical Research, 41(2) 435-444, 2013
17. Hongyu Wang, Jinbo LiuArterial, et al Arteial stiffness evaluation by cardio-ankle vascular index in hypertension and diabetes mellitus subjects. Journal of the American Society of Hypertension (JASH) 07/2013;
18. Junko Ibata, Hideyuki Sasaki*: Increased arterial stiffness is closely associated with hyperglycemia and improved by glycemic control in diabetic patients. Journal of Diabetes Investigation Volume 4 Issue 1 January 2013

Нийтлэлийн нээгдсэн тоо: 662