Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2007, 1(01)
Нүдний зонхилон тохиолддог өвчний оношлогоо, эмчилгээний стандарт
( Лекц )

Т. Булган

Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль

 
Катаракт өвчний оношлогоо, эмчилгээ

Тодорхойлолт

Болор бүдэгшихийг катаракт гэнэ.

Ангилал ( шалтгааны)

1. Олдмол

  • Хөгшрөлтийн
  • Нүдний өвчний хүндрэлийн катаракт (иридоциклит, глауком, торлогийн дистрофи, увеопати)
  • Ерөнхий өвчний үе дэх катаракт (чихрийн шижин, тетани, миотони, пойкилодерми, склеродерми, арьсны зарим өвчин)
  • Хордлогийн катаракт (нафталин, таллий, тринитротолуол, динитрофенол, зарим эмийн бодис, нитро будгийн бодис)
  • Цацраг туяаны нөлөөнөөс үүссэн катаракт

2. Төрөлхийн

  • Удамшлын
  • Эх доторхи шалтгаант

Оношлогоо

Гүйцэт боловсроогүй болон хэт боловсорсон үед НДД хоёрдогчоор ихэсч болох ба глаукомын шинж тэмдэг илэрнэ.

Эмчилгээ

  • Зөвхөн мэс заслын эмчилгээ хийнэ
  • Боловсорсон болон боловсроогүй үед нь болрыг авч хиймэл болор тавих мэс засал хийнэ
  • Мэс заслын эмчилгээг хараа 0.1-0.5-ээс бага болсон үед хийх ба нүдний ёроол болон дээр хийгдсэн бусад шинжилгээ хэвийн үед хийнэ
  • Хэсгийн мэдээ алдуулалтан дор цайсан болрыг авч, шаардлагатай нөхцөлд хиймэл болор суулгана
  • Мэс заслын дараах хоногуудад антибиотик, сульфаниламид, кортикостероид дусаалгыг нүдэнд хэрэглэнэ
  • Ор хоног 10
  • Амбулаторийн хяналтанд 2 сар байлгана
  • Шаардлагатай үед харааны нөхөн сэргээлтийг шил болон контакт линзээр хийнэ

Глауком

Глауком өвчний оношлогоо, эмчилгээ

Нүдний дотоод даралт хэвийн хэмжээнээс нэмэгдэж, харааны үйл муудаж, нүдний ёроолд өвөрмөц өөрчлөлт үүсдэг бүлэг өвчинг глауком гэнэ.

Нүдний дотоод даралтын хэвийн хэмжээ 9- 21.5мм. м.у.б. буюу Маклаковын тонометрийн хэмжилтээр 18-26 мм.м.у.б.

  • Анхдагч глаукомын хэлбэрийг гониоскопийн шинжилгээгээр тогтооно.
  • Эхний(I) шатанд харааны мэдрэлд эмгэг экскавац үүсээгүй, харааны талбайд мэдэгдэхүйц өөрчлөлт байхгүй боловч физиологийн экскавац өргөсч, харааны талбайн төв хэсэгт жижиг скотом үүсч, сохор толбоны хэмжээ томорсон.
  • Хөгжсөн (II) шатанд харааны талбай нарийсч, ялангуяа хамар талаас 5-10 хэмээр нарийсч, төв хавийн скотомууд нийлж нум хэлбэртэй болсон, харааны мэдрүүлийн хөхлөгт эмгэг экскавац үүссэн.
  • Даамжирсан (III) харааны талбай эргэн тойрон 15 хэм, түүнээс дотогш нарийсч, харах үйлзүй ихээхэн муудсан.
  • Эцсийн (IV) шатанд дүрст хараа бүр мөсөн алдагдсан.
  • Харааны талбай, харааны мэдрэлийн хөхлөгт 6 сарын туршид онцын өөрчлөлт үл ажиглагдвал глаукомыг тогтмолжсон, богино хугацаанд өөрчлөлт илэрвэл тогтмолжоогүй явцтай.

Глауком өвчнийг сэжиглэх үзүүлэлтүүд:

  • НДД хэвийн хэмжээнээс ихэссэн
  • НДД хэвийн хэмжээнд боловч хоёр нүдний даралтын зөрөө 5мм.м.у.б буюу түүнээс дээш
  • ХМХ экскавац 0.6 буюу түүнээс илүү
  • ХМХ экскавац хоёр нүдэнд ижил бус
  • Өвөр хоргын гүн гүехэн
  • Удамд глауком өвчтэй хүн байх
  • Глаукомын өвөрмөц шаналгаа

НӨГ-ийн жинж тэмдэг ХӨГ–тай ижил төстэй боловч сул илэрч, НДД асар өндөр байхгүй. Анхдагч глауком хоёр нүдэнд явагдах боловч ижилгүй байдлаар илэрнэ.

Хэт ядаргаа, сэтгэл санааны хөөрөлт, хүүхэн харааны өргөсөлт, шингэн болон хоолыг хэтрүүлэн хэрэглэх, архи уух, толгойноосоо халах, харанхуйд удаан суух, түрийлгээ харж хэвтэх зэрэг нь ХӨГ-г сэдрээх хүчин зүйл болно.

Эмчилгээ

ХӨГ-ийн хурц давшлийн үе дэх эмчилгээ

Эмчилгээг яаралтай, цаг алдалгүй эхлэнэ.

Анхны тусламжийг онош тогтоогдсон даруйд нь эхлэнэ. Үүнд:

  • Эмчилгээний гол зорилго нь нүдний дотоод даралтыг багасгаж, нүдэн дэх цусны эргэлт, харааны мэдрэл болон эд эсэн дэх бодисын солилцоог сэргээх.
  • 1%-4% пилокарпин-гидрохлоридыг эхний нэг цагийн туршид 15 мин зайтай, дараагийн 2 цагийн туршид 30 мин зайтай, түүнээс хойш цаг тутамд дусаана.
  • Диакарб 0.5 граммаар, эсвэл глицерол уулгана.
  • Цусны даралт өндөр байх нөхцөлд аминозин 2.5% 1мл, 1% димедрол 2мл, 2% промедол 1мл-ийг хольж, булчинд тарина. Үүний дараагаар 3-4 цагийн туршид хэвтрийн байдалд байлгах хэрэгтэй.
  • Эмийн эмчилгээг 8-10 цагийн туршид хийгээд үр дүн өгөхгүй бол мэс заслын эмчилгээ хийнэ.

Глауком өвчний эмчилгээ нь нүдний даралтыг бууруулах, нүдний цусан хангамж, бодисын солилцооны ажиллагааг сайжруулах, өвчтөний ахуй амьдрал, хөдөлмөрийн нөхцөл, хоол ундыг зохицуулахад чиглэгдсэн байна. Нүдний даралтыг бууруулахад чиглэсэн эмнүүд:

  • Холиномиметик бүлгийн эмнүүд. Үүнд: 1%, 2%, 4% пилокарпин гидрохлорид, 0.75%- 3% карбахолин, 3-5% ацеклидин.
  • Холинэстеразын эсрэг үйлчилгээтэй эмнүүдээс 0.02% фосфакол, 0.005- 0.01% армин, 0.01% фосарбин, 0.025% нибуфин, 0.1-1% тосмилен, 0.06-0.5% фосфолин-иодид зэргийг хэрэглэдэг. Гэхдээ эдгээр нь сормосгон булчинг агшаах, цусны судас эрс тэлээдгээс үүдэн нүд улайх, өвдөх, заримдаа болор бүдэгших, хүүхэн хараа хэт агших зэрэг үр дагавар үзүүлдэг тул тохиромжтой байдлаар хослуулан хэрэглэнэ.
  • Симпатикотроп эмүүд. Үүнд: адреналин, фетанол, эуспиран, 0.1-0.5% клофелин, 0.5-1% апроклонидин, 0.2-0.5% бримонидинийг хэрэглэнэ.
  • Сүүлийн үед өргөн хэрэглэх болсон адреноблокатор эмүүдээс 0.25-0.5% тимолол, 0.5-1% левобуналол, 0.25-0.5% бетаксолол (бетоптик), проксодололыг хэрэглэнэ. Эдгээр эмүүдийг астма болон зүрх судасны өвчтэй хүнд хэрэглэж болохгүй.
  • Нүдний дотоод шингэний ялгаралтыг хүчтэй бууруулснаар даралтыг унагадаг карбоангидразын дарангуйлах бүлгийн эмүүд: диакарб 0.125-0.5 граммаар хоногт 1-3 удаа, мөн гипотиазидыг 25- 100мг хэмжээгээр хоногт 1-2 удаа, 2% трусоптыг дусаалгаар хэрэглэнэ.
  • Простогландин F 2a бүлгийн эмүүд: латанопрост 0.005%, рескул 0.12% дусаана.
  • Осмосын даралтад нөлөөлөх эмүүд: шээгийг глаукомын хурц давшил болон мэс заслын өмнө хэрэглэх ба 30%- иар бодож, 10% интервазын уусмалд найруулан судсаар дуслаар тарих буюу биеийн жингийн кг тутамд 1-1.5гр хэмжээгээр тооцоолон дотуур хэрэглэнэ. Маннитолыг хураагуурын судсаар 20%, уусмалыг 2-2.5г/кг жинд тооцоолон 10мл/мин хурдтай тарьдаг. Натри аскорбатыг 20% уулсмалаар судсанд нэг минутанд 80 дусал, 1г/кг жинд тооцоолон хэрэглэнэ. Амт оруулах зорилгоор жимсний шүүс, ундааг найруулан, 50% уусмалаар дотуур хэрэглэнэ.

Өвчтөн бүрт өөрт тохирсон эмчилгээг удаан хугацааны хяналтан дор хийх ба эмийг хослуулах, өөрчлөх, тохирсон тунг хэрэглэх нь шаардлагатай.

Эмийн эмчилгээний үр дүн муу тохиолдолд мэс заслын эмчилгээ хийнэ. Үүнд:

  • Лазер трабекулопласти
  • Трабекулектоми
  • Циклокрио эмчилгээ

Зөвөлгөө

Глаукомтай өвчтөний баримтлах зүйлс:

  • Хорт зуршлаас зайлсхийх
  • Толгой бөхийж ажиллахаас зайлсхийх
  • Бие барисан хувцас өмсөхөөс зайлсхийх
  • Толгойноос халах, хөл хөрөхөөс цээрлэх
  • Цэвэр агаарт явж байх
  • Бичгийн ажлыг сайн гэрэлтүүлэгт хийх
  • Зурагтыг гэрэл асааж үзэж байх
  • Их хэмжээний шингэн уухгүй байх
  • Цагаан идээ ба ногоо жимсээр элбэг, өөх тосоор бага хоол хэрэглэх

Глаукомтой өвчтөний диспансерийн хяналт:

  • Глауком оноштой бүх өвчтөнийг диспансерийн хяналтанд авна
  • Өвчний карт нээж, нүүрэн дээр “глауком” гэж тэмдэглэнэ
  • Өвчтөний гар дээр онош, эмчилгээ, дараа үзүүлэх өдөр, сар тэмдэглэсэн хувийн карт өгнө
  • Эмчид үзүүлэх тутамд хараа, рефракци, харааны талбай, нүдний өмнөд хэсэг болон ёроолын байдал, НДД хэмжин тэмдэглэнэ
  • НДД болон харааны талбайн байдал тогтмолжсон тохиолдолд 3-4 сард нэг удаа үзнэ
  • Тогтмолжоогүй тохиолдолд ойр ойрхон үзэж эмчилгээний тактикийг боловсруулна
Харааны эрхтний гэмтэл

Ангилал

1. Түлэгдэлт

  • Химийн
  • Халууны
  • Туяаны

2. Битүү гэмтэл

3. Нэвт бус гэмтэл

4. Нэвт гэмтэл

  • Гадны биет орсон
  • Гадны биетгүй

Хийгдэх оношлогоо, эмчилгээ

Түлэгдэлт

Янз бүрийн химийн бодис, өндөр хэмтэй халуун зүйлс болон туяаны шууд үйлчлэлээр үүснэ.

Шинж тэмдэг:

  • “эвэрлэгийн хам шинж” үүснэ
  • хараа бүрэлзэнэ
  • салст болон зовхи хавагнах
  • эвэрлэгийн тунгалаг чанар алдагдах

4 зэрэгт ангилна:

  • I зэргийн түлэгдэлтийн үед салст улайж, цусны судас тэлэгдэн, эвэрлэг дээр өнгөц шархлаа, хаван үүснэ
  • II зэргийн түлэгдэлтийн үед салстны ишеми болж өнгө нь цагаан цайвар, эвэрлэг бүдэгшин, мэдрэг чанар алдагдсан
  • III зэргийн түлэгдэлтийн үед эвэрлэгийн гүн хэсгүүд бүдэгшин, гадаргуу нь бүдэг цагаан өнгөтэй болсон
  • IV зэргийн түлэгдэлтийн үед эвэрлэг, салстын гүн үхжилт үүснэ

Нүдэнд түлэгдэлт учирсан даруйд яаралтай арга хэмжээг минут ч алдалгүй авна

Яаралтай авах арга хэмжээ:

  • Хоёр нүдний зовхийг нээж усаар 10-15 мин туршид угаана
  • Антибиотикийн тос хавчуулна
  • Нүдэнд боолт тавьж болохгүй
  • II,III,IV зэргийн түлэгдэлтийн үед татрангийн эсрэг ийлдсийг 1500-3000МЕ тарина

Шүлтээр үүсгэгдсэн түлэгдэлт эд эсийн уургийн задралд хүргэдэг учир гүн нэвтэрч ордгоороо хөнөөл ихтэй.

Харааны эрхтний гэмтлийн үед зайлшгүй хийгдэх асуумж, шинжилгээ:

  • Ямар зүйлээр, яаж, хэдийд гэмтсэнийг тодорхой асуух
  • Төвийн хараа хэр зэрэг алдагдсаныг шалгах
  • Ухархайн ирмэгийг тэмтэрч хугарал байгаа эсэхийг шалгаж үзэх
  • Хажуугийн гэрэлтүүлгээр алимны шарх байгаа эсэхийг, түүгээр солонгон бүрхэвч цухуйсан болохыг, өмнөд хоргын гүний байдал, гифемтэй эсэхийг, хүүхэн харааны байдал, урвалыг шалгах
  • Дээд, доод зовхийг эргүүлж гадны биет байгаа эсэхийг шалгах (алимны нэвт гэмтлийн үед болохгүй)
  • Эвэрлэгийг будаж эпителийн бүрэн бүтэн байдал алдагдсан эсэхийг шалгах (“эвэрлэгийн хам шинжтэй” өвчтөнд)
  • Нүдийг үндсэн 6 чиглэлд хөдөлгөн булчингуудын ажиллагааг шалгах
  • Нэвтэрхий гэрэлтүүлгийн аргаар тунгалаг орчны байдлыг шинжлэх
  • Нүдний угийг дурандан торлог, харааны мэдрэлийн хөхлөгийн байдал, цус харвалт, гадны биет байгаа эсэхийг шалгах

Харааны эрхтэнд битүү болон нэвт гэмтэл учирсан даруйд цаг алдалгүй анхны тусламжийг үзүүлнэ.

Авах арга хэмжээ:

  • Нүдэнд ямар нэгэн дусаалга, тос хэрэглэж болохгүй
  • Нүдэнд даралтгүй цэвэр боолт тавина
  • Татрангийн эсрэг ийлдэс тарина
  • Амоксициллин хүүхдэд 50мг/кг жинд 3 хувааж, насанд хүрэгчдэд 2 гр/кг жинд 3 хувааж уулгана
  • Нэвт гэмтлийн үед гадны биет орсон байж болзошгүй тохиолдолд Комберг-Балтины протез эвэрлэг дээр байрлуулан рентген зургийг 2 байрлалаар авахуулах
  • Рентген зургаар илрэхгүй гадны биетийн байрлалыг хэт нам авианы тусламжтайгаар тогтоох
  • Хэт нам авианы тусламжтайгаар нүдний шиллэг бие, торлогийн байдлыг шинжлэх

Эмчилгээний зарчим

Гифем үүссэн тохиолдолд

  • нүдэнд хамгаалах боолт тавьж, толгойг бага зэрэг өндөрлөсөн байдалд байлган хэвтрийн дэглэмийг сахиулна
  • аспирин агуулаагүй өвчин намдаах эм Уулгана
  • үрэвсэл болон наалдцаас сэргийлэх зорилгоор атропин сульфат 1% дусаалгыг хэрэглэнэ
  • солонгон бүрхүүлийн үрэвсэл хавсарч явагдаж байгаа тохиолдолд нүдэнд стероид дусаана
  • НДД ихэдсэн байвал адреноблокатор дусаах
  • аминокапроны хүчил 50мг/кг жинд өдөрт 4 цагийн зайтай 3-5 хоног дотуур уулгах
  • НДД 6 хоногийн туршид 25 мм.м.у.б-аас дээш хэмжээнд байх болон 5 хоногийн туршид 50 мм.м.у.б-аас дээш байгаа тохиолдолд яаралтай паразентез хийнэ

Түлэгдэлтийн үед

  • Үрэвслээс урьдчилан сэргийлэх зорилгоор нүдэнд 2 цагийн зайтай антибиотикийн уусмал дусаах ба тос хавчуулна
  • Эвэрлэгийн хаванг буулгах болон тэжээлийг сайжруулах зорилгоор өвчтөний цусыг судаснаас өдөр бүр авч нүдэнд дусаана
  • Эвэрлэгийн эдгэрэлтийг түргэсгэх зорилгоор антиоксидант эмүүдийг дусаана
  • Иридоциклитыг сэргийлэхийн тулд нүдэнд кортикостероид болон мидриатик эм 2 долоо хоногоос илүүгүй хугацаанд дусаана
  • НДД ихдэх тухайд карбоангидразын дарангуйлах эмийг хэрэглэх
  • Салстын их хэмжээний хемоз болон ишеми үүссэн тохиолдолд тухайн газрын салстыг зүсэн уураглаг бүрхүүлээс хуулж салгах мэс ажилбар хийнэ
  • III,IV зэргийн түлэгдэлтийн үед эмчилгээний зорилгоор үелсэн керотопластикийг эхний хоногуудад хийх заалттай

Нэвт гэмтлийн үед

  • Шархны анхны цэгцлэлтийг яаралтай хийнэ
  • Хэрэв нүд хараа орох найдлагагүй болон ханьсах үрэвсэл явагдах аюул нүүрлэж байвал гэмтсэн нүдэнд энуклеаци хийх заалттай
  • Гэмтлийн улмаас учирсан бусад өөрчлөлтийг нөхөн засах (гадны биетийг авах, солонгон бүрхүүлийн урагдалтыг оёх, болрын мэс засал, витрэктоми, торлогийн урагдалт, цооролтыг эмчлэх)
  • Мэс заслын дараах эмчилгээ үрэвслийн эсрэг, өвчин намдаах, НДД хянах зорилгоор хийгдэнэ
  • Антибиотикийг судсаар 3-5 хоног, уухаар 7 хоногийн хугацаатай хэрэглэнэ
  • Эвэрлэгийн оёдлыг 3 сарын дараагаар авч эхлэнэ

Ханьсах үрэвсэл

  • Нэвт гэмтлийн дараагаар ямар ч хугацаанд үүсч болох эрүүл нүдний үрэвсэл
  • Шүүдэст иридоциклит, фибрин наалдацтай иридоциклит, нейроретинит хэлбэрээр явагдана
  • Гэмтсэн нүдийг энуклеаци хийж авсны дараагаар эрчимтэй антибиотик болон кортикостероид эмчилгээ хийнэ
  • Преднизолон 5 мг, эсвэл дексаметазон 0.5 мг схемээр дотуур уулгана. Насанд хүрэгчдэд хоногт 5 шахмалаар, хүүхдэд 3 шахмалаар эхлэн 5 хоног тутамд 1/2 шахмалаар багасган, 70-75 хоногийн туршид хэрэглэнэ
  • Цаашид нүдний эмчийн хяналтанд байна
Нүдний үрэвсэлт өвчнүүд

Склерит (уураглаг бүрхэвчийн үрэвсэл), кератит (эвэрлэг бүрхүүлийн үрэвсэл), иридоциклит (судаслаг бүрхүүлийн үрэвсэл), неврит (харааны мэдрэлийн үрэвсэл) нь гадна болон дотоод шалтгаант гэж ангиллагдана.

Оношлогоо, шинжилгээний аргууд:

  • Өвчтнөөс асуумж авах
  • Хараа шалгах
  • Офтальмоскопи хийх
  • Биомикроскопи
  • Тонометри
  • Эхосонографи
  • Периметри
  • Шалтгааныг тогтоох зорилгоор цээж гэрэлд харах, цус, шээсний шинжилгээ, биохимиийн болон бусад цитологийн, серологийн, иммунологийн шинжилгээнүүдийг хийх

Эвэрлэг бүрхэвчийн үрэвслийг кератит гэнэ. Кератитыг үүсгэж буй шалтгаанаар ангилах нь:

• Гадны шалтгаантай кератит

  1. Эвэрлэгийн шалбархай
  2. Гэмтлийн шалтгаант кератит (хими, физик, механикийн гаралтай)
  3. Нянгийн гаралтай халдварт кератит
  4. Зовхи, салст, мейбомийн булчирхайн үрэвслээс шалтгаалсан кератит
  5. Мөөгөнцөрт кератит буюу кератомикоз

• Дотоод шалтгаантай кератит

  1. Халдварт кератит ( сүрьегийн, тэмбүүгийн, бруцеллёзын, лепра, херпесын гаралтай)
  2. Мэдрэл саажилтын кератит
  3. Аминдэмийн дутагдлаас үүссэн кератит

• Шалтгаан тодорхойгүй кератит

Кератит нь эмнэл зүйд “эвэрлэгийн хам шинж”-ээр илэрнэ: гэрэлд гялбах, нулимс гоожих, зовхи анилдах, хатгаж өвдөх, гүн болон холимог улайлт үүсэх, эвэрлэгт нэвчдэс үүсэх, шинээр судас ургах.

Кератитын ялган оношлогоог лабораторийн шинжилгээнд үндэслэн хийнэ (салстын хусмагт цитологийн шинжилгээ хийх, серологийн шинжилгээ, туберкулины сорил, бруцеллины сорил, уушиг гэрэлд харах).

Нейропаралитик болон херпест кератитын үед эвэрлэгийн мэдрэмтгий чанар эрс буурах буюу алдагдана.

Эмчилгээний зарчим

  • Хурц явцтай халдварт кератитыг эмнэлгийн нөхцөлд эмчилнэ.
  • Нянгийн гаралтай кератитыг тохирсон антибиотикийн дан болон холимог дусаалга, тосыг өвчний явцаас шалтгаалан цаг тутам эсвэл арай цөөн хэрэглэх, мөн салстан дор антибиотик 0.5 мл тарьж эмчлэнэ.
  • Нянгийн гаралтай кератитын үед кортикостероид болон антибиотик+стероидын холимог эмийг тун анхааралтай хэрэглэнэ. P. aeruginoza үүсгэгчээр үүссэн тохиолдолд хэрэглэхийг хориглох бөгөөд өдөрт 4-өөс илүүгүй дусаана.
  • Эвэрлэгийн нөхөн төлжилтийг хурдасгах зорилгоор 1% хинин-гидрохлорид, дотуур В бүлгийн амин дэм, С, РР уулгах, судсаар 40% глюкозын уусмал 10 удаа, 4% тауфон, 20% солкосерил, 0.01% цитраль, 0.02% рибофлавин дусаана.
  • Архаг явцтай кератитын үед антиоксидантуудыг хэрэглэнэ, биеийн ерөнхий дархлаа сайжруулах эмүүдийг хэрэглэнэ.
  • Эвэрлэгийн эпителийн бүрэн бүтэн байдал алдагдсан үед кортикостероид бэлдмэл хэрэглэхийг хориглоно.
  • Сүрьеэгийн шалтгаант кератитын үед эмчилгээг мэргэжлийн эмчтэй хамтран хийнэ. Нүдэнд хэрэглэх сүрьеэгийн эсрэг бэлдмэл нь 5-10% - н натрийн пара-аминосалицилат, 3% тубазид, 5% салюзид, 2% амидопирин, 5-10% ПАСК.
  • Тэмбүүгийн гаралтай кератитыг мэргэжлийн эмчтэй хамтран үе шатыг нь тодруулж эмчилнэ.
  • Эвэрлэгийн идээт шархны үед үүссэн гипопионыг парацентезийн аргаар эмчилнэ.
  • Эвэрлэг цоорох магадлалтай үед салстаар хучих мэс ажилбар хийх болон эвэрлэгийн цавуугаар нааж эмчлэнэ.
  • Иридоциклит хавсарч явагдах үед 1% атропин сульфат, 0.25% скополамин, 1% гоматропин хэрэглэнэ.
  • Нүдний даралт ихэссэн тохиолдолд тимолол, бетоптик, трусопт дусаана.
  • Эвэрлэгийн үрэвслийн төгсгөлд харааг бууруулсан цагаад эвэрлэг нөхөн суулгах мэс засал хийнэ.

Иридоциклит

Солонгон бүрхэвч болон сормосгон биеийн үрэвслийг иридоциклит гэнэ.

Иридоциклитын ангилал:

  • Халдвар болон халдвар-харшлын гаралтай
  • Халдварт бус харшлын гаралтай
  • Системын болон синдромын өвчний гаралтай
  • Бие махбодийн эмгэг болон бодисийн өөрчлөлтийн гаралтай
  • Гэмтлийн дараах

Иридоциклитын үндсэн шинж тэмдгүүд:”эвэрлэгийн хам шинж”, гүн болон холимог улайлт, преципитат, солонгон бүрхэвчийн өнгө ба зураглал өөрчлөгдөх, хүүхэн хараа нарийсах, арын наалдац үүсэх, шилэнцэрт бүдэгшил үүсэх, НДД өөрчлөгдөх, хараа муудах зэрэг болно.

Иридоциклит голдуу дотоод шалтгаантай байх тул шалтгааныг илрүүлэх ёрөнхий болон нарийн шинжилгээнүүдийг хийх, бусад нарийн мэрэгжлийн эмч нарт үзүүлэн оношийг тодруулах шаардлагатай.

Иридоциклитын эмчилгээний зарчим

  • Хүүхэн хараа өргөсгөх үйлчилгээтэй эм дусаана.
  • Үрэвслийн эсрэг антибиотик, стероид болон стероид бус эмийг нүдэнд дусаах болон тарих замаар эрчимтэй эмчилгээ хийнэ.
  • Эмчилгээ шалтгааны эсрэг чиглэсэн байх бөгөөд мэргэжлийн эмч нартай хамтран эмчлэнэ (сүрьеэгийн эсрэг, тэмбүүгийн эсрэг, бруцеллёзын эсрэг, ревматизмын эсрэг, токсоплазмоз, саркаидозын эсрэг).
  • Халдвар болон халдвар харшлын гаралтай иридоциклитийн үед антибиотикийг булчинд тогтоогдсон зарчмаар тарина.
  • Хүнд хэлбэрийн халдвар-харшлийн, аутоиммун, системийн болон синдромын өвчний гаралтай иридоциклитын үед кортикостероидыг дотуур уулгана.
  • Дотуур ацитилсалицилийн хүчил хоногт 3-4 г, индометацин 75-150мг, реопирин 75-100мг, бутадион 0.45-0.6 г зэрэг эмнүүдийг уулгана.
  • Харшлын эсрэг эмчилгээг хавсруулж хийнэ: кальцийн бэлдмэл, супрастин, зертек, клоретин.
  • Үрэвсэл намжих үед наалдац болон шилэнцрийн бүдэгшлийг арилгах зорилгоор ферментэн эмчилгээг хийнэ.

Үүнд трипсин, лидаз зэргийг нүдэнд тарих, мөн электрофорезийн аргаар хэрэглэнэ.

  • Иридоциклитын хүндрэлийн улмаас нүдний даралт хоёрдогчоор ихэссэн тохиолдолд даралт буурулах эмийн эмчилгээг хавсран явуулна.
  • Эндофтальмит болон панофтальмитаар хүндэрч, эмийн эрчимтэй эмчилгээнд үр дүн өгөхгүй үед витрэктоми, энуклеаци зэргийн мэс заслын эмчилгээ хийнэ.
  • Невритын хүндрэл болон үүсэх харааны мэдрэлийн хатингаршлийн үед мэдрэлийн эд эсийг сэргээх зорилгоор цусны судсыг тэлэх эмүүд, осмос даралтанд нөлөөлөх эмүүд, биоидэвхжүүлэх эмийн бэлдмэлийг хэрэглэнэ.
Торон бүрхүүлийн өвчин

Торон бүрхүүлийн судасны бөглөрөлт торлогийн төв артерийн болон төв венийн бөглөрөлт гэж ангиллагдана. Өвчний үндсэн шалтгаан гипертони, атеросклероз, архаг халдварт өвчин, эндокардит зэрэг болно. Оношлогоо, эмчилгээг яаралтай хийх нь тун чухал.

Оношлогоо, шинжилгээний аргууд:

  • Төвийн харааг шалгах
  • Захын харааг шалгах
  • Өнгө таних чадвар
  • Офтальмоскопи
  • Биомикроскопи
  • Эхосонографи

Эмчилгээ

Торовчийн төв артерийн бөглөрөлтийн үед: цусны судсыг тэлэх, эмболийг зайлуулах, тромб үүсхээс сэргийлэх, түүнийг хайлуулахад чиглэсэн эмчилгээ хийнэ. Шууд үйлчилгээтэй антикоагулянтыг цусны бүлэгнэлтийг хянан хийж дараа хугацаанд шууд бус үйлчилгээтэй антикоагулянт хэрэглэнэ.

Торовчийн төв венийн тромбозын үед:

өвчтөний цусны даралт их байвал бууруулах арга хэмжээ авна. Нүдэнд судсан дахь перфузийн даралтыг ихэсгэх, мөн торлогийн хаван бууруулах эмчилгээ хийнэ. Үүний хамтаар шууд болон шууд бус антикоагулянтыг хэрэглэнэ.

Лазеркоагуляцийг торлогийн хаван бууруулах, шинээр үүссэн судсанд хориг үүсгэх зорилгоор хийнэ.

Торлог бүрхүүлийн хууралт нэг талаас судаслаг, нөгөө талаас шиллэг биеийн эмгэгээс шалтгаалан үүсч болно.

Шинжилгээний аргууд:

  • Төвийн хараа шалгах.
  • Тонометри
  • Офтальмоскопи
  • Эхосонографи

Эмчилгээний зарчим:

  • Хэвтрийн дэглэм
  • Шинэхэн үед диатермокоагуляци, криопекси, лазерфотокоагуляци хийнэ
  • Хугацаа өнгөрсөн хучин хууралтанд бүслүүр тавина
  • Мэс заслын дараагаар хаван бууруулах, үрэвслээс сэргийлэх эмийн эмчилгээ хийнэ
  • Цаашид амбулаторийн хяналтанд авна
Ном зүй

1. Нестеров А.П. (1982): “Первичная глаукома” Москва
2. Морозов В.И. и др. (1998): “Фармакотерапия глазных болезней” Москва
3. Frank G. Berson (1987): “Ophthalmology Study Guide” San Francisco
4. Нямаа Р., Булган Т. (2002): “Нүдний өвчин” УБ
5. Уранчимэг Д. (2003): “Нүдэнд үзүүлэх анхан шатны тусламж” УБ
6. American Academy Of Ophtahalmology (1999): “External Disease And Cornea”
7. Flammer J. (2003): “Glaucoma”
8. Richard P., (1991): “Ophthalmology Monographs”
9. Живков Е, Денев Вл., Големинова Р. (1993): “Глазные симптомы в общей диагностике” София
10. Gary L. Morrow, Richard L. (1998): “Conjunctivitis”
11. Edward B. Feinberg (2002): “Symptom-Vision abnormalities”
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 11687
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК