Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1988, 3(67)
Хүүхдийн гуурсан хоолойн багтраад үзүүлэх яаралтай тусламж
( Лекц )

М. Сүхбаатар

Анагаах ухааны дээд сургууль

 

Судлаачдын тогтоосноор гуурсан хоолойн багтраа өвчин 1000 хүүхдэд 1—20 тохиолдож байна. 1 —15 настай хүүхдийн уушгины архаг болон дахилттай өвөрмөц бус өвчний 50—60%-ийг гуурсан хоолойн багтраа өвчии эзэлнэ (В. К. Таточенко, 1975). Ленинград хотод хийсэн судалгаанаас үзэхэд амьсгалын замын өвөрмөц бус архаг өвчний дотор гуурсан хоолойн багтраа 27,6% байна (В. И. Тыщичкин, К. Ф. Ширяева ба бусад, 1978).

Шалтгаан. Харшилтөрөх гадны болон дотоод шалтгааны улмаас гуурсан хоолойн гөлгөр булчин агшина. Харшилтөрөх гадны шалтгааныг халдварын, халдварын бус гэж ангилдаг. Халдварын шалтгаанд нян, мөөгөнцөр, вирус болон тэдгээрийн  ялгаруулсан хорт бүтээгдэхүүн; халдварын бус шалтгаанд хоол унд, орчин ахуй, ургамал, амьтан; эм, химийн гаралтай харшилтөрөгч хамаарна. Харшилтөрөх дотоод шалтгаан нян, мөөгөнцөр, вирусын үйлчлэлийн улмаас эд эс гэмтсэнээс үүсдэг.

Шинж тэмдэг. Гуурсан хоолойн багтраа өвчнийг явцаар нь өвчин хөдлөхийн өмнөх үе, хөдөлсөн үе, өвчний дараах үе, дахилт хоорондын үе гэж хуваана (И. И. Балаболкин, 1985).

Өвчин хөдлөхийн өмнөх үе: Хүүхэд тайван бус, цочромтгой, зөрүүд болох буюу эсвэл сул дорой ядрамтгай болж, хоол нойрондоо дургүйцнэ. Харшлын шалтгаант багтрааны үед хамар битүүрэх, загатнах, найтаах, хоолой ирвэгнэх, хамраас салсархаг шингэн нус гоожих нь ажиглагдана. Ихэвчлэн шөнө ханиалгана. Биен дээгүүр нь олон янзын хэлбэрт улаан тууралт гарч загатнана. Бага зэрэг халуурна. Үзэхэд: Хөөмий хөөнгөр, гүйлсэн булчирхай бага зэрэг улайж, зарим хүүхдийн төвөнх үрэвсэнэ. Чагнахад ширүүн амьсгалтай, хааяа хуурай хэржигнүүр сонсогдоно. Энэ үе хэдэн минутаас 2—3 хоног үргэлжилнэ.

Өвчин хөдөлсөн үе: Амьсгал гарах нь бэрхшээлтэй, шуугиантай болж, зайдуу байхад сонсогдоно. Цэр өтгөрч, ховхрохоо болино. Өвчний ид үед уушги тэлэгдэн, хөдөлгөөн нь хязгаарлагдмал болно. Чагнахад исгэрч шуугисан хуурай хэржигнүүр сонсогдоно. Амьсгал гаргах нь удаашрана. Зүрхний цохилт хурдасна. Артерийн даралт ихсэнэ. Гэрлийн шинжилгээнд уушгины угийн зураг тодорно. Өвчин хөдлөх нь 10—15 минутаас хэдэн цаг, өдөр үргэлжилнэ. Энэ үеийг амьсгал дутмагшил, биеийн ерөнхий байдлаас хамаарч хөнгөн, хүндэвтэр, хүнд гэж ангилдаг.

Хөнгөн үед амьсгал бага зэрэг саадтай болно. Биеийн ерөнхий байдал өөрчлөгдөхгүй. Тогшиход хөндийвтөр дуутай, чагнахад амьсгал бага зэрэг удаашран ширүүн амьсгал, хуурай нойтон хэржигнүүр сонсогдоно. Амьсгалд туслах булчин оролцохгүй. Хөхрөх нь ажиглагдахгүй.

Хүндэвтэр үед хүүхэд хэвтээ буюу хагас суугаа байрлалд байна. Арьс цонхийн цайж, хамар, уруул орчмоор хөхрөнө. Амьсгалд туслах булчингууд, оролцож эхэлнэ. Амьсгал гаргах нь бэрхшээлтэй болж удааширна. Хуурай, хааяа нойтон хэржигнүүр сонсогдоно. Зүрхний цохилт хурдасч, артерийн даралт ихсэнэ.

Хүнд үед амьсгал дутмагшлийн хам шинж илэрнэ. Хамар уруулын гурвалжин, гар хурууны үзүүр, чихний дэлбэ орчмоор хөхөрч, хамрын угалз сарталзана. Амьсталд туслах булчингууд хүчтэй оролцоно. Хүүхэд тайван бус, айж чочирсон байдалтай болж, нүүр толгой орчмоор хөлөрнө. Зүрхний цохилт эрс хурдсан, артерийн даралт нэмэгдэнэ. Цусанд хүчилтөрөгч багасч, нүүрсхүчил ихсэнэ. Дутуу задарсан бүтээгдэхүүн хуримтлагдан, бодисын солилцооны хүчилшил үүснэ. Өвчин даамжирсан үед «багтраа байдалд» орно. Багтрааг 3 үе шатанд хуваана.

Нэгдүгээр шат. Гуурсан хоолойн дамжуулах үйл ажиллагаа хямран, симпатомиметик эмэнд тэсвэртэй болно. Амьсгал хурдсан гаргах нь бэрхшээлтэй, шуугиантай болно. Чагнахад ширүүн амьсгал, хуурай нойтон хэржигнүүртэй. Цэр бага ялгарна. Амьсгал дутмагшлийн хам шинж илэрнэ. Зүрхний цохилт хурдсан, даралт ихсэнэ. Царай цайвар цагаан атлаа зах хязгаарын эрхтэн хөхрөнө. Шингэн алдсан шинж тэмдэг илэрнэ. Цусанд хүчилтөрөгч багасч (РаСО 55—60 мм. мөн. ус. баг. даралт буюу 7,3—8,0 кПа) нүүрсхүчил ихэсч (РаС02 60—65 мм. мөн. ус. баг. даралт буюу 8,0—8,7 кПа), амьсгалын шалтгаант хүчилшил эсвэл шүлтшил үүснэ.

Хоёрдугаар шат. Амьсгал дутмагшлийн хам шинж эрс нэмэгдэнэ. Гуурсан хоолойн гөлгөр булчин агшиж, цэрээр бөглөрнө. Чагнахад уушгины зарим хэсэгт амьсгал сулрах буюу үл сонсогдоно. Тархмал хөхрөлт ажиглагдана. Зүрхний цохилт хурдсан, артерийн даралт буурч, судасны лугшилт үл мэдэг болно. Цусны хүчилтөрөгчийн хэмжээ багасч (РаСОг 50—55 мм. мөн. ус. баг. даралт буюу 6,7—7,3 кПа), нүүрсхүчил ихэсч (РаСОг 65—70 мм. мөн. ус. баг. даралт буюу 8,7—9,3 кПа), хавсарсан шалтгаан хүчилшил үүснэ.

Гуравдугаар шат. Хүүхэд хүчилтөрөгч дутагдлын оврогот орно. Ухаан алдаж, татан, «дуугүй» хам шинж илрэн, амьсгаа нь бүтэж эхэлнэ. Арьс салст нэлэнхүйдээ хөхрөнө. Уушгинд амьсгал үл сонсогдоно. Булчин сулран артерийн даралт буурч, зүрх судасны цочмог дутмагшил үүснэ. Бөөрний дээд дааврын дутмагшил болно.

Яаралтай тусламж. Багтраа өвчний эмчилгээ шалтгаан, эмгэг жам, эмнэлзүйг барьж, өвчтөний онцлогийг харгалзсан иж бүрэн байх ёстой. Нэг өвчтөнд таарсан эм нөгөө өвчтенд үр дүн муутай байж болно. Иймээс эмчилгээний тактик нь өвчний хүнд хөнгөн, өвчний дахилт, үргэлжлэх хугацаа, хэрэглэж байгаа эм, эмчийн дадлага туршлагаас хамаарах нь олонтаа.

Хөнгөн хэлбэрийн эмчилгээ: 1) Өвчтөнг тайвшруулахын тулд томхон хүүхдэд сонирхолтой юм ярих, зураг үзүүлэх, ном уншуулж, бага хүүхдэд тоглоом өгч саатуулна.

Салхивч, цонх онгойлгох зэргээр цэвэр агаар амьсгалуулах.

Гар хөлийг 37—42°С-ийн халуун усанд 10—15 минут дүрэх, цээжинд бумба буюу горчичник тавих.

Хэрэв сайжграхгуй бол хүүхдэд тайвшруулах, гуурсан хоолой тэлэх эмчилгээ хийнэ.

Хүндэвтэр хэлбэрийн эмчилгээ: 1) Гуурсан хоолойн булчинг өргөсгөх утлага, сацлага хэрэглэх. Утлагаар: 1%-ийн изадрины уусмалаас 0,5 мл, 1%-ийн новодрин, зуспираны уусмалаас 0,5—1 мл-ээр нэг удаад, 2%-ийн алупентийн уусмалаас (5—10 минут амьсгалуулах), 0,5—1 мл солутанаар нэг удаа утна. 1,5%-ийн астмопентийн 0,5—1,5 мл уусмалыг сацлаар хэрэглэнэ.

2) Гуурсан хоолойн булчин өргөсгөх эмийг утлага, шахмал, лаа хэлбэрээр хэрэглэнэ. Үүнд: а) Изадрин гуурсан хоолойн нарийссан булчинг өргөсгөнө. Шахмалдаа 5 мг агуулагдана. 3—4 насанд 1/4; 5—7 насанд 1/3; 7—14 насанд 1/2 шахмалаар өдөрт 3—4 удаа хэлэн дор хэрэглэнэ.

б)      Алупент бага хүчтэй боловч удаан (4—5 цаг орчим) үйлчлэнэ. Наснаас хамаарч 1/4—1/2 шахмалаар өдөрт 3—4 удаа хэрэглэнэ. Салбутамол утлаганд зориулан 0,1 мг-аар савлагдана. 4—7 насанд нэг утлага, сургуулийн насанд 1—2 утлага өдөрт хэрэглэнэ. Вентолин сацлага буюу шахмалаар 2 мг байна. 3—4 насанд 1/6; 5—7 насанд 1/3; 7—14 насанд 1/2 шахмалаар хэрэглэнэ.

в)       Эфедрин гуурсан хоолойн булчинг өргөсгөнө. Нэг хүртэл насны хүүхдэд 2—3 мг; 2—3 насанд 3—10 мг; 3—6 насанд 10—20 мг; 6—12 насанд 20—25 мг-аар өдөрт
3—4 удаа хэрэглэнэ.

г) Эуфиллин (сантофиллин, аминофиллин, диафиллин) гуурсан хоолойн булчинг өргөсгөнө. Бага насны хүүхдэд 5—10 мг, сургуулийн өмнөх насанд 20—30 мг; сургуулийн насанд 30—50 мг-аар өдөрт 2—3 удаа хэрэглэнэ.

Бургуйгаар хүүхдийн кг жинд 5 мг-иар бодно.

д)      Теофедрин ба антастман уухаар 5 хүртэл насанд 1/4—1/2; 6—12 насанд 1/2—2/3; ахлах насанд 2/3—1 шахмалаар хоногт 2—3 удаа хэрэглэнэ.

3. Дээрх эмчилгээтэй хамт гистамины эсрэг бэлдмэл уухаар эсвэл өвчин ужиг үед тариагаар хослон хэрэглэнэ. Үүнд:

а)      Димедрол нэг хүртэл насанд 2—5 мг; 2—5 насанд 5-15 мг; 8—14 настайд 2—3 мг-аар хоногт 2—3 удаа уух буюу 1%-ийн уусмал кг жинд 2 мг-аар тооцон тарина.

б)      Дипразин буюу пипольфен 3 cap хүртэл хүүхдэд 25 мг, 3 сараас 2 настайд 5 мг, 2—5 настайд 10 мг, 5—10 настайд 10—20 мг-аар хоногт 2—3 удаа уулгах буюу 2,5%-ийн
уусмалаас кг жинд 2 мг-аар тооцон булчин, судсанд тарина. Эсвэл лаагаар 25 мг хэрэглэнэ,

в)       Супрастиныг пипольфентэй адил тунгаар хэрэглэнэ.

г)       Диазолин (омерил, инцидал) дээрх бэлдмэлийг бодвол удаан үйлчилгээтэй, нойрсуулахгүй. Хэрэглэх тун димедролтой ижил.

д)      Этизин (анерган, фенетазин) тайвшруулах нөлөөтэй, (Хэрэглэх тун димедролтой адилхан. Элэг бөөрний цочмог дутмагшлийн үед хэрэглэхгүй.

е)       Тавегил-удаан үйлчилгээтэй бэлдмэл. Зургаан нас хүртэл хүүхдэд 1/2; ахлах насанд 1 шахмалаар өдөрт 1—2 удаа хэрэглэнэ. Шахмалдаа 1 мг агуулагдана.

4.       Тайвшруулах эмчилгээ шаардлагатай. Тухайлбал: мепротан (андаксин) 3—8 настайд 0,1—0,2 гр; 8—14 настайд 0,2 гр-аар өдөрт 2—3 удаа; хлордиазеноксид (элениум) 2,5—5 мг-аар өдөрт 2 удаа; триоксазин 1/4—1/2 шахмалаар өдөрт 3 удаа (шахмалд 0,3 гр) хэрэглэнэ.

5.       Цэр задлах, шингэрүүлэх, ховхлох эмчилгээ бас хийнэ. Үүнд: 2%-ийн иодит кали кг жинд 10 мг-аар тооцон уулгах (голчлон эфедрин, эуфиллинтэй хамт) буюу трипсин, химотрипсин, химопсин зэрэг ферментийг 5—20 мг-аар утна. Энэ зорилгоор 6%-ийн ацетилцистейны (мукомист) уусмал хэрэглэж ч болно.

Хүнд хэлбэрийн эмчилгээ. 1. Өвчтөнг цэвэр, чийглэг, агааржилт сайтай, тусгай өрөөнд хэвтүүлнэ.

0,1%-ийн адреналины уусмалыг кг жинд 0,01 мг, 5%-ийн эфедрины уусмалаас кг жинд 0,75 мг-аар тооцон арьсан дор тарьж хэрэглэхэд бие биенийхээ үйлчлэлийг тэтгэнэ. Адреналины үйлчлэл 2-3 минутын дараа эхэлж 20 минутаас 2 цаг, эфедрины үйлчлэл 20—10 минутын дараа эхэлж 4—6 цаг үргэлжилнэ.

Дээрх эмчилгээнд засрахгүй бол 2,4%-ийн эуфиллины уусмалаас хүүхдийн кг жинд 3—6 мг-аар тооцон (нэг удаад 10 мл-ээс хэтрэхгүй) булчин, судсанд тарина. Мөн 10—20%-ийн глюкозын уусмалтай хамт (5—7 минутанд) судсанд хийх эсвэл 6—8 цагийн дараа давтан хийнэ.

Амьсгал дутмагшил нэмэгдсэн тохиолдолд дааврын бэлдмэл хэрэглэнэ. Үүнд: кг жинд преднизо­лоныг 1 мг, гидрокортизоныг 5 мг-аар бодно. Эдгээр бэлдмэл харшил үрэвслийг багасгаж, гистамины нийлэгжилтийн эсрэт үйлчлэл, аденозинмонофосфорын мөчлөгийг (цАМФ) идэвхжүүлэн, ᵦ-адренорецепторын ажиллагааг нэмэгдүүлснээрээ гуурсан хоолойн гөлгөр булчингийн нарийсалтыг өргөсгөнө.

5.       Эуфиллины зэрэгцээ коргликон судсаар тарихад үр дүнтэй. 0,06%-ийн коргликоны уусмалаас ой хүртэл хүүхдэд 0,05—0,1 мл, 2—5 насанд 0,2—0,5 мл, 6—12 настайд 0,5—0,75 мл тарина.

6.       Хүчилшилтийг эмчлэхийн тулд 4%-ийн содын уусмалаас кг жинд 3—4 мл буюу 0,3 М трисамины уусмал хийнэ. Мөн суурийн дутмагшлийг Аструпын аргаар тодорхойлон зохих хэмжээний шингэн юүлнэ.

Гуурсан хоолой цэр, салстаар бөглөрөх учир цэр ховхлох, шингэлэх эм хэрэглэн амьсгалын замыг чөлөөлнө. Үүнд: уухаар 2%-ийн иодит калийн уусмалыг кг жинд 50 мг-аар, 10%-ийн иодит натрийн уусмалаас кг жинд 15—20 мг-аар тооцон судсанд тарина. Хуримтлал үүсэхээс сэргийлэн 5—7 хоног хэрэглээд 1—2 хоног завсарлах хэрэгтэй. Мөн ипекакуан, термопсис, сенега уулгаж иллэг хийж, цэр ялгарах байрлалаар өвчтөнг байлгана.

Хамар залгиур, амьсгалын дээд доод замын халдвар хавсарсан үед антибиотик эмчилгээ заавал хийнэ. Сигмамицин, метациллин оксациллин, тераолеон, цепорин, эритромицин зэрэг өргөн хүрээний үйлчилгээтэй, эмчилгээний идэвхтэй үр дүн гарах бэлдмэл хэрэглэнэ.

Витамин эмчилгээ (ялангуяа-В бүлэг)

10.     Гепарин эмчилгээг кг жинд 100—150 нэгжээр тооцон 4—6 цагаар булчин, судсанд тарина.

«Багтрах байдлын» эмчилгээ. Нэгдүгээр шатны эмчилгээ.

2,4%-ийн эуфиллины уусмалаас кг жинд 4—6 мг-аар тооцон-0,9%-ийн хлорт натрийн уусмалтай хольж судсаар тарина.

Хүчилтөрөгч, витамин эмчилгээ

Тайвшруулах, нойрсуулах эмчилгээ

Хүчилшилтийн эсрэг эмчилгээ

Амьсгалын замыг чөлөөлөх

Дааврын эмчилгээг хэрэглэнэ.


Хоёрдугаар шатны эмчилгээ.

2%-ийн содын уусмал буюу физиологийн уусмалаар гуурсан хоолойг угаах.

Преднизолоныг кг жинд 1,5— 2 мг-аар эхэлж тунг аалшаар буулган 2—3 долоо хоног хэрэглэх.

Даавар эмчилгээний дэвсгэр дээр хүнд үеийнх шиг эмчилгээний зарчим баримтална.

Шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.

Гуравдугаар шатны эмчилгээ:

1. Дааврын бэлдмэлийг цохилтын тунгаар кг жинд 3—6 мг-аар бодно. (Өвчтөний кг жинд 2 мг-ийг уухаар, үлдсэн тунг судсанд 2,4%-ийн эуфиллин, 5%-ийн глюкоз, 0,9%-ийн хлорт натрийн уусмалтай хамт хийх).

Зүрх судасны цочмог дутмагшилтай тэмцэх

Гепарин эмчилгээ хийх

Зохиомол амьсгал хийх

Сэхээн амьдруулах арга хэмжээг яаралтай авна.

Сэхээн амьдруулах арга хэмжээ авах заалт:

Бөглөрөлтийн улмаас амьсгал цочмог боогдох

Зүрх судасны цочмог дутмагшил болох

Амьсгалын төв саажих

Гялтангийн хөндийд хий хуримтлагдах тохиолдолд хийнэ.

Редакцид ирсэн 1987—01—24

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2071
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК