УАУ-ны салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилтыг эрдэм шинжилгээ, эмнэлэг үйлчилгээ, төгсөлтийн өмнөх ба дараахи сургалтууд, эм үйлдвэрлэл гэсэн ерөнхий чиглэлүүдээр томьёолж авч үзлээ.
Монголын уламжлалт анагаах ухааныг шинжлэх ухааны арга барилын үүднээс судалж эхлээд 50 гаруй жил болсон бөгөөд энэ хугацаанд манай улсад уламжлалт анагаах ухаан судлал шинэ чиглэл нэгэнт төлөвшин бий болсон байна.
Судалгааны ажлыг олон чиглэлээр өргөн хүрээтэй хийсний үр дүнд эх зохиол сурвалж судлал, орчуулга, онолын судалгаа, эмийн түүхий эд, эмт бодисын судлал, тарималжуулалт, ховор амьтан үржүүлэх био экологийн судлал, эмнэлзүйн судлал зэрэгт дорвитой амжилтанд хүрчээ. Тухайлбал олон арван шинэ бодис нээж, 40 гаруй шинэ эм зохион бүтээж, онолын холбогдолтой шинэ санаа, гипотез гаргаж амьтан ургамлын туршилт үйлдвэрлэлийн станцууд үүсгэн, эмийн хяналтын лавламжийг боловсруулсан гэх мэт үр дүнгүүд байна.
1991-2005 онд уламжлалт анагаах ухааны чиглэлээр мэргэжил эзэмшсэн нийт 1838 эмч байгаагаас дипломын сургалтаар бакалаврын зэрэгтэй төгссөн эмч 36.3% (858), дипломын дараах сургалтаар УАУ-ы мэргэжил эзэмшсэн их эмч 63,7% (980)-ийг эзэлж байна.
БСШУЯ 2008 онд Уламжлалт анагаах ухааны их эмчийн бакалаврын хөтөлбөрийн стандартыг боловсруулан батлуулж мөрдөн ажиллаж байна. Ойролцоогоор анагаах ухааны их, дээд сургууль төгсөгчдийн 10-15% нь уламжлалт анагаах ухааны мэргэжил эзэмшдэг. 10000 хүнд уламжлалт анагаах ухааны мэргэжлийн 27 их эмч ноогддог гэсэн мэдээ байдаг. Сургуулиудын ирүүлсэн танилцуулгаас үзэхэд төгсөгчдийн 88-98% нь ажлын байраар хангагддаг байна.