Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2015, 16(9-1)
АРХИНЫ ХАМААРАЛТАЙ ХҮМҮҮСИЙН АВИР АРАНШИН ,СЭТГЭЛ ТҮГШИЛТИЙН ТҮВШИНГ ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
( Судалгааны өгүүлэл )
ҮНДЭСЛЭЛ
Хувь хүний сэтгэцийн үйл явц, үйлдэл төрхийн хөдлөл зүйг тодорхойлох хувийн онцлогийг авир араншин гэдэг байна. Авир араншин нь удам, төрөлхийн шинж чанартай бөгөөд үүнийг И.П.Павловын дээд мэдрэлийн үйл ажиллагааны галбирын тухай сургаалаар тайлбарладаг1. Оросын эрдэмтэн И.П. Павлов туршилт судалгаагаар дээд мэдрэлийн үйл ажиллагааны хүч, сэрэл, тэнцвэрт байдлыг харгалзан холерик, сангвиник, флегматик, меланхолик гэсэн үндсэн 4 галбирыг тогтоосон байна. Гэвч аливаа хүнд “цэвэр”, ганц хэлбэрийн авир араншин байдаггүй бөгөөд ихэнхидээ хэд хэдэн авир араншингийн шинжүүд холилдон илэрч аль нэг нь давамгайлдаг гэж үздэг ажээ1. Түүнчлэн зан араншингийн хэвшинжийг Кант, Вунд нар сэтгэл хөдлөлийн хүч, хурдаар нь, Америкийн сэтгэл судлаач Диамонд идэвхитэй байдлын түвшин, давамгайлж буй мэдрэхүйгээр нь, Английн сэтгэл судлаач Айзенк сэтгэл хөдлөлийн онцлог, бусадтай харилцах чадвараар нь, Оросын эрдэмтэн В.Д.Небылиц сэтгэцийн болон хөдөлгөөний идэвхээр нь тус тус ангилсан байдаг2.
Орчин үед ямар нэг өвчин эмгэг үүсэхэд авир араншин чухал үүрэгтэй тул хүний авир араншингийн хэвшинжийг мэргэжил сонгох, өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлогоо, эмчилгээнд ашиглах шаардлагатай хэмээн үзэж байна3. Авир араншинг мөн темперамент хэмээх нэр томъёогоор илэрхийлдэг бөгөөд темпераментаас хамааран хүн бүрийн сэтгэл хөдлөл, үйлдэл хөдөлгөөний хариу урвал янз бүр байдаг4.
Хэвлэлийн тоймоос үзвэл эрүүл хүмүүсийн дунд авир араншингийн харьцааг тогтоосон судалгаагаар хамгийн олон тохиолддог хэвшинж нь меланхолик хэвшинж ажээ (Г.В.Васильченко, Г.Г.Воробъев 1975 нарынхаар 36.5%-43.5%, Д.Болдцэрэн, 1992, 45.5%)5 Английн сэтгэл судлаач Айзенк нь хүний авир араншинг сэтгэл тогтвортой эсэх, сэтгэцийн үйл ажиллагааны чиглэлээр нь ангилсан бөгөөд сэтгэл тогтворгүй, дотогшоо чиглэсэн сэтгэцийн үйл ажиллагааны хэвшинж нь меланхолик хэвшинж юм6. Меланхолик хэвшинжтэй хүн нь шийдвэр гаргахдаа муу, түгжигдмэл харьцаатай, аливаад сэтгэлээр амархан унадаг, гутранги, хүч султай хэвшинж учир аливаа нэг өвчинд өртөмтгий байдаг7. Иймд бид архины хамааралд өртсөн хүмүүсийн авир араншинг судлахыг зорисон юм.
ЗОРИЛГО
Архины хамааралд өртсөн хүмүүсийн авир араншингийн хэвшинжийг судлан, сэтгэл түгшилтийн түвшинтэй харьцуулан судлахад оршино.
ЗОРИЛТ
• Архины хамааралд өртсөн хүмүүсийн авир араншингийн хэвшинжийг судлан тогтоох
• Авир араншин, сэтгэл түгшилтийн хооронд хамаарал буй эсэхийг судлан тогтоох
АРГА, АРГАЧЛАЛ
Судалгааг нэг агшингийн судалгааны загвараар, асуумж судалгааны аргаар хийв. Судалгаанд сэтгэц эмгэг судлалд өргөн хэрэглэдэг сорил болох Айзенкийн сорилыг ашиглан авир араншинг, Спилберг Ханины сорилоор сэтгэл түгшилтийн түвшинг тодорхойллоо.
Судалгаанд СЭМҮТ-ийн аддиктологийн тасаг, Наркологийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 24-61 насны 83 эрэгтэйг, зориудын түүврийн аргаар сонгон хамруулсан болно. Судалгааг явуулахын тулд таниулсан зөвшөөрлийн мэдээллийг танилцуулж гарын үсэг зуруулж баталгаажуулсан болно.
Статистик боловсруулалтыг Statistical package for social sciences 17.0 SPSS программыг ашиглан хийлээ.
ҮР ДҮН
Бидний судалгаанд 24-61 насны эрэгтэйчүүд хамрагдсан бөгөөд дундаж нас нь 33.1 байна. Судалгааг хийх үед архины хамааралтай эмэгтэй өвчтөн 2 байсан боловч судалгаанд оролцохоос татгалзсан учир судалгаа аваагүй болно.
Судалгаанд хамрагдагсдын архины хамаарлын түвшинг уламжлалт ангилалаар судлан үзвэл 51 нь архинд донтох өвчний 2-р үе, 22 нь 3-р үе гэсэн оноштой байна.
Бид судалгаанд хамрагдагсдын (n=83) авир араншингийн хэвшинжийг 57 асуулт бүхий Айзенкийн (EPI) сорилоор тодорхойлов.
.png)
Айзенкийн сорилын үр дүнгээс үзвэл судалгаанд хамрагдагсдын 43% буюу хамгийн их хувийг меланхолик хэвшинж, харин хамгийн бага хувийг холерик хэвшинж эзэлж байна. Өвчтөнүүдийн авир араншингийн хэвшинжүүд дотор меланхолик хэв шинж давамгайлж байгаа нь статистик ач холбогдолтой байсан бол (р=0.04) архинд донтох өвчний үе шаттай статистик ач холбогдол бүхий хамааралгүй байна (p=0.31).
Архины хамааралд өртсөн хүмүүс нь өвчний улмаас болон хувь хүний онцлогоос хамааран сэтгэл түшилтийн байдалд ордог учир сэтгэл түгшилт байгаа эсэхийг Спилберг Ханины сорилоор судлан тогтоов. Спилберг Ханины сорил нь 20 асуулт бүхий 2 хэсгээс тогтох бөгөөд бид энэ удаад тухайн үеийн сэтгэл түүгшилтийн түвшинг тогтоох 20 асуумжийг судалгаанд ашиглалаа.

Бид судалгаанд хамрагдагсдын авир араншингийн хэвшинжийг сэтгэл түгшилтийн түвшинтэй харьцуулан хоёрдугаар зургаар харууллаа.
Судалгаанаас үзвэл судалгаанд хамрагдагсад нь бүгд ямар нэг хэмжээний сэтгэл түгшилттэй байгаа ба 35 нь буюу 42.2% нь сэтгэл түгшилт ихтэй байна.
Харин авир араншингийн хэвшинжтэй уялдуулан судалж үзвэл сэтгэл түгшилт ихтэй хүмүүсийн 74.2% (n=26) нь меланхолик хэвшинжтэй байлаа.
.png)
Дээрх зургаас үзвэл сэтгэл түгшилтийн шинж авир араншингийн холерик хэвшинжээс бусдад нь илэрч байгаа боловч меланхолик хэвшинжтэй хүмүүст илүү их илэрч байгаа нь анхаарал татаж байна.
Спилберг Ханины сорил болон Цунгийн сорилын асуумжийн тоо, үнэлгээ өөр учир Цунгийн аргаар сэтгэл түгшилтийн түвшинг тогтоон дээрх хоёр сорилын үзүүлэлт нь хоорондоо хамааралтай байгаа эсэхийг харьцуулан үзэв. Сэтгэл түгшилтийн түвшинг тодорхойлох Цунгийн сорилын дүнгээс үзвэл сэтгэл түгшилтгүй тохиолдол 2 гэж тогтоогдсон байна.
Харин сэтгэл түгшилтийн бусад түвшингийн тохиолдол нь Спилберг Ханины сорилын үнэлгээтэй ялгаатай үзүүлэлт гарсан байна.
ХЭЛЦЭМЖ
Манай улсад архины хэрэглээтэй холбоотой эмгэгүүд жилээс жилд өсөн нэмэгдэх хандлагатай байгаа билээ. Архины хэрэглээтэй холбоотой эмгэг үүсэхэд нөлөөлөх маш олон хүчин зүйл, хэрэглэх сэдэл олон байдаг ба сэтгэцийн эмгэг судлалд сэтгэцийн эмгэг үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлсийн дотор биологийн хүчин зүйл чухал байрыг эзэлдэг. Үүний нэг нь хувь хүний авир араншин, бусадтай харилцах харилцааны хэвшинжийн онцлог юм.
Меланхолик хэвшинжийг эртний Грекчүүд хар цөсний хордлогоос үүсдэг хэмээн тайлбарладаг байсан ажээ. Харин орчин үеийн ойлголтоор темпераментын физиологийн үндэс нь дээд мэдрэлийн үйл ажиллагааны сэрэл, саатлын процессын хүч, тэнцвэр, хөдөлгөөнт чанараар тодорхойлогддог.
Бидний судалгааны үр дүнгээс үзвэл судалгаанд хамрагдсан 83 өвчтөний 43%-ийг меланхолик хэвшинжийн хүмүүс эзэлж байна. Меланхолик хэвшинж нь дээд мэдрэлийн сэрэл саатлын үйл ажиллагааны хувьд сул, тэнцвэргүй, харилцааны хувьд дотогшоо хандсан байдаг учир аливаа үйл явдалд дасан зохицох, дотоод сэтгэлээ нээх, бусадтай харилцах чадвар муу учраас өөрийгөө идэвхижүүлэх, зоригжуулах, сэтгэл түгшилтээ намжаах, айдсаа дарах, харилцааны бэрхшээлийг даван туулах сэдлээр архи хэрэглэж эхэлдэг гэж үздэг байна.
Манай улсад бэлгийн эмгэг судлаач Д.Болдцэрэн бэлгийн эмгэгтэй хүмүүсийн авир араншинг судлан үзэхэд мөн меланхолик хэвшинж давамгайлж (36.6%) байсан байна. Меланхолик хэвшинжтэй хүмүүс нь бусад авир араншинг бодвол сөрөг стресст өртөх хамгийн өндөр магадлалтай байдаг бөгөөд ийм хүмүүс нь сэтгэлийн шалтгаант сэтгэцийн өвчинд ч өртөмтгий байдаг. Меланхолик хүмүүсийг сэтгэц сульдамтгай хэвшинжтэй, “психоастеник” гэж бас нэрлэдэг бөгөөд ийм хүмүүс өөртөө итгэлгүй, өөийгөө дутуу үнэлдэг, аливаа зүйлд санаа зовомтгой, яльгүй зүйлд хэтэрхий санаа зовомтгой байдлаасаа болж айдас, түгшүүрийн эмгэгт илүү их өртдөг байна. Иймд меланхолик хүмүүс нь сэтгэлийн хүлээсээ тайлах, тайвшрах, сэтгэлийн түгшүүрээ дарах, бусадтай нүүр хагарах гэх мэт сэдлээр согтууруулах ундааг хэрэглэсээр архины хамааралд өртдөг9.
Меланхолик хэвшинжтэй хүмүүс нь хувь хүний хувьд сэтгэл түгшимтгий байхын зэрэгцээ архины хамаарлын улмаас айдас, түгшүүр, бухимдал ихэсдэг. Иймд тухайн үеийн сэтгэл түгшилтийн байдлыг судлан үзэхэд Цунгийн болон Спилберг Ханины сорилоор сэтгэл түгшилтийн түвшин их гарсан байна.
Сэтгэлзүйн, авир араншингийн хэвшинж нь сэтгэл түгшилтийн шинжтэй статистик ач холбогдол бүхий байгаа нь үүнийг баталж байна гэж үзэж байна. Харин архины хамаарлын түвшин нь авир араншингийн хэвшинжтэй хамааралгүй байгаа нь авир араншин нь төрөлх шинжтэй гэдгийг баталж байна гэж үзэж болохоор байна. Д.Болдцэрэн нарын судалгаагаар бэлгийн эмгэгтэй хүмүүсийн дунд меланхолик хэвшинж зонхилж байгаагаас үзвэл меланхолик хэвшинжийн онцлогтой холбоотойгоор аливаа өвчинд, ялангуяа сэтгэлийн шалтгаант болон сэтгэцийн өвчинд илүү өртөмтгий байж болох юм гэж үзлээ.
ДҮГНЭЛТ
• Архины хамааралд өртсөн хүмүүст авир араншингийн меланхолик хэвшинж зонхилж байна. Энэ хэвшинж нь архины хамаарлын түвшингээс хамааралгүй байна.
• Авир араншингийн аль ч хэлбэрийн үед сэтгэл түгшилт илэрч байгаа боловч меланхолик хэвшинжтэй хүмүүст сэтгэл түгшилт илүү их байна.
Ном зүй
1. Д.Болдцэрэн. Секс судлалын үндэс I. УБ. 1994
2. Д.Бямбасүрэн, П.Эрдэнэжаргал. Ардын эрх сонин. 1992, № 47
3. Н.Орёл, Ц.Цогзолмаа. Эмэг сэтгэл судлал, сэтгэц физиологийн зарим үндсэн шинжилгээг эмнэлзүйн практикт хэрэглэх арга зүй. УБ.2005. х 33-34
4. В.С.Мерлин. Очерки интегрального исследование индивидуальности. М. 2012
5. Ц.Эрдэнэсамбуу, Д.Энхтуяа. Мэргэжлийн боловсрол сэтгүүл. УБ.1991 № 6, х108-113
6. С.Бямбасүрэн. Сэтгэцийн эмгэг судлал. УБ 2007, 2013
7. Г.Сүхбат, О.Амаржаргал. Хүний зан араншин, түүнийг судлах нь
8. Д.Доржжав. Сэтгэлзүйд өөрөө суралцах нь. УБ. 2007
9. Ц.П.Короленко, В.Ю.Завъялов. Личность и алкоголь. Новосибирск.1997
2. Д.Бямбасүрэн, П.Эрдэнэжаргал. Ардын эрх сонин. 1992, № 47
3. Н.Орёл, Ц.Цогзолмаа. Эмэг сэтгэл судлал, сэтгэц физиологийн зарим үндсэн шинжилгээг эмнэлзүйн практикт хэрэглэх арга зүй. УБ.2005. х 33-34
4. В.С.Мерлин. Очерки интегрального исследование индивидуальности. М. 2012
5. Ц.Эрдэнэсамбуу, Д.Энхтуяа. Мэргэжлийн боловсрол сэтгүүл. УБ.1991 № 6, х108-113
6. С.Бямбасүрэн. Сэтгэцийн эмгэг судлал. УБ 2007, 2013
7. Г.Сүхбат, О.Амаржаргал. Хүний зан араншин, түүнийг судлах нь
8. Д.Доржжав. Сэтгэлзүйд өөрөө суралцах нь. УБ. 2007
9. Ц.П.Короленко, В.Ю.Завъялов. Личность и алкоголь. Новосибирск.1997
Нийтлэлийн нээгдсэн тоо: 1083