Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2010, 46(046)
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНААС БАРИМТАЛЖ БУЙ ХООЛ ТЭЖЭЭЛИЙН БОДЛОГО
( Товч мэдээлэл )

 

Б. Болорчимэг  
ЭМЯ, НЭМБХЗГ, мэргэжилтэн 
 
 

 

Аливаа улс орон хүнсний хангамж, аюулгүй байдал, тэжээллэг чанарыг хангаснаар хүн амынхаа хүнс, хоол тэжээлийн байдлыг цогцоор нь шийдвэрлэх боломжтой гэж үздэг. Дэлхийн дахины Мянганы хөгжлийн 1-р зорилгод 2015 он гэхэд хүн амын өлөн зэлмүүн байдлыг 1990 онтой харьцуулсан түвшингээс тал хувиар бууруулна гэсэн зорилт байдаг бөгөөд манай орон энэ зорилтод нэгдэн орж, хүн амын дундах өлсгөлөн, өлөн зэлмүүн байдлыг устгах чиглэлээр  багагүй үйл ажиллагаа явуулж байна.   
 Хүнсний бүтээгдэхүүний тэжээллэг чанар, аюулгүйн үзүүлэлтүүдийг тодорхойлох, хоол хүнсний хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг судлах, хүн амын  хоол тэжээлийн боловсролыг сайжруулах зэрэг нь эрүүл мэндийн салбарынхны өмнө тулгамдаад байгаа асуудлын нэгд зүй есоор орж байна. 
Хүнсний тухай Монгол улсын хуульд Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын үүргийг дараах байдлаар тусгасан байдаг.  Үүнд: 
1. Хүн амын хүнсний бодит хэрэглээ, хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл, найрлага, шим тэжээлийн  зохистой харьцаа болон зориулалтын хүнс хэрэглэгчийн хоолны норм хангалтад судалгаа дүгнэлт хийх  
2. Хүнсний эрүүл ахуй, ариун цэвэр аюулгүй байдлыг хангах талаар мөрдөх нийтлэг журам, заавар үзүүлэлтүүд, хүнсний үйлдвэрт хэрэглэж байгаа пестицид, эм, даавар, бордоо химийн бусад бодис, хүнд металлын үлдэгдэл, цацрагт идэвхт бодис, бичил биетэн, хүнсний нэмэлт, бусад хольцын эрүүл ахуйн зөвшөөрөгдөх дээд хэмжээг тогтоож, үндэсний стандартад тусгана 
3. Хүнсийг баяжуулахад шаардлагатай бичил бодисын зохистой хэмжээг тогтоох бүрэн эрхтэй
Эрүүл мэндийн яамнаас хоол тэжээлийн байдлыг сайжруулахаар дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:
Нялхас бага насны хүүхдийн хоол тэжээлийн байдлыг сайжруулах 
Хоол тэжээлийн архаг дутлыг бууруулах
Эмзэг бүлгийн хүн амын хоол тэжээлийг байдлыг сайжруулах
Бичил тэжээлийн дутлыг бууруулах
Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийг бууруулах юм.
 
Эрүүл мэндийн яамнаас  Хүн амын хоол тэжээлийг сайжруулах, хоол тэжээлээс шалтгаалах өвчин эмгэгээс сэргийлэх, хянах зорилгоор  Монгол улсын 4 хууль Үүнд:
“Эрүүл мэндийн тухай” хууль, 1998 (...эх, хүүхдэд төрөөс үнэ төлбөргүй тусламж үзүүлэх) 
“Хүнсний тухай” хууль, 1999, шинэчлэн боловсруулж байна  (....хүнсний аюулгүй байдал, хангамж) 
“Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай” хууль, 2005, (хүүхдийг зургаан сар хүртэл эхийн сүүгээр дагнан, хоёр нас хүртэл эхийн сүүнээс гадна шаардлагатай нэмэлт болон нэмэгдэл хоолоор хооллох)
“Давсыг иоджуулах тухай” хууль, 2003
 
Үндэсний хөтөлбөрүүд:
“Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах” Үндэсний хөтөлбөр, ЗГ-ын 2006 оны 246 дугаар тогтоол.  
”Иод дутлын эмгэгтэй тэмцэх” Үндэсний хөтөлбөр-3 ЗГ-ын 2007 оны 85 дугаар тогтоол 
“Хүнсний баталгаат байдал” Үндэсний хөтөлбөр, ЗГ-ын 2009 оны 32 дугаар тогтоол 
Эрүүл мэндийн сайдын болон бусад яамдын сайд нартай хамтран баталсан тушаал, журамууд: 
“Зөв хооллох, дасгал хөдөлгөөнийг дэмжих үндэсний стратеги”, ЗГ-ын 2009 оны 239 дүгээр тогтоол, ЭМС, ХХААХҮС-ын хамтарсан 283/207 тоот тушаал, 
“Эх, хүүхдийг бичил тэжээлийн дутлаас сэргийлэх стратеги”, ЭМ-ийн Сайдын 2005 оны 85 тоот тушаал,
“5 хүртэлх насны хүүхдийн өсөлтийн бүртгэл“ ЭМ-ийн Сайдын 2005 оны 92 тоот тушаал, 
“Баяжуулсан хүнсний бүтээгдэхүүнд хяналт тавих журам” МХЭС, ЭМС, ХХААС-ын хамтарсан 2005 оны 84/143/87 тоот тушаал, 
“Баяжуулсан гурилын чанар, аюулгүй байдалд хяналт тавих журам”, МХЭС, ЭМС, ХХААС-ын хамтарсан 2006 оны 140/390/121 тоот тушаал, 
“Эмчилгээ сувиллын хоолны удирдамж”, ЭМ-ийн Сайдын 2007 оны 11 тоот тушаал,
“Хүнсний үйлдвэрлэл, эрүүл ахуйн (GMP, GHP) зохистой дадлыг үндэсний хэмжээнд нэвтрүүлэх нь зөвлөмж”, МХЭС, ЭМС, ХХААС-ын хамтарсан 2007 оны 29/289/143 тоот тушаал.,
“Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн, угж, түүнтэй адилтгах зүйлийн чанар, аюулгүй байдлыг хангах, тэдгээрт хяналт тавих журам” ЭМ-ийн Сайдын 2008 оны 212 тоот тушаал, 
“Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийн зөвлөмж хэмжээ, хэрэглэх заавар” Эрүүл мэндийн сайдын 2008 оны 190 тоот тушаал, 
“Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг  нэвтрүүлэх журам” Эрүүл мэндийн сайдын  2009 оны 321 тоот тушаалыг тус ус хэрэгжүүлж байна. 
Мөн “Хүн амын хоол тэжээлийн бодисуудын зөвлөмж хэмжээ” /физиологийн норм/,  Монгол хүний зохистой хооллох үзэл баримтлалыг боловсруулан хэрэгжүүлж байна. 
Бага насны хүүхэд, төрөх насны эмэгтэйчүүдийг аминдэм А, Д, төмрийн бэлдмэлээр хангах, хүүхдийг эхийн сүүгээр бойжуулахыг дэмжих, бага насны хүүхдийн өсөлтийг хянах тогтолцоо бүрдүүлэх, эмнэлгийн ажилтнуудын чадавхийг сайжруулах, сургалт сурталчилгаа зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг ОУБ-уудын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсний дүнд хоол тэжээлийн дутлууд буурсаар байна.  
 
Хоол тэжээлийн өнөөгийн байдал:
Хүн амын хоол тэжээлийн байдлыг үндэсний хэмжээнд дараах судалгаануудаар  үнэлгээ дүгнэлт өгсөн. Үүнд: 
Хүн амын хоол тэжээлийн үндэсний cудалгаа: 1992, 1999, 2004, ЭМЯ, НҮБ-ын ХС,
Хүн амын хоол тэжээлийн байдалд зудын хор холбогдлыг үнэлэх судалгаа:  2001, ЭМЯ, ДЭМБ,
Хүүхэд-хөгжил, хамгаалал I-III (MICS I, II, III): 1995. 2000, 2005, ҮСХ, НҮБ-ын ХС,
Иод дутлын эмгэгийн тархалтын судалгаа: 2007 он, ЭМЯ, Эрүүл мэндийг дэмжих сан,
Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын түвшин тогтоох судалгаа: 2006, ЭМЯ, ДЭМБ,
Тав хүртэлх насны хүүхэд, хөхүүл болон жирэмсэн эхчүүдийн хоол тэжээлийн байдлын үнэлгээ, 1997 оноос хойш, Дэлхийн зөн- Монгол.
 
 Монгол улсын хүн ам ялангуяа хоол тэжээлийн эмзэг бүлэг болох хүүхэд, эмэгтэйчүүдийн дунд  “өлсгөлөн” төдийлөн тохиолддоггүй боловч дэлхий дахинаа хоол тэжээлийн “далд өлсгөлөн” гэж нэрлэгддэг бичил тэжээлийн дутлууд  ( төмөр дутлын цус багадалт, ИДЭ, аминдэм А, Д дутал, цайр, селений дутал) түгээмэл тохиолдож байна.
Тав хүртэлх насны хүүхдийн тураал 1999 онд ЭМЯ-наас явуулсан “Хүн амын хоол тэжээлийн үндэсний 1-р судалгаа”-р 12,6% байсан бол энэ үзүүлэлт 1999 оны үндэсний 2-р судалгаагаар 12,5%, 2004 оны 3-р судалгаагаар 6,6% болж буурсан байна. Мөн хоол тэжээлийн архаг дутлыг илэрхийлэх гол үзүүлэлт болсон  хүүхдийн өсөлт хоцролт 1992 онд 26,0%, 1999 онд 24,6%, 2004 онд 19,6%, 2006 онд Статистикийн төв газар НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран зохион байгуулсан судалгаагаар 21,0% тай байна. Бага насны хүүхдийн цус багадалт 1999 онтой харьцуулахад 48,5-21,4 хувь, аминдэм Д дутал 32,1-41,0%, иодын дутал 29,2-13,8%  болсон байна. 2005 онд хийсэн “Цайрын түвшин тодорхойлох судалгаа”-ны дүнгээр цайрын дутал 74,1 хувь, селений дутал 67 хувь, А амин дэм 38 хувь гарсан үзүүлэлттэй байна. 
ЭМЯ-наас 1997 онд баталсан “Хүн амын хоол тэжээлийн зөвлөмж хэмжээ”-гээр жишсэн дундаж хүн хоногтоо 2700 ккал илчлэгийг авах нь зүйтэй гэж  зөвлөсөн бол  өнөөдрийн байдлаар авах ёстой илчлэгийнхээ 69 орчим хувийг хоол хүнснээсээ авч байна.
Хоолны тэжээллэг чанарыг нэмэгдүүлэх, бичил тэжээл, аминдэмээр баяжуулах нь хоол тэжээлийн дутлаас сэргийлэх хамгийн үр дүнтэй, хямд төсөр арга учраас бид ХХААЯ, хүнс үйлдвэрлэгчидтэй баяжуулсан хүнс үйлдвэрлэх чиглэлээр хамтран ажиллаж байна. 
 2006 онд  Монгол улсын насанд хүрсэн хүн амын дунд ДЭМБ-ын арга зүйгээр зохион байгуулсан “Халдварт бус өвчлөлийн эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын түвшин тогтоох” судалгааны дүнгээр судалгаанд хамрагдагсдын 4,9% туранхай, 21,8% нь илүүдэл жинтэй, 9,8% таргалалтай байна.  Мөн халдварт бус өвчнөөр өвдөх эрсдэлтэй хүний эзлэх хувь 89, судалгаанд хамрагдсан хүмүүсийн 28% нь даралт ихтэй, 6%-д  цусан дахь сахар зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр байгаа нь хүн амын хоол тэжээлийн  зохисгүй хэрэглээг харуулж  буй гол үзүүлэлт юм. 
 
Аливаа өвчнөөс сэргийлэхэд эмчлэхээс даруй 5-20 дахин бага зардал гардаг гэдэг нь нэгэнт тодорхой болсон өнөө үед олон өвчин үүсэхэд эрсдэлт гол хүчин зүйл болж байгаа хоол тэжээлийн хэрэглээгээ зохицуулах, хүнсний бүтээгдэхүүний зөв сонголт хийх зэрэг нь хүн амын хоол тэжээлийн  талаарх мэдлэгтэй салшгүй холбоотой. 
Хүн амын эрүүл мэнд, хоол тэжээлийн боловсролыг сайжруулах чиглэлээр  сургалт сурталчилгааны ажлыг тогтмолжуулах, мөн эмзэг бүлгийн хүн амыг  бичил тэжээл, аминдэмээр хангах зардлыг улсын төсөвд тусгах, эрүүл мэндийн салбарт хоол тэжээлийн болон хүнсний аюулгүй байдлын чиглэлээр мэргэжсэн боловсон хүчинг бэлтгэх зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна.
 
Хоол тэжээлийн тэргүүлэх зорилт, зорилго нь: 
Зорилго:
Хүүхэд болон эмзэг бүлгийн хүн амын хоол тэжээлийн байдалд түлхүү анхаарснаар  “ Хоол тэжээлийн дуталтай хүн амын тоог 1990 –2015 онд  2 дахин бууруулах ’’ Монгол улсын Мянганы зорилтод хүрэх.
 
Зорилтууд:
1. Хүн амын хоол тэжээлийн боловсролыг дээшлүүлэх,
2. Хоол тэжээлийн дутал (өсөлт хоцролт, бичил тэжээлийн дутал)-ыг бууруулах, халдварт бус өвчний хоол хүнснээс хамааралтай эрсдлээс сэргийлэх,
3. Зохицуулах үйлчилгээтэй болон баяжуулсан хүнсний үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэх.
 
Цаашид авах арга хэмжээ:   
Хүн амын нас, хүйсний онцлогийг харгалзан  хоол тэжээлийн боловсрол олгох сургалтын хөтөлбөр, стандартыг бий болгож, сургагч багш, сайн дурын ажилтнуудыг бэлтгэх,
Хот, хөдөөгийн боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудыг түшиглэн зохистой хооллолтыг дэмжих танхимууд бий болгож мэдээлэл, сургалт, сурталчилгаа явуулах,
Бүх шатны нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгж,  төрийн болон хувийн хэвшлийн  байгууллага, аж ахуйн нэгж, айл өрх, иргэдийн  дунд  зохистой хооллолтыг дэмжих хөдөлгөөн, уралдаан, санаачлага өрнүүлж урамшуулан дэмжих, 
Боловсон хүчний чадавхийг сайжруулах, мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааг өрөгжүүлэхэд дэмжлэг, тусламж үзүүлэх,
Хүнсний бүтээгдэхүүний тэжээллэг чанар, аюулгүйн үзүүлэлтүүдийг тодорхойлох, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг судлах “Шим тэжээл судлалын лавлагаа лаборатори” байгуулах, 
Эмзэг бүлгийн хүн амыг бичил тэжээл, аминдэмээр хангах зардлыг улсын төсөвд тусгах,
Хот, суурин газруудад хоол тэжээлийн дуталтай хүүхдийг хоолоор эмчлэн сувилах газар, бага насны хүүхдийн хоол үйлдвэрлэх үйлдвэрлэлийг бий болгох, дэмжих.
Аминдэм, эрдэс, шимт бодисоор баялаг хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг баяжуулах (Д аминдэм болон бусад),
Хүн амын хоол тэжээлийн байдлын хяналт, үнэлгээ,   судлагаа хийх техник, санхүүгийн нөөц бий болгох,
Хүн амын хоол тэжээлийн үндэсний 4 судалгааг хийх
 
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1722
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК