Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2008, 5(24)
Үйл ажиллагаа ба хилс хэрэг
( Түүх )

Д.Далайхүү 

 

 

1930-1960-аад оны монголын нийгэм, анагаах ухаан, утга зохиол, орчуулгын салбарт Б.Гонгоржав зохих байр суурь эзэлсэн хүн билээ. Б.Гонгоржав манай улсын анхны их эмч, Ленинградын багшийн дээд сургууль, Цэргийн хүн эмнэлгийн академид амжилттай суралцсан ч түүнийг төгсөөгүй юм. Гэвч хожим түүнд мэргэжил мэдлэг, дадлага, чадвар бичсэн зүйлийг үнэлэн хүн эмнэлгийн дээд сургууль төгссөн үнэмлэхийг нөхөн олгосон Б.Гонгоржав цэргийн дарга нарын курсэд багшилж байхдаа тэдэнд гарын авлага материал болох “Идэр цэрэг хэмээх улаан цэргүүдийн цагаан толгой” номыг зохиож 1932 онд хэвлүүлжээ. 1939 оны 7 сараас эхлэн арьс өнгөний их эмчээр ажилласан ба энэ үед анагаах ухааны латин нэр томъёог орчуулж тусгай ном бэлтгэжээ. 1941 онд түүний “Анагаах ухааны нэр томъёо” ном хэвлэгдэн гарсан ба хожим 1950, 1958 онд Эрүүлийг Хамгаалах Яамны дэргэдэх нэр томъёоны комиссын гишүүнээр томилогдон ажиллаж байсан юм. 1939 оны 9 дүгээр сард хуралдсан МАХН-н Төв Хорооны тэргүүлэгчдийн хурлаар “Ардын эрүүл мэндийн төлөө” сэтгүүлийг Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн “Шинэ толь” сэтгүүлд хавсруулан гаргахаар тогтоож энэ сэтгүүлд эмнэлгийн талаар холбогдох материалыг хэвлэн нийтлэх, мэргэжилтэн эмч нарын бичсэн өгүүлэл, нийтлэлийг орчуулан гаргах үүргийг Б.Гонгоржав хариуцан хийж байжээ. Тухайлбал: “Шинэ толь” сэтгүүлийн 1940 оны эхний дугаарт нийтлүүлсэн “Гоноррея буюу хүйтэн өвчин” гэгч ямар өвчин болох, түүний халдварлах зам, өвчний шинж тэмдэг, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай бичсэн нь тухайн үед эмнэлгийн ухуулга сурталчилгааны материал болж байв. Мөн З.И.Певзнерийн “Бэлэгсийн өвчнүүдтэй тэмцэх тухай” номыг 1941 онд орчуулснаас гадна В.И.Лениний зарим зохиол бүтээл, түүхийн холбогдолтой ном зохиол орчуулжээ. Тухайлбал: 1941 онд В.И.Лениний “Нийгэм журмын хувьсгал ба үндсэний тусгаар тогтнох эрх ”-ийг орчуулж, “Төр ба хувьсгал” зохиолыг 1939, 1940 оны үед Цэндсүрэн, Б.Ишдорж, Даваабадмаев нартай хамтран “Улс ба хувьсгал”1 нэртэйгээр орчуулан гаргажээ. 1940 оны орчуулах зохиолын төлөвлөгөөнд В.И.Лениний “Материализм ба эмпириокритицизм”2 зохиолыг Б.Гонгоржав орчуулахаар заасан байдаг бөгөөд чухам орчуулсан эсэх талаар тодорхой зүйл олж мэдсэнгүй. Тэрээр зөвлөлтийн монголч эрдэмтэн Б.Я. Владимирцовын 1934 онд бичсэн “Монголын нийгмийн байгуулал, Монголын нүүдлийн феодализм” номыг орчуулсан бөгөөд 1939 онд “Большевикуудын намын түүх”, “Орос-Монгол нэр томъёоны толь бичиг”-ийг орчуулахад идэвхтэй оролцжээ. Энэ нь түүний мэдлэг боловсролтой, чадварлаг орчуулагч болохыг харуулж байгаа юм. 1940 оны 3-р сард хуралдсан МАХН-ын X их хурлаар“… эл жилүүдэд бүх салаа мөчрүүдэд боловсон ажилчид ихээхэн өсчээ …Мөн үндсэний шинэ хүчнүүд өссөн бөгөөд тэдгээрийн дотор эрдэмтэн хүмүүс цөөнгүй буй. 1930-1960-аад оны монголын нийгэм, анагаах ухаан, утга зохиол, орчуулгын салбарт Б.Гонгоржав зохих байр суурь эзэлсэн хүн билээ. Б.Гонгоржав манай улсын анхны их эмч, Ленинградын багшийн дээд сургууль, Цэргийн хүн эмнэлгийн академид амжилттай суралцсан ч түүнийг төгсөөгүй юм. Гэвч Жишээлбэл: … эмчлэн сэргийлэх яр хүйтэн өвчний доктор Гонгоржав… нар ба бас сүүлийн жилүүдэд өссөн манай шилдэг сайн ажилчид буй бөгөөд тэдгээр нь монголын жинхэнэ шинэ хүмүүс байна. Энэ нь бидний өсгөж төрүүлсэн бөгөөд Монгол улсын бадран мандаж болох хувьсгалын тэргүүний хүмүүс болно”3 хэмээн сайшаан тэмдэглэж улс хувьсгалын 19 жилийн ойгоор Засгийн газрын хүндэт үнэмлэхээр шагнажээ.

Хэдийгээр Б.Гонгоржав мэргэжлийн үнэмлэхээ авч чадаагүй ч эзэмшсэн мэдлэг боловсролоо практик чадамгай хэрэглэж ард олны эмчлэн сэргийлэх ариун үйлсдээ үнэнхүү хичээн зүтгэж байв. Мөн тухайн үед анагаах ухааны салбарын мэргэжлийн их эмч ганцхан хүн нь Б.Гонгоржав байлаа. Тэрээр удалгүй Эрүүлийг Хамгаалах Яамны сайд болж тухайн үед чухал шаардлагатай ажлуудыг түргэн шуурхай гүйцэтгэж байжээ. Тухайлбал: Арьс өнгөний өвчинг ирлүүлэх, өвчтнүүдийг албадан эмчлэх талаар МАХН Төв хороо, СнЗ-ийн 63/19 дүгээр тогтоол гаргаж яр хүйтэн өвчинтэй тэмцэх ажлыг улам эрчимжүүлж энэ ажлыг төвлөрсөн удирдлагатай болгожээ. Үүний үр дүнд 1941-1942 онд хөдөө орон нутагт байсан яр хүйтэн өвчнийг бусдад тараагчдын зөвхөн 35 хувийг илрүүлэн олж байв. Мөн энэ онуудад мэс заслын эмчилгээнд Вишневскийн тостой боолтыг хийх эмчилгээний аргыг эхлэн хэрэглэсэн ба 1941 оны III сард 20 гаруй ортой сүрьеэгийн тасаг нээн ажиллуулсан байна. Ажилчин, албан хаагчдын амрах эрхийг нэлээд анхаарч Улаанбаатар хотын дэргэд 40 ортой Сэлбийн амралт, Нүхтийн аманд СнЗ-ийн 30 ортой амралтыг, Өвөрхангай аймгийн Хужирт суманд 40 ортой амран сувилах газрыг тус тус нээн ажиллуулжээ.

Б.Гонгоржав эмнэлэг, эрүүл ахуйн сурталчилгааны төв болсон ариун цэвэр гэгээрлийн ордны эх үүсвэрийг тавьсан хүний нэг бөгөөд тэрээр хүүхдийн ясли, хүүхдийн сүү, хоол бэлтгэх газрыг аж үйлдвэрийн комбинат дээр байгуулж сургуулийн амбулаторийг нээн хүүхдийг эмчлэх, тэднийг өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлуудыг явуулж байв. 1942 онд байгуулсан Монгол улсын Их сургуулийн 3 салбарын нэг болох хүн эмнэлгийн салбарыг 34 оюутантай нээж мөн дээд сургуульд суралцах бэлтгэлийг хангах зорилгоор бэлтгэл ангийг нээжээ. Мөн тахал эсэргүүцэх станцыг Улаанбаатар хотод нээж шинжилгээ явуулах туршлагын амьтантай болж тахлаас сэргийлэх арга хэмжээг улам сайжруулж ухуулан таниулах ажлыг өргөтгөсөн байна. 1942 онд 18 аймагт эмнэлгийн хэлтэс, больниц, амбулатори байгуулж, зарим аймагт эмэгтэйчүүд, арьс өнгөний өвчний салбар, хүүхдийн яслитай, сум бүр эмнэлгийн салбартай болж тэдний ихэнхийг мэргэжлийн бага эмч удирдаж байжээ. Мөн энэ үед судасны цусыг Вассерманы урвалаар шинжилж далд яр илрүүлэх ажлыг анх эхэлж явуулсан байна. Б.Гонгоржав арьс өнгөний тасгийн орыг 91 болгож өвчтөн хүлээн авах тоог нэмэгдүүлж нялхас эмэгтэйчүүдийг тогтмол үзэж эмчийн хараа хяналтанд авч зөвлөлгөө өгөх ажлыг анх санаачлан түүнийг амьдралд хэрэгжүүлсэн байна. 1942 онд эмийн сан наймыг шинээр нээн ажиллуулжээ. Ийнхүү эрүүлийг хамгаалах салбарт үр бүтээлтэй, тодорхой ажлууудыг санаачлан хийхийн зэрэгцээ хөдөө, орон нутгийн малчид, хөдөлмөрчдийн ажил, амьдралын байдлыг нам, төрийн удирдагчдад уламжлах нөгөө талаар Засгийн газрын бодлого шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэх зорилгоор хөдөө орон нутгаар явж байсан юм. Тэрээр 1942 оны 4-9 дүгээр сар хүртэл Дорноговь аймагт МАХН-ын Төв Хороо, засгийн газрын төлөөлөгчөөр ажиллахдаа аймгийн төв, сумын ажил байдалтай танилцахаас эхлэсэн байна. Дорноговь аймгийн 17 сумаас 16 суманд нь очсон бөгөөд зарим сумдад 2-4 удаа очиж ажилласан байна. Б.Гонгоржав эхлээд Өргөнцэцэрлэг сумын 10 гаруй айл өрхөөр орж ухуулга яриа хийн хөөврийг нь аваагүй адуу, үхрийг хөөвөрлөх аргыг зааж өгч тэндээс Эрдэнэ сумын төв хүрч сумын удирдлагатай уулзан айл өрхүүдээр орж аж байдалтай нь танилцан, ухуулга таниулга хийж яваад зэргэлдээ Баянмөнх сумын II багийн Минжүүр, Ухнаа гэдэг айлд очиход ямаагаа самнаагүй байсан тул 10 гаруй ямааг өөрөө самнан дундын хэмжээгээр 400 гр ноолуур авч өгчээ. Б.Гонгоржав энэ мэтээр ямаа самнах, хонь хяргах, адуу үхрийн хөөвөр авах ажлыг биеэрээ үлгэрлэн үзүүлж жижиг гэлгүй дутагдлыг нь хэлж өгч байжээ. Тухайлбал: “Дэлгэрэх сум орж намын үүрийн дарга Чогсом, сумын даргыг орлож байсан Жамъяанжав, хоршооны дарга Шагдаржав нартай уулзаж ажил хэрэгтэй нь танилцаад тус суманд анх заавал тушаах ноосныг ногдуулахдаа тийм төрлийн ноосыг тус бүр төчнөөн кг тушаасугай хэмээн тааварлан тулгаж бичсэн энэ алдааг би хэлж өгч, цуглуулж авсан ноос ноолуураа байдал дээрээс албан журмаар өгөх ноосны төрөл хэмжээг өөрсдийн дураар тушаах эрхтэй гэдгийг залруулан хэлж өгөв. Ноосны мэдээг үйлдэхдээ гэрээлсэн ноосныг албан журмын ноосон дээр нэмж хувь гарган явуулж байсан нь ташаа болж байсан ба зарим агентууд нь ардууд лугаа ноосны гэрээгээр ноос хүлээн авахдаа маягтыг ёсчлон бичсэнгүй хийгээд гэрээгээр ноос хүлээн авахдаа маягт тасалбарыг бичиж өгдөггүй зэргийг зааж өгөв”4 гэжээ.

1940 оны арван хоёрдугаар сард хуралдсан МАХН-ын Төв Хорооны Бүгд хурал 1941 оноос эхлэн улс ардын аж ахуйг жил жилийн төлөвлөгөөтэй удирдах шийдвэр гарган баталж энэ шийдвэрийн дагуу “Ноос бол алт” уриаг дэвшүүлэн аймаг, сум, баг бүрт ноос, ноолуур, хөөвөр, хялгас бэлтгэх төлөвлөгөө зааж өгсөн бөгөөд тухайн үеийн нам засгийн удирдлага малчдын нийгмийн асуудлыг харгалзан үзэхгүйгээр тэднээс зөвхөн төлөвлөгөө биелүүлэхийг хатуу шаарддаг байсан юм. Энэ байдлыг Б.Гонгоржав ойлгож ер нь малчдын ахуй амьдралыг дээшлүүлэхгүйгээр төлөвлөгөөт ажил биелэхгүй болохыг мэдэрч нам төрийн удирдлагад мэдэгдэж байжээ. Энэ тухайгаа “тус аймгийн дотор цаг агаар, хүний хоол унд, мал, идэш ногооны тал туйлын хүнд байдалтай оршиж ирсэн ба эдүгээ хүртэл хүнд хэвээр сумд нэлээд буй. Үүний дотроос онцлог нь Мандах, Өргөнцэцэрлэг, Сайхандулаан, Улаанбадрах эдгээр 4 сум болно. Эдгээр сум ноднин гандсан, өвөл зуд болсон одоо мөн бороо чийг үзэгдээгүй ногоо ургалгүй, ямагт салхи шуураг болж байдаг байна. Эдгээр суманд мал үлэмжхэн үхсэн ба унаа хөсөг үгүйдэж хол оторлон нүүж чадахгүй байдалтай байна. Бас идэх малгүй болж өлсөх аюул тулгарсан бөгөөд улсын тэтгэвэрт орохуйц айлууд эдгээр сумдын хэмжээн дээр нэлээд байсныг тусгайлан бүртгэж Засгийн газар хүргүүлсэн юм. Аймаг орны хэмжээгээр авч болхуйц арга хэмжээ авч мөн төвөөс удаа дараа тусламж үзүүлж гурил, шар тос зэргийг явуулсан боловч хэрэгцээг хангаж чадаагүй байна. Энэ гүжир хүнд байдал нь манай ноос бэлтгэлийн ажилд ихээхэн нөлөөг үзүүлсэн юм”5 гэжээ. Энэ бүгдээс үзэхэд Б.Гонгоржав тус аймгийн сум, иргэн нэг бүртэй ажилласан бөгөөд энэ нь түүний ажилч хичээнгүй чанар, ажлыг хар бор гэж ялгадаггүй өвөрмөц чанарыг илтгэх нэгэн хэмжүүр болсон юм.

1943 оны 3 дугаар сарын 16-нд болсон БНМАУын 26 дугаар Бага хурлаар 1942 оны ноос, мал бэлтгэлийн ажлын дүнг хэлэлцэн аймгуудыг байр эзлүүлэхэд Дорноговь аймаг хоёрдугаар байранд орж хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнуулжээ. Үүнд Б.Гонгоржавын 5 сар ажилласны үр дүн зохих ёсоор нөлөөлсөн нь лавтай.

Б.Гонгоржав 1942 оны XI сард ЭХЯ-ны сайдын ажлаас халагджээ. Чухам яагаад халагдсаныг тодруулбал: 1942 оны 11 дүгээр сарын 25-ны МАХН-ын Төв Хорооны тэргүүлэгчдийн 81 дүгээр хурлын тогтоолд” н. Б.Гонгоржав нь архи дарсыг ихээр уудаг ба удаа дараагаар садар самуун явж байсан бөгөөд энэ тухайд нь Намын Төв хорооноос сануулсаар атал засрахгүй уул байдлыг үргэлжлүүлсээр буй тул ЭХЯ-ны сайдын ажлаас халж намын гишүүний хувьд хатуу донгодлогыг өгсүгэй“6 гэжээ.

Тухайн үеийн нам засгийн удирдлага Б.Гонгоржавыг албан ажлын хариуцлага алдсан гэх ямар нэг шалтаг шалтгаан олдохгүй байсан учир түүний хувийн амьдралд нь оролцож, түүгээр нь шалтгаалан ажлаас нь халжээ. Гэвч өөрийнх нь мэдүүлсэн доорхи зүйл ажлаас нь халахад нэлээд их түлхэц өгсөн байж болох юм. Үүнд: “Би сайд байхдаа архи ууж согтуу явах нь олон үзэгддэг байв. Түүгээр үл барам СССР-ийн элчин сайдын газраас Октябрийн баярын будаалга хийж Монголын нам засгийн эрх баригчдыг урьж хүндэлсэн ёслолын будаалгад миний бие шал согтуу орж ирээд дээрээс нь нэмж уугаад ухаан мэдээ алдчихсан байсан байна. Энэ явдал бол хэдий санамсаргүй гарсан боловч монгол улсын сайд хүний нэр төр алдарт эвгүй байснаас гадна гадаадын элчингийн ёслолын будаалгыг доромжилсон мэт болсон ба өөрийн нам засгийн удирдагчын нүүр улайлгахад хүргэсэн юм. Иймд ганцхан үүн дээрээс намайг огцруулж сахилга батын хувиар цээрлэл үзүүлж болох байсан байна”7 гэжээ. Б.Гонгоржав оросуудад дургүйлхсэндээ ч архи уусан байж болох талтай. Б.Гонгоржавыг ЭХЯ-ны сайдын ажлаас халахад нь ЭХЯ-ны зөвлөх З.И.Певзнер гол үүрэг гүйцэтгэсэн ажээ. Энэ тухай 1944 оны 5-р сарын 5-ны мэдүүлэгт “би сайдаас огцруулагдсны дараа нөхөр Шинэн (ЭХЯ-ны сайд байсан)-тай уулзаад намайг Төв Хорооны тэргүүлэгчдийн хурлаас огцруулав хэмээн мэдэгдээд намайг багахан хилсдүүлж шийтгэв гэх төлөвтэй ярьсан. Эрүүлийг хамгаалахын ажил хэрэг дээр онцын алдаа буруу гарсан явдалгүй. Би Төв Хороо, Засгийн газрын төлөөлөгчөөр Дорноговьд ажиллахдаа сайн ажилласан. Энэ ажил их амжилт гаргасан бишүү гэх зэргээр биеийг зөвтгүүлэхийг оролдов. Бас миний тухай магад худлаар гүтгэсэн хов мэдүүлэг Төв Хороонд бусдаас оруулсан буй за. Тэдний дотор манай яамны зөвлөх Певзнер лав буй хэмээн би таамаг ярив. Шинэнгээс зөвлөх Певзнер чиний тухай Төв Хороонд мэдүүлэг оруулсан гэж өөрөө хэлж байсан гэв”8 хэмээснээс үзэхэд орос зөвлөхүүд нам, засгийн удирдлагын ажилд оролцон санаснаа хийдэг байсны нэг тодорхой баримт гэж үзэлтэй. Б.Гонгоржав ажлаасаа халагдаад нэг сарын дараа буюу 1942 оны 12 дугаар сараас Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн хэл бичиг, утга зохиолын салбарын орчуулагч, редактороор ажиллажээ. Энд нэг жил зургаан сар ажиллахдаа А.С.Пушкиний “Ахмадын охин”, “Дубровский” тууж, Лев Толстойн “Кавказад олзлогдсон хүн ”, “Хаджи Мурат”, И.С.Тургеневийн “Анчны тэмдэглэл”, М.Ю.Лермонтовын шүлэг зохиол, мөн Зөвлөлтийн ард түмний эх орны дайны тухай өгүүллэг арвыг, Ги де.Мопассоны “Хүзүүний чимэг ”, “Хоёр нөхөр”, “Мадемаузель Фифи” зэрэг зөвлөлтийн болон францын алдартай зохиолчдын бүтээл туурвилаас орчуулсан байна. Мөн Максим Горькийн “Миний их сургууль”, Д.Пэрлээн орчуулсан М.Ю.Лермонтовын шүлгүүдийг хянан засварласнаас9 гадна. Монголын эртний уран зохиолын гурван оргилын нэг Гэсэрийн туужийг эмхтгэн боловсруулж түүний 12 бүлгийг шинээр цуглуулан олж, нийт 19 бүлэгтэй болгон удиртгал, тайлбар өгүүллүүдийг хавсарган “ Гэсэрийн тууж ”-ийн гадаадын эрдэмтдийн судалгаа хэзээ хаана эхэлсэн, ер нь хэн хэн гэдэг эрдэмтэд хэрхэн судалсан талаар “Гэсэрийн туужийн тухай ” гэсэн өгүүлэл бичиж “Шинжлэх ухаан ” сэтгүүлийн 1944 оны 7 дугаарт нийтлүүлжээ. Б.Гонгоржав шоронгоос суллагдсны дараа бараг сар бололгүй төв больницын арьс өнгөний тасгийн их эмчээр ажиллаж эхэлсэн ба 1946 оны 9 дүгээр 20-ны БНМАУын Сайд нарын Зөвлөлийн 61 дүгээр тогтоолоор анх бие даасан арьс өнгөний нэгдсэн больницыг байгуулахад түүнийг их эмч, эрэгтэйчүүдийн тасгийн эрхэлсэн эмчээр томилжээ. Тэр эмчийн ажлаа зөвхөн Улаанбаатар хотоор хязгаарласангүй хөдөө орон нутгаар явж малчид, хөдөлмөрчдийг үзлэгт өргөнөөр хамруулан эмчилдэг байв. Тухайлбал: 1947оны 5- 6 дугаар сард Баянхонгор аймагт, 10-11 дүгээр сард Хөвсгөл аймгийн ард түмэнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх ялангуяа халдварт арьс өнгөний өвчнөөр өвчлөгсдийг судлах зорилгоор эмнэлгийн экспедицийг удирдан ажиллаж хүн амыг эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулж байв. Б.Гонгоржав 1948 онд Сэлэнгэ аймагт, 1952 оны 4-8 сар хүртэл Өмнөговь аймагт ажилласан экспедицийн бүрэлдхүүнд орж ажиллажээ. Өмнөговь аймагт хэрхэн ажилласан тухай хожим гавъяат эмч болсон Ш.Даш дурсан ярихдаа “ЭХЯ – наас эрхлэн 1952 оны зун Өмнөговь аймагт арьс өнгөний өвчтэй гэгдэж байсан 6 сумын хөдөлмөрчдөд үзлэг шинжилгээ хийж илэрсэн өвчтнийг эмчлэн эдгэрүүлэх ажлыг зохион явуулсан нь их л чухал зүйл болж байсан юм”10 гэжээ. 1946 оны байдлаар арьс өнгөний нэгдсэн эмнэлэгийн их эмчийн зургаа нь Зөвлөлтийн их эмч, мэргэжилтнүүд ганц монгол эмч нь Б.Гонгоржав байв.

Б.Гонгоржав 1950 онд Эрүүлийг Хамгаалах Газар байгуулагдсны 25 жилийн ойгоор хэвлэн гаргах номуудыг бусадтай хамтран бичиж заримыг нь редакторлон гаргажээ. 1951 оны 11 дүгээр сард арьс өнгөний больниц ба диспансерийг нэгтгэн ерөнхий их эмчээр Б.Гонгоржавыг томилон ажиллуулсан ба 1952 оны 4 дүгээр сараас 1960 он хүртэл арьс өнгөний больниц ба диспансерийн даргаар ажиллажээ. МАХН-ын Төв Хороо, БНМАУын СнЗ-өөс 1952 оны 7 дугаар сарын 8-нд “Тус улсын хүн амын дотор арьс өнгөний өвчинтэй тэмцэх тэмцлийг өрнүүлэх арга хэмжээний тухай 235/64 дүгээр тогтоол гаргаж 1952-1956 онд тус улсын хүн амыг арьс өнгөний өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх үзлэг явуулах 4 отрядыг тус бүр 24 хүний бүрэлдхүүнтэй зохион явуулсан байна. Эдгээр отрядуудын дүнг авч хэлэлцээд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл 1955 оны III сарын 29-нд 126 дугаар тогтоол гаргаж энэ тогтоолоор Улаанбаатар хотын арьс өнгөний нэгдсэн диспансер больницыг Улсын арьс өнгөний нэгдсэн диспансер больниц болгон өргөтгөж улсын хэмжээгээр арьс өнгөний өвчинтэй тэмцэх арга хэмжээг удирдан зохион байгуулах ажлыг хариуцуулжээ. Б.Гонгоржавыг ажиллуусан 1950-1960 онд арьс өнгөний халдварт өвчинтэй тэмцэх ажил улсын чанартай, бие даасан, нэгдмэл нэг удирдлага зохион байгуулалттай системтэй болж хөдөөгийн хүн амд үзүүлэх арьс өнгөний эмчийн нарийн мэргэжилийн тусламж өргөжиж, боловсон хүчний хангалт нэлээд сайжирчээ. 1957 оны 7 дугаар сард Москва хотод ЗХУ, БНМАУ-ын Засгийн газар хооронд хамтран ажиллах гэрээ байгуулж энэ гэрээний үндсэн дээр МАХН-ын Төв Хороо, БНМАУын Сайд нарын Зөвлөлөөс 1958 оны 3 дугаар сарын 14-нд 56/69 дүгээр тогтоол гаргасны дагуу Монгол Зөвлөлтийн хамтарсан эрүүлжүүлэх 35 отрядыг манай улсад зохион байгуулсан бөгөөд энэ отрядууд нь бүх аймаг сумдыг хамарч чадсан юм. Энэхүү Монгол Зөвлөлтийн хамтарсан эрүүлжүүлэх экспедици нь бүх өвчтний эмчилгээнд бициллиныг өргөн хэрэглэсэн нь сайн үр дүнтэй болж арьс өнгөний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сурталчилгааг үзлэг эмчилгээтэй хослон явуулсан нь ихээхэн ач холбогдолтой болсон юм….

... Б.Гонгоржавыг Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн хэл бичиг, утга зохиолын орчуулагч, редактороор ажиллаж байхад нь 1944 оны 5 дугаар арын 5-ны өдөр ДЯЯ-ны сайд III комиссар Б.Шагдаржав, улсын прокурор Банзрагч нарын баталсан дайчлан баривчлах тогтоолоор тус яамны албан хаагч Осоржав, Цэдэндорж, Цибиков нар баривчилжээ. Энэхүү дайчлан баривчлах тогтоолд “Энэхүү Гонгоржавын бие нь хувьсгалын эсэргүү өгүүлэл яриаг удаа дараагаар бусдад цуурхуулан ярьдаг ба ялангуяа эх орны дайнаас хойш Герман дийлэх ёстой хэмээн Германы фашизмыг магтаж сайшаахын хамтаар үндэсний панмонголизмын үзэл сурталыг хатуугаар баримталсан үзэлтэн этгээд болох нь илэрхий бөгөөд н.Гонгоржаваас “Миний бие болбол үндэсний үзэлтэй хүн мөн юм. Энэ бодлого бол өчүүхэн Монгол улсаа гэж боддог хүн бүхэнд мартагдаж болохгүй үзэл юм. Энэ талаар өнгөрсөн жилүүдэд олон олон гэрэлт толгойнууд үхэж үрэгдэв. Иймд эдгээр олон гэрэлт толгойнууд үхэж үрэгдсэн боловч үзэл онол нь хэвээр үлдэх болно. Мөн зарим Цэвээнжамсрановын зэрэг хүмүүс өөрийн үзэл суртлыг хэлсээр байж баатарлагаар үхсэн бөгөөд миний бие энэ үзэл бодлогын төлөөнөө үхэхэд бэлэн гэх мэтээр хувьсгалд эсэргүүцсэн үзэл онол гаргадаг нь баримттайгаар илэрсэн болох тул” хэмээн үзэж баривчлаад мөрдөн байцаах хэлтэст шилжүүлсэн байна. 1944 оны 5 дугаар сарын 7-ноос байцаалт эхэлж эхний 3 мэдүүлгийг Б.Гонгоржав бичгээр өгчээ. Түүнийг мөрдөн байцаах хэлтсийн группийн дарга, ахмад Лувсанбалдан, мөрдөн байцаах хэлтсийн дарга, дэд хурандаа Самбууням, хэлтсийн сургагч Цимбалистов нар нойр хоолгүй жижүүрлэх, зодох, өндөр сандал дээр суулгах, айлган сүрдүүлэх зэргээр 34 удаа байцааж, хилс хэргийг нь хүлээлгэсэн байна. Б.Гонгоржавыг баривчилсны дараа түүний хийж гүйцэтгэж байсан ажил, хэлж ярьж байсан үг, өөрийн гэсэн үзэл бодлыг нь ямагт мушгин гуйвуулж, түүгээр хэргийг нь баримтжуулж байлаа. Тухайлбал “Чингис хааны тухай” лекц уншсанаар нь “панмонголизмыг тууштай баримтлагч” хэмээн буруутгаж, түүний үндэсний өв уламжлалаа дээдлэн хүндэтгэж ирээдүй хойч үедээ таниулан мэдүүлэх гэсэн эрмэлзлэлийг бөхөөж байв. Тэр энэ лекцийг хэрхэн бэлтгэж Чингис хааны тухай юу гэж ярьсныг түүний мэдүүлгээс тодруулсан юм.

1944 оны 3-4 дүгээр сард Б.Гонгоржавыг МАХН-ын Төв Хорооноос Монгол улсын Их сургуульд Чингис хааны тухай лекц уншиж өгөхийг хүссэнд Б.Гонгоржав зөвшөөрчээ. Намын Төв Хорооноос тийм чиглэлээр ингэж ярих хэрэгтэй гэсэн заавар ч түүнд өгсөнгүй. Энэ үед нийт ард түмнийг эх оронч үзлээр хүмүүжүүлэх зорилт тавьж Д.Намдаг “Шарай голын гурван хаан”, Ц.Цэдэнжав, Б.Бааст нарын “Цогийн идэр нас”, “Хатанбаатар Магсаржав” зэрэг жүжиг, тууж гарч байсан бөгөөд Б.Гонгоржав ч энэ лекцийг дээрх зорилгоор уншсан байна. Б.Гонгоржав энэ лекцээ бэлтгэхдээ В.Я.Владимирцовын “Чингис хаан”, “Монголчуудын тухай” хэмээх ном, мөн “Монголын нууц товчоо”, “Алтан товч” зэрэг тулгар бичгүүдийг ашиглажээ. Тэр лекцээ Намын Төв Хороогоор оруулж батлуулах эсэх талаар асуусанд хэрэггүй гэсэн байна. Б.Гонгоржав Чингис хааны тухай лекцэндээ монголын тархай бутархай олон овог аймгуудыг нэгтгэж их Монгол улс байгуулсан тухайг нь товойлгон ярьж өөрийнх нь мэдүүлснээр “Элдэв дүгнэлт хэлэхээс түдгэлзэж” ямагт түүхийн баримтуудыг тоочжээ. Түүнийг лекц уншихад Намын Төв Хорооны Н.Лхамсүрэн, Ш.Лувсанбалдан, Ч.Лодойдамба гэх зэрэг ажилтнууд суусан байн Лекц уншсаны дараагийн долоо хоногт Б.Гонгоржавыг МАХН-ын Дээд сургуулиас “Чингисийн тухай лекцээ уншиж өгнө үү? МАХН-ын Төв Хорооноос зөвшөөрөл авсан” гэжээ. Б.Гонгоржав ч лекцээ уншихдаа улс төрийн талаар олон дүгнэлт хэлсэнгүй, алдаа ташаа гаргах болзошгүй хэмээн аль болохуйц болгоомжилжээ. Энэ лекц ярианы тухай Б.Гонгоржав 1944 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн байцаалтан дээр мэдүүлэхдээ “Улсын их сургуульд Чингис хааны тухай лекц уншихдаа түүний ганцхан сайн талыг магтан муу талыг тэмдэглээгүй, үүнийг санаатайгаар панмонголизмын үзэл суртлыг нэвтрүүлэх зорилгоор яриагүй юм. Харин Чингис хааны тухай лекцийг уншихдаа би үнэхээр санаатайгаар түүний муу талыг тэмдэглэсэн түүхт бичиг баримтууд байгаагүй, гуравт Чингисийн муу талыг ярилгүй сайн талыг ярьснаар хүмүүсийг эх оронч үзэлтэй болгох зорилготой юм гэж би өөрөө ойлгосон” гэжээ. Б.Гонгоржав Чингис хааны тухай лекцээ хэрхэн уншсаныг дээрх мэдүүлгүүд нотолж байгаа юм.

1942 онд Б.Гонгоржав Дорноговь аймагт ажиллахдаа аймгийн хөдөлмөрчдөд Дэлхийн II дайны тухай мэдээлэл хийж ярьсныг нь МАХНын Төв Хорооны Улс төрийн Товчооны II хурал “Зөвлөлтийн ард түмний эх орны агуу их байлдаанд ЗХУ нь дайсныг дарж ялах явдлыг үл итгэх ба харин дийлэгдэх утга чанарын бодол саналыг олонтоо илэрхийлж байсан хийгээд зөвлөлтийн ард түмэн, түүний армийг элдвээр гүтгэх ба фашистын Герман болон түүний хань холбоотныг элдвээр сайшаан магтаж байсан” хэмээн дүгнэсэн бөгөөд мөрдөн байцаалтын үед энэ талаар нэлээд асууж шалгаасан байна. Дээрх хэргийн баримтад Дорноговь аймгийн сэргийлэхийн ажилтан Гэ.Дамба, мөн аймгийн ДЯЯ-ны хэлтсийн ажилтан Д.Цэнддоо нарын мэдүүлгийг хавсаргажээ. Энэ мэдүүлэгт “... Ер нь энэ байлдаан удаашрах шинж тэмдэг байна. Энэ Герман бол өөрийн колони орнуудаас өдий төдий хүчийг авчирч Зөвлөлтийн ихээхэн газар нутаг, хүн амыг хөнөөж хүчтэйгээр гүн орсон. Энэ дээр Зөвлөлт улс дийлэх байхын тааврын чанартайгаар ярьж байсны дээр ер нь нөхөр Гонгоржавын ярьсан ярианы үндсэн товч нь ийм болохын дээр Зөвлөлт улс ялах нь зайлшгүй юм хэмээх сэтгэл мэдрэл нөхөр Гонгоржавт огт байхгүй, харин Зөвлөлт улс дийлэх эсэх нь мэдэгдэхгүй, харин Герман улс дийлэх байх гэсэн чанарын үг нийт ажилчин албан хаагчдад ярьсан байна” гэжээ. Гэтэл Б.Гонгоржав тухайн үеийн олон улсын байдал, Зөвлөлт-Германы дайны тухай үнэнээр нь ярьжээ.

Б.Гонгоржав МАХН-ын Төв Хорооны 1943 оны 12 дугаар сард хуралдсан бүгд хурлын ажилд орчуулагч хийж байсан бөгөөд энэ бүгд хурлаас Ю.Цэдэнбалын “намын зохион байгуулалтын удирдлагын тухай илтгэл”-д гарах тогтоолын төлөвлөгөөг Б.Гонгоржав орчуулж байснаа тэр үед хамт орчуулга хийж байсан Ардын Гэгээрүүлэх Яамны орчуулагч Цэрэнжав, цэргийн яамны орчуулагч Жамбалсан зэрэгт “Хэрвээ энэ тогтоолын төлөвлөгөөг надаар төлөвлүүлсэн бол, би нэгдүгээрт: сүсэгтэн ард түмэнд нуух айх зүйлгүй бурхан шүтээндээ мөргөж түүнийг ил тахиж болох учрыг ухуулах хэрэгтэй. Хоёрдугаарт: цагаан сарыг ёсолж өнгөрөөдөг явдлыг сэргээх хэрэгтэй. Гуравдугаарт: элдэв зүйлийн лекц яриа, таниулгыг 70 хувь хүртэл цөөтгөх, Дөрөвдүгээрт: бичгийн албан хаагчдын орон тоог 50 хувь хүртэл хасах хэрэгтэй гэж бичихсэн. Хэрвээ ийм зүйлүүдийг явуулбаас мал аж ахуй дээр лав амжилт гарахсан” гэж ярьжээ. Энэ мэдүүлгийн талаар мөрдөн байцаалтын явцад олон удаа асууж шалгаасны эцэст “хувьсгалын эсэргүү сэдэвтэй үг яриа гаргаж байв” гэж дүгнэж цаашид үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарлаж байсан юм.

1944 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн байцаалтад “Та хэзээ, хэнтэй, хэрхэн, ямар байдалтай хувьсгалын эсэргүү сэдэвтэй яриануудыг явуулж байсан бэ?” хэмээн асуухад Б.Гонгоржаваас –Өнгөрсөн 1943 оны сүүлээр Шинжлэх ухааны хүрээлэнгийн хэл бичгийн тасагт ажлаа хийгээд сууж байтал над дээр “Үнэн” сонины ажилтан Б.Ринчин ирсэн тул миний түүнд хэлсэн нь: -Ринчин та Цэвээн Жамсрановын түүхийг сайн мэднэ шүү дээ, иймд түүний түүхийг тодорхой бичихгүй юу хэмээхэд Ринчингээс: -Бичээд яах юм бэ?, одоо ямар хэвлэх юм биш гэхэд нь би: -Жамсрановын түүхийг хэвлэхгүй боловч бичээд номын санд байлгавал түүх судлах хүмүүст хэрэгтэй юм. Саяхан “Талын баатар” гэдэг жүжгийн зохиолыг бичиж үлдээсэн хүн юм” хэмээн ярьж байсан гэнэ гэхэд Ринчингээс: “Би Жамсрановын түүхийг сайн мэдэхгүй тул бичиж чадахгүй. Харин мэргэн Гомбожав байсан бол тэр чинь Жамсрановын түүхийг ганц сайн мэддэг хүн байсан юм даа” хэмээсэн гэжээ. 1940 онд Цэвээн Жамсранов “панмонголизмын үзэлтэн” гэж ЗХУ-д шийтгэгдсэн бөгөөд Б.Гонгоржавыг “Ц.Жамсрановын үзлийг үргэлжлүүлэн сурталчлагч” гэж үзэж байсан юм. Ер нь Б.Гонгоржав эрдэмтэн мэргэдийн зохиол бүтээлийг байнга уншиж тэднээр бахархдаг байсны хувьд орчуулга болон бусад ажил төрлийн талаар Ц.Жамсрановтай уулздаг байжээ.

Дээрх байцаалтнаас Б.Гонгоржавыг эрдэмтэн зохиолч Б.Ринчингээс хувьсгалын эсэргүү зохиол бичихийг шаардаж байсан гэж дүгнээд тэр зохиолыг хэргийн бас нэгэн баримт болгосон байна.

Б.Гонгоржав хоригдож байхдаа бөөсний хижиг, гэдэсний хижгээр өвдөж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан ба мөрдөн байцаах хэлтсийн дарга, сургагч болон улсын прокурорт “урьдчилан хорих газар хоригдсоор даруй хагас жил болов. Миний бие эцэж туйлдсан ба олон жижиг хүүхэдтэй, ар гэрийн гачигдал буй тул бусдын гар даалттайгаар гэрийн газар байлгана уу” гэж удаа дараа хүссэнээс улсын прокурортой биеэр уулзахыг гуйж 2 удаа өргөдөл бичжээ. Гэвч үүнийг нь зөвшөөрөөгүй бололтой. 1944 оны 11 дүгээр сарын 30-нд мөрдөн байцаалтыг дуусган ял төлөвлөжээ. Үүнд: “Б.Гонгоржав нь хувьсгалын эсэргүү панмонголизмын үзэлтэй байсан учир

  1. Хувьсгалын эсэргүү дайсагнасан үндэсний үзлийг гаргаж өгүүлэх буюу урьд илрэгдэн устгагдсан ардын дайснуудыг хамгаалж байсан.
  2. МАХН-ын Төв Хороо ба Засгийн газрын алдар хүндийг бууруулах зорилгоор олон удаагийн яриа өгүүллээр нам засгийн тогтоол бодлогыг дайсагнасан хувьсгалын эсэргүү үүднээс шүүмжилж, Намын Төв Хороо, Засгийн газрын ажиллагааг гүтгэхийг оролдож байсан.
  3. Тус Монгол ард улсын дотор хувьсгалын эсэргүү байгууллага байгуулахыг оролдож байсан. Дээр дурьдсан хэрэгтээ тус улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 66 дугаар зүйлийн 1 ба ерөнхий ангийн 18 дугаар зүйлийг баримтлан тусгай ангийн 67 дугаар зүйлүүдэд заасан ёсоор яллагдах тул хэмээн Б.Гонгоржавын хавтаст хэргийг улсын прокурорт шилжүүлжээ. 1944 оны 12 дугаар сарын 22-ны өдөр БНМАУ-ын Дээд Шүүх таслах газрын 100 дугаар хурал хуралдаж Дээд Шүүх таслах газрын эрүүгийн коллегийн бүрэлдэхүүнд орлогч дарга Санжмятав, ардын төлөөлөгч Содномбалжир, Гомбожав нар оролцож Шинэ хүчний дээд сургуулийн марксизм-ленинизмийн багш Сампилын Жалан-Аажав, Улсын их сургуулийн туслах захирал Ширбазарын Чимэддамба, түүхийн багш Дамбын Цэрэндаш, Дорноговь аймгаас Гэ.Дамба, Д.Цэндоо нар гэрчээр байлцаж Б.Гонгоржавын хэргийг тасалжээ. Түүний ялын төлөвлөгөөнд заасан ялыг хэвээр баталж Эрүүгийн хуулийн 66-ийн 1-ээр 7 жил, мөн хуулийн ерөнхий ангийн 18 зүйл, 67-р зүйлээр 8 жил хорих ял ногдуулан шийтгэж, хуулийн ерөнхий ангийн 47-р зүйлээр хөнгөнийг хүндэд багтаан 8 жил хөдөлмөрийн лагерьт хорьж шийтгэхээр тогтоол гаргаж давж заалдах эрхгүйгээр хэргийг нь тасалсан байна. Харин ам бүл олуулаа учир энэ байдлыг харгалзан үзэж хөрөнгийг нь хураахгүй байх шийдвэр гаргажээ.

Гэвч шүүхийн шийдвэрийг зөрчиж Б.Гонгоржавын гэр болон ажлын газраас хөрөнгийг нь хураасан байна.

Б.Гонгоржав уг ялыг биеэр эдэлж байгаад 1946 оны 7 дугаар сарын 9-ний Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн 19 дүгээр хурлын тогтоолоор суллагджээ. Б.Гонгоржавын том хүү Г.Билэгтийн ярьснаар түүнийг шоронгоос суллахад Улсын Бага Хурлын гишүүн С.Янжмаа, тэр үед Булган аймгийн дарга байсан Гомбожав зэрэг хүмүүс тусалж нэлээд дэмжлэг үзүүлсэн байна.

Б.Гонгоржавт ногдуулсан эсэргүү хэрэг нь хилс байсныг тогтоож 1960 оны 6 дугаар сарын 17- ны өдрийн БНМАУ-ын Ардын Их Хурлын дэргэдэх Цагаатгах ажил эрхлэх комиссын хурлын 73 дугаар тогтоолоор цагаатгажээ.

Б.Гонгоржавт багш, их эмч, сайд, орчуулагч, редактор, дарга гээд хийгээгүй ажил бараг байсангүй бөгөөд түүний эзэмшсэн мэргэжил бүхэн нь манай улсад анхдагч байсан юм. Ардын хувьсгалаас өмнө болон хувьсгал ялсны дараах хэдэн жилд манай улсын хүн амын дунд арьс өнгөний халдварт өвчин тархмал байжээ. Тухайлбал 1927 онд зөвхөн нэг аймагт хийсэн үзлэгээр үзлэгт хамрагдсан бүх хүний 50 хувь нь тэмбүү өвчтэй байсан бөгөөд харин 1960 он гэхэд энэ өвчнөөр өвчлөгсөд бараг 6 дахин буурчээ. Энэхүү арьс өнгөний элдэв халдварт өвчинг багасгах, нэгэнт өвлөгсдийг эмчлэн сувилахад Б.Гонгоржав их үүрэг гүйцэтгэж, үүнд “хувьсгал” хийсэн юм. Мөн эмнэлгийн үндэсний боловсон хүчин бэлтгэхэд чухал хувь нэмэр оруулж 1947 оноос үндэсний их эмчтэй болсон бөгөөд арьс өнгөний их эмч, профессор Ч.Долгор түүний анхны шавь байжээ. Б.Гонгоржавыг арьс өнгөний нэгдсэн диспансер, больницын ерөнхий их эмчээр ажиллаж байхад нь хамт олон нь гавъяат эмчид тодорхойлсон боловч түүнийг Сүхбаатарын одонгоор шагнасан байна.

Б.Гонгоржав Монголын эртний уран зохиолын судалгаа болон хувьсгалын дараах үеийн орчуулгын уран зохиолд хувь нэмэр оруулсан Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн ахмад ажилтны нэг байсан билээ. Б.Гонгоржав эх оронч, шулуун шударга сэхээтэн байсан бөгөөд ардын хувьсгалт төр, нийгмийн байгууллын жилүүдэд хэлмэгдсэн мянга мянган эгэл жирийн хүмүүсийн нэг нь билээ.

Ном зүй

Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгал “Цагаан ном”-ын хавсралт –“Балжиннямын Гонгоржавын улс төрийн намтар”, Улаанбаатар, 1997 он, номноос, х.13-21 ба 24-31;
1. НТХ.Ф. 4-7-207.х 47
2. ҮТХ.1. 23-2-557.х 151
3. НТХ.Ф. 2-10-4.х 58
4. ҮТХ.Ф.1-3-83. х-227-279
5. ҮТA. Ф 1-3-83..х 299-300
6. НТХ.Ф. 4-9-237.х 134
7. ТТГА.Ф-1.Ф-1. ХН-1348. Х.39
8. Мөн тэнд. Х 61
9. ҮТA. Ф 23-2-557
10.“Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн эмч нарын дурдатгал “, 1987 он.х. 16
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 615
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК