Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2011, 5(42)
Байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх байгууллагын түүхэн хөгжил, ололт амжилт
( Товч мэдээлэл )

Б.Цэцэгмаа, Д.Цэрэнноров, А. Долгорханд,  Д. Отгонбаатар 

Байгалийн Голомтот Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв

 
Абстракт

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор 1931 онд “Тарваган тахал эсэргүүцэх лаборатори” нэртэйгээр Байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх байгууллага анх байгуулагдаж, Байгалийн голомтот халдварт өвчин судлалын үндэсний төв (БГХӨСҮТ) болтлоо өргөжин хөгжиж, Монгол Улсын Эрүүл мэндийн салбарын эрдэм шинжилгээ, судалгаа, практикийн томоохон төв болсон байна.

1936 оноос эхлэн өнөөг хүртэл хугацаанд Завхан Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Ховд, Хэнтий, Хөвсгөл, Увс, Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотын Багануур дүүрэгт салбар төвүүд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.

Байгууллагын түүхэн хөгжлийг дараах үе шатанд хувааж үздэг. Үүнд:

Тарваган тахал эсэргүүцэн судлах мэргэжлийн байгууллага бүрэлдэн тогтсон үе (1921-1940 он)

Монголд Ардын хувьсгал ялсан эхний жилүүдэд хүн амын эрүүл мэндийг хамгаалах анхны олон арга хэмжээнүүдийн дотор тарваган тахал, цагаан цэцэг зэрэг гоц халдварт өвчнүүдийг нэн тэргүүнд анхаарч, БНМАУ-ын Засгийн газрын хүсэлтээр ЗСБНХОУ-ын (хуучин нэрээр) лабораторын багаж хэрэгсэл, эмчлэх эм, орос эмч мэргэжилтэн бүхий шинжилгээний ангийг тарваган тахал өвчний голомтыг цомхотгон дарах үйл хэрэгт чиглүүлэн удаа дараалан зохион байгуулж эхлэснээр тус байгууллагын түүх эхэлсэн учиртай.

1926 онд Сонгино дахь мал эмнэлгийн лабораторид А.А.Дудукалов, профессор А.М.Скородумовын шинжилгээний ангитай хамтран БНМАУ-д гарсан тарваган тахал өвчнийг нян судлалын аргаар анх удаа оношлосон нь Европ эмнэлгийн анхны оношийг Монголд хэрэгжүүлсэн түүхэн явдал болжээ.

1928 онд одоогийн Дундговь аймгийн Адаацаг сумын нутагт гарсан тарваган тахлын дэгдэлтэд ажилласан судлаач А.А.Некипелов нь тарваганаас тарваган тахлын цэвэр өсгөвөр ялгасан нь Монгол улсын тарваган тахлын байгалийн голомтын анхны судалгаа байсан.

1921-1930 онд төр, засгийн урилгаар ЗСБНХОУ-аас ирсэн эмч нар Монголын ард түмний эрүүл мэндийг сэргийлэн хамгаалах, тарваган тахалтай тэмцэх ажилд Европын шинжлэх ухааны аргыг хэрэглэн оношлох, түүнтэй тэмцэх, голомтыг дарах ажилд биечлэн оролцсон нь тахал өвчинтэй тэмцэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ.

1932 онд тарваган тахлын лабораторт вакцин үйлдвэрлэх тасгийг шинээр нээж, анхны цуврал вакциныг үйлдвэрлэж, Хавкин, Коллегийн аргаар тарваган тахлаас сэргийлэх вакцин, мөн эмчилгээний глицеринт вакцин, ийлдэс, нян залгиур зэргийг үйлдвэрлэн эх орны хэрэгцээг хангаж эхэлжээ.

1933 онд А.Л.Берлин, А.К.Борзенков нар Монголын голомтыг Өвөр-Монгол, Өвөр-Байгаль, Манжуурын голомтуудтай үүсэл нэгтэй, маш эртний гаралтай голомт төдийгүй гол агуулагч нь тарвага, зурам болохыг нотолсон Шинжлэн ухааны үндэслэлтэй дүгнэлтийг гаргажээ.

Монголын хүн амд цагаан цэцэг өвчний аюул улам бүр нэмэгдэж, тархалт ихсэж байсан тэр үед цагаан цэцгийн вакциныг анх тарваган тахлын их эмч В.С.Башевагийн удирдлагаар 1933 онд ариун цэвэр-бактер шинжилгээний газарт үйлдвэрлэн хэрэглэсэн нь хүн амыг аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх том алхам хийж эхэлсэн түүхтэй.

Улмаар 1938-1939 онд бүх хүн амыг цагаан цэцгийн вакцинаар үнэ төлбөргүй тарьснаас хойш 1939 онд сүүлийн тохиолдол болох 43 хүн цагаан цэцгээр өвчилсөн ба өнөөдрийг хүртэл энэ өвчний тохиолдол гараагүйг ДЭМБ-аас баталгаажуулсан гэрчилгээ олгож байсан нь том амжилт байсныг илтгэнэ.

Цагаан цэцэг, тарваган тахал өвчний голомтыг мэдээлэх, устгах, эмчлэх ажилд тэр үеийн баг, сум, аймгийн дарга, бүх удирдах хүмүүс идэвхтэй оролцож байсны дотор нийгмийг аюулаас хамгаалах байгууллагын төв, орон нутгийн төлөөлөгчид асар их үүргийг гүйцэтгэсэн нь Эрүүл мэндийн байгууллагын ажлыг явуулахад холбогдох бүх салбар, ард иргэдийн оролцоотойгоор зохицуулж байсан түүхэн баримт мөн.

Дэлхийн II дайн, дайны дараа үеийн Тарваган тахал эсэргүүцэх байгууллага (1941-1960 он)

Дэлхийн II дайны хүнд бэрхшээлтэй 1941-1945 онд манай төр, засгаас авсан арга хэмжээ, ЗХУ-аас тус улсын тарваган тахал эсэргүүцэх байгууллагыг бэхжүүлэх ажилд үзүүлсэн туслалцаа дэмжлэг нь мэргэжилтний тоог нэмэгдүүлж, тахал судлалын байгууллага мэдэгдэхүйц өргөжин бэхжиж, зөвхөн тарваган тахлын хүний өвчлөлийн голомтыг цомхотгон дарах төдийгүй хүн амын дунд тарваган тахал өвчний хор холбогдол, түүнээс урьдчилан сэргийлэх суртал нэвтрүүлэг хийх зэрэг шинэ алхам хийгдэж, гоц халдвартын мэргэжлийн байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэхэд анхаарлаа төвлөрүүлжээ.

Хөдөөгийн салбар байгууллагыг мэргэжилтнээр хангах, байгалийн голомтыг хайх эпизоотологийн судалгааг төлөвлөгөөтэй хийж эхэлсэн нь уг байгууллага эмчлэн сэргийлэхээс гадна эрдэм шинжилгээ, судалгааны шинэ алхам, чиглэлийг тодорхойлох болов. Тухайн үед их эмч нараас гадна амьтан, шимэгч судлалын нарийн мэргэжлийн хүмүүс тарваган тахлыг эпизоотологи, эпидемиологи, эмнэл зүй, нян судлалын чиглэлээр хамтран ажиллаж нарийвчлан судалж эхэлсэн нь өнөөгийн эрдэм шинжилгээний ажлын эхлэл болжээ.

1941 оны 7-р сард Тарваган тахал эсэргүүцэх төв станцын лаборатори, тусгаарлах тасгийн шинэ барилга ашиглалтад орсон юм.

БНМАУ-ын тарваган тахал эсэргүүцэх байгууллагад амьтан судлалын ажлын эх суурийг анх ЗХУ-ын амьтан судлагч В.П.Бабенышев тавьж, тарваган тахлын нянг 1943 онд М.А.Мирошениченко урт сүүлт зурамнаас, 1945 онд З.С.Кудинова, Г.С.Летов нар дагуурын огдойгоос, 1946 онд Е.К.Демидова үлийн цагаан оготоноос, 1947 онд Ф.И.Фокин монгол чичүүлээс, М.Е.Жилина хэргэлзэй оготноос, 1949 онд В.Я.Михалева монгол огдойноос, 1953 онд И.П.Барков, Л.П.Базунова, А.Е.Ширяева нар шар чичүүлээс, 1943 онд М.А.Мирошниченко, 1944 онд З.М.Вовчинская нар тарваганы бүүрэг, бөөс, хачигнаас тахлын нянг, бүүрэгнээс тахлын бактериофагийг тус тус анх удаа илрүүлэн тарвага, бозлог зурам гэсэн хоёр зүйлийн мэрэгч агуулагч болж байсныг 9 зүйл болгон бүртгэжээ.

1945 оны 3-р сарын 15-18-нд Улаанбаатар хотноо болсон тарваган тахал судлаачдын 2-р зөвлөгөөнийг БНМАУ-ын ЭХЯамны сайд Ц.Шинэн, ЭХЯамны зөвлөх доцент М.А.Ибрагимов, тарваган тахлын төв станцын дарга Л.С.Соболева удирдаж байжээ. 1946 оны 9-р сарын 25-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо В.И.Лениний нэрэмжит клубт Монгол-Зөвлөлтийн тарваган тахал эсэргүүцэх байгууллагуудын 3-р зөвлөгөөн болсон байна.

1946 онд В.Н.Скалон, П.П.Тарасов нар Ю.М.Раллийн тахлын нян дулаан буюу сэрүүн бүсэд зохилдсон, тарвага цөлийн амьтан гэснийг шүүмжлэн Монголын тахлын голомт эрс тэс ширүүн уур амьсгалд зохилдсон, тарвага уулт хээр, хээрийн бүсийн амьтан гэж баталжээ.

Увс аймагт 1947 онд М.И.Безрукова, П.П. Тарасов нар, 1949 онд Говь-Алтайд, Р.Р. Живоляпина, В.В.Тягнибеда нар 1952 онд Өвөрхангай аймагт тус тус Тарваган тахал эсэргүүцэх станцыг байгуулан ажиллуулсан түүхтэй.

1955-1960 онд манай анхны үндэсний дээд мэргэжилтнээр их эмч Ц.Отгон, Ш.Самбуу, Л.Даваа, Г.Хоролсүрэн, Ч.Зундуй, амьтан судлагч Ж.Дэмбэрэл, Г.Долгор, А.Баваасан нар ажиллаж байжээ.

1952 оноос Монгол Улсад хүний боом өвчнийг албан ёсоор бүртгэж, 1957 онд ОХУ-ын Эрхүү хотноо болсон тахал судлалын эрдэм шинжилгээний бага хуралд манай үндэсний дээд мэргэжилтнүүд анх удаа оролцож байв.

1958 онд А.М.Шамова Баян-Өлгий аймгийн Цагааннуур сумын нутгаас хуурмаг сүрьеэгийн өсгөвөрийг анх удаа илрүүлсэн байна.

1959 оноос ЗХУ-ын эпидотрядууд ажиллахгүй болж, зөвхөн ганц зөвлөх мэргэжилтэнтэйгээр манай үндэсний мэргэжилтнүүд бие даан ажиллаж эхэлсэн юм.

Үндэсний мэргэжилтнүүд Гоц аюулт халдварт өвчнийг эсэргүүцэн судлах байгууллагыг бэхжүүлсэн үе (1961-1989 он)

1956 оноос эхлэн ЗХУ-д нарийн мэргэжил эзэмших болж, олон дээд, дунд мэргэжилтнүүд дагалдан суралцах, хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, хурал зөвлөлгөөн, семинарт оролцох зэрэг хэлбэрүүдээр үндэсний мэргэжилтнүүдийг сургаж, боловсон хүчний чадавхийг сайжруулжээ.

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1961 оны “Гоц аюулт халдварт өвчинтэй тэмцэх зарим арга хэмжээний тухай” 510-р тогтоолд “Тарваган тахал, урвах тахал, цагаан цэцэг, туляреми, полимиэлит, хачигт энцефалит, ям, боом. галзуу, бруцеллёз зэрэг байгалийн голомтот, гоц аюулт халдварт өвчнүүдийг судлан, тэдгээрийн байгалийн голомтыг эрүүлжүүлэн устгах явдал Гоц аюулт халдварт өвчнийг эсэргүүцэн судлах /ГАХӨЭС/ байгууллагын үндсэн зорилт” гэж тодорхойлсоноор БГХӨСҮТ-ийн үүрэг, зорилтын шинэ эхлэлийг тавьжээ.

1961-1964 оноос ГАХӨЭС Газар /институт/, түүний харьяа Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Увс, Хэнтий аймгуудад ГАХӨЭС станцууд, Улаанбаатар, Сүхбаатар хот, Дорнодын Эрээнцав, Баян-Өлгийн Цагааннуур, Дорноговийн Замын-Үүд зэрэгт хилийн ариун цэврийн байцаан шалгах салбарууд ажиллуулж, Олон Улсын хөл хориот өвчнийг хянах ажлыг Олон улсын түвшинд хэрэгжүүлж эхэлсэн байна.

1967 онд “Гоц аюулт халдварт өвчнийг эсэргүүцэн судлах газрын мэдээлэл” сэтгүүлийн анхны дугаарыг гаргаж эхэлснээс хойш эрдэм шинжилгээ, судалгаа, арга зүйн зөвлөмж, эмнэлзүй, эпидемиологи, эпизоотологи, лабораторийн эмч, мэргэжилтнүүдэд зориулсан гарын авлага материалыг хэвлэн нийтэлж 42 дугаарыг олны хүртээл болгожээ.

1969 оноос эхлэн эпизоотологийн шинжилгээнд ийлдэс судлалын ба хавсарга холбох урвалын аргаар эсрэгбие тодорхойлж эхэлсэн байна.

1970 онд Сайд нарын Зөвлөлийн 277-р тогтоол гарч, төвийн барилга байгууламжийн зураг, төсөв хийх, ажилчдад нэгдсэн орон сууц олгох, автолаборатор, утсан харилцаа, цахилгаанаар найдвартай хангах арга хэмжээ авч, 1979 оноос одоогийн үйл ажиллагаа явуулж байгаа гол барилга 1, дагалдах 5 барилга бүхий байгууламж ашиглалтад оруулж, материаллаг бааз бэхжиж ирсэн.

1972 оноос эхлэн хүний галзуу өвчний тохиолдлыг албан ёсоор бүртгэж, судлах шинжлэх ажлыг анх зохион байгуулж эхэлжээ.

1973 онд Завхан аймгийн Тэлмэн нуурын орчмын зурамнаас хулгана тахлын эсрэг бие илрүүлсэн нь Монголд анхных байжээ.

1973 онд Чита хотод болсон БНМАУ, ЗХУ-ын ГАХӨЭС байгууллагуудын хамтын ажиллагааг дүгнэх эрдэм шинжилгээний анхдугаар бага хурлыг “Нутаг дэвсгэрийн ариун цэврийн хамгаалалт ба цаашдын жилүүдийн зорилт” сэдвээр зохион байгуулж 30 шахам илтгэл, 1975 онд хоёрдугаар бага хурлыг Эрхүү хотод зохион байгуулж 20 шахам илтгэлийг тус тус хэлэлцсэн байна.

1977 онд Өмнөговь аймагт зурамны зэмнээс листериозын өсгөврийг анх удаа ялгасан байна.

1979 оноос Р-105, “Гроза” станцуудаар анх харилцаж, 1995 оноос Японы “ICOM” богино долгионы станцаар бүх орон нутгийн салбарууд, шинжилгээний болон дуудлагын багтай холбогдон мэдээ, мэдээлэл солилцох болсноор мэдээ, мэдээлэл шуурхай дамжуулахад нэгэн эргэлт гарчээ.

1981-1982 онд АУДэС-ийн мэргэжил дээшлүүлэх салбартай хамтран тарваган тахал судлалын их эмчийн мэргэжил олгох анхны курсыг 2 сарын хугацаагаар зохион байгуулжээ.

1982 онд ЗХУ-ын Н.Ф.Гамалейн нэрэмжит эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран хачигт риккетсиоз, ку халуурлын эсрэгбиеийг тус тус илрүүлсэн.

1986 онд Монгол-Зөвлөлтийн тарваган тахал эсэргүүцэх байгууллагуудын эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны 1986-1990 оны үндсэн чиглэлийг хамтран боловсруулж ажиллажээ.

Тарваган тахлын байгалийн голомтыг хамтран судлах ажлыг ЗХУ-ын Чита, Горно-Алтайн тахал эсэргүүцэх станцын эпизоотологийн шинжилгээний отрядууд, Дорнод, Сүхбаатар аймгийн нутагт 14 цэгт газраас тарваган тахлын эерэг материал, Монгол-Алтайн зүүн өмнөд хэсгийн бага судлагдсан болон судлагдаагүй нутаг дэвсгэрт голомтын хүрээг тогтоож, голомт илэрч байгаагүй Дундговь, Хөвсгөл аймгийн зарим сумын нутаг, Улаанбаатар хотын орчимд тарваган тахлын голомтыг илрүүлжээ.

1986 онд АУДэС-ийн мэргэжил дээшлүүлэх факультеттэй хамтран гоц халдвартын биологчдын 45 хоногийн курсыг анх удаа зохион байгуулжээ.

1987-1993 онд Говь-Алтай аймгийн Тонхил суманд тарваган тахлын байгалийн голомтын төлөв байдал, зүй тогтол, халдвар судлалын чадамжийг тогтоох суурин судалгааны цэгийг байгуулан 686 хоног тасралтгүй ажиллаэ, 24.7 мянган нэгж сорьцыг шинжилж, байгалийн голомтын төлөв байдлыг тогтоосон байна.

1988 оноос мэрэгчийн цусанд уургийн фракци тодорхойлох электрофорезийн, нянгийн нитритийн сорил тавих хурдавчилсан, ариутгалын чанарыг биологийн аргаар шалгах, боомын антиген хайх арга, тарваганы махны уургийг ферментээр задлан хуурай пептон гарган авах зэргээр оюуны эрхийн гэрчилгээ авч, шинэ технологи аргуудыг нэвтрүүлж ажиллав.

ЗХУ-ын Эрхүү, Ставрополь хотын Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэдтэй хамтран “БНМАУ-ын бүүрэг тодорхойлох бичиг”-ийг зохион хэвлүүлсэн. Эрхүү хотод зохион байгуулсан “Төв Азийн хойд хэсгийн тарваган тахлын байгалийн голомтын асуудлууд” сэдэвт Зөвлөлт-Монголын тарваган тахал судлаачдын VI симпозиумд их эмч З.Адъяасүрэн, Г.Хүрэлбаатар, биологич Н.Гүнд нар оролцож, 9 илтгэл хэлэлцүүлсэн. “БНМАУ-ын тарваган тахлын байгалийн голомт” нэртэй эмхэтгэлийг анх хэвлүүлсэн байна.

1989 онд энгийн аргаар формалинжуулсан эритроцит гаргаж авах, тахлын нянгийн ба Ф1-ийн эсрэг дархан ийлдэс гарган авах, тахлын нян залгиур үйлдвэрлэх арга зэрэг тэргүүн туршлага, шинэ арга барилыг ажилд нэвтрүүлэхийн зэрэгцээ тарваган тахлын плазмидыг анх удаа Монголд судалж эхэлжээ.

Байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх байгууллагын хөгжлийн шинэ үе (1990-2011 он)

1990 он нь манай орны нийгэм, улс төрийн амьдралд эргэлт буцалтгүй өөрчлөлт шинэчлэлт хийж эхэлсэн жил байлаа. Эрүүл мэндийн байгууллага, БГХӨТБ-д өөрчлөлт шинэчлэлтийн уур амьсгал нэвтэрч, системийн байгууллагын бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, зах зээлийн харилцаанд шилжиж буй энэ агшинд байгууллагад зарим өөрчлөлтүүд хийж эхэлсэн. Тухайлбал: ГАХӨЭС Газрыг БГХӨЭСТөв, орон нутагт Гоц халдвартын тасгуудыг (АЦХС Станцын нэгж байсан) Байгалийн голомтот өвчинтэй тэмцэх газар болгон өөрчилж, Эрүүл мэндийн сайдын тушаал, зааварт шинэчлэлт, гадаад харилцаанд шинэ алхам хийж, ДЭМБ-ын зөвлөмжийг удирдамж болгон ажиллаж эхлэв.

1990-ээд оноос шинэчлэлийн алхам хийгдэж, хуучин тогтолцооноос шинэ нийгмийн тогтолцоонд шилжсэн үед НЭМ-ийн шинэ зорилтыг хэрэгжүүлж, шинэ ба сэргэн тархаж буй халдвараас хүн амыг урьдчилан сэргийлэх арга хэмжээг цогц менежментээр хийх боллоо.

1991 онд БГХӨЭСТөвийн 60 жилийн түүхт ойг тэмдэглэж, ЗХУ, БНХАУ-ын холбогдох эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран “Төв Азийн тарваган тахлын байгалийн голомтын халдвар судлалын асуудал” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулжээ.

1992 онд тарваган тахал, хуурмаг сүрьеэгийн нян цөлмүүрийг үйлдвэрлэж эхлэн шинэ бүтээлийн зохиогчийн гэрчилгээг авсан байна.

1994 онд Хангай нурууны тарваган тахлын байгалийн голомтыг гүнзгийрүүлэн судлах зорилгоор Хангайн бүсийн аймаг дундын суурин судалгааны газрыг Архангай аймгийн Ихтамир сумын “Хөх нуур”-т байгуулан судалгааны ажлыг 1996 он хүртэл хийж, уг голомтын төлөв байдлыг тогтоосон байна.

Тус онд урвах тахал болон зооноз өвчний лабораторуудыг тохижуулж, эпизоот судлалын тасгийн дэргэд сорилт туршилт, хяналтын лабораторийг байгуулж ажиллууллаа.

Тарваган тахлын молекул биологийн судалгаагаар нянгийн плазмидын бүрдлийг тодорхойлж, 15 МД плазмидтай тарваган тахлын нянгууд нь салбар зүйлийн хувьд Y.pestis pestis, 8 МД плазмидтай өсгөврүүд нь Y.pestis altaica зүйлд хамрагдаж байгааг тогтоосон нь шинэ алхам байлаа.

1995 онд Бичил амь судлалын тасгийн дэргэд нян хуурайшуулах лабораторыг шинээр байгуулж, тарваган тахлын вакцины омгоор 107 удаа хатаах туршилт хийсэн нь тарваган тахлын өсгөврүүдийг хуурайшуулан хадгалах ажлын эхлэлийг тавьж байжээ.

Монгол Улсад 1996 онд гарсан холер өвчний дэгдэлтийг БГХӨЭСТөвийн эмч мэргэжилтнүүд цомхотгон дарах ажлыг гүйцэтгэж, их эмч Д.Цэнд-Аюуш, лаборант Б.Цэцэгмаа нар бичил амь судлалын аргаар оношийг анх удаа бүрэн баталгаажуулсан нь түүхэн явдал болсон төдийгүй дэгдэлтийг богино хугацаанд цомхотгон дарсан нь төр засаг, эрүүл мэнд, хүчний байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүн байлаа.

1997-2000 онд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын “Согоот-Булнайн” өр голомтод суурин судалгааны цэг байгуулан ажиллаж, тухайн голомтын байгалийн голомтын төлөв байдлыг тогтоох судалгааг гүйцэтгэсэн байна.

1998 онд эрдэм шинжилгээ судалгааны ажлыг өргөжүүлэх зорилгоор эрдэм шинжилгээний алба, эрдмийн зөвлөлийг анх удаа байгуулсан. Интернетийн сүлжээнд холбогдож, Олон улсын мэдээллийн системд чөлөөтэй нэвтэрч, шинжлэх ухаан, мэдээллийн зуунд хөл нийлүүлэх өргөн боломж нээгдсэн.

Эрдэм шинжилгээний бага хурлыг 1999 оноос хойш жил бүр тогтмол зохион байгуулж, байгалийн голомтот халдварт өвчний эпизоотологи, эпидемиологи, микробиологи, молекулбиологийн чиглэлээр эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл хэлэлцүүлж, бүтээлд хэвлүүлж олны хүртээл болгосон ба 2008 оноос эрдэм шинжилгээний хурал нь олон улсын шинж чанартай болсон төдийгүй орчин үеийн судалгаа, шинжилгээ, оношлогооны үр дүнг хэлэлцдэг чухал ач холбогдолтой ажил болоод байна.

1999 онд газар зүйн мэдээллийн “Arc View GIS” программыг ашиглан хүний өвчлөлийн давтамж, байгалийн голомтын идэвхжлийн 5 зэрэглэлээр газрын зураг үйлдэж урьдчилан сэргийлэх ажилд ашиглан статистик мэдээллийн алба, сектор ажиллаж байна.

2001 оноос эпидемиологийн судалгааны “Epilnfo-2000” программыг ашиглах, DATACOM-ийн серверт цахим хуудас байршуулах зэргээр мэдээллийн технологи, ашиглалтад дэвшил гарлаа.

“Монгол дахь галзуу өвчний эпидемиологи, эпизоотологи зарим онцлог” нэгэн сэдэвт бүтээл туурвиж, Монгол Улс дахь галзуу өвчний вирүс нь филогенетикийн “Step” бүлэгт багтаж, лиссавирусын нуклеотидийн дарааллыг тогтоон “Генбанк”-д анх бүртгүүлсэн нь Монгол Улсаас дэлхийн анагаах ухааны салбарт оруулсан чухал хувь нэмэр төдийгүй молекул-эпидемиологийн шав тавьсан юм.

2001-2003 онд “Байгалийн голомтот гоц халдварт өвчнүүдээс сэргийлэх арга, технологийг боловсронгуй болгох “ГОЦ-1” ШУТ-ийн анхны төслийг хэрэгжүүлж, Монгол орны тарваган тахлын голомтын бүтэц, тархалт дэгдэлтийн хөдлөл зүйн мэдээллийн сан, тусгай зориулалтын атлас хэвлүүлж, тарваган тахлын нянгийн төмрийн солилцоог тодорхойлсон зэрэг үр дүнтэй ажлуудыг амжилттай гүйцэтгэв.

2004 оноос эхлэн Монгол Улсын хэмжээнд хачгаар дамжих халдварт өвчнийг судалж шинжлэн судалгааны үр дүнд үндэслэн хүний өвчний тохиолдлыг албан ёсоор улсын бүртгэлд оруулж эхэлсэн байна.

2003-2009 онд баруун Нилийн халуурал, шувууны томуу өвчний байгалийн голомт илрүүлэх тандалт судалгааг Монгол орны баруун бүс нутагт доктор Д. Цэрэнноров удирдан шувууны томуугийн хоруу султай вирусийг зэрлэг шувуунаас, баруун Нилийн халуурал өвчний эерэг сорьцыг анх удаа тус тус илрүүлж, голомтын төлөв байдлыг тогтоолоо.

2004 онд БГХӨСҮТ-ийн биоаюулгүй ажиллагаа, биотерроризмын аюултай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 135 тоот тогтоолоор Улсын онцгой обьектын жагсаалтад оруулж, цэрэгжүүлсэн харуул хамгаалалттай боллоо.

ХБНГУ-ын Гёттенгений их сургууль, Бундесбергийн микробиологийн хүрээлэн, Мюнхений их сургууль АНУ-ын Флорида, Айвогийн их сургуультай хамтын ажиллагааны эхлэл тавигдаж, байгалийн голомтын тандалт судалгааг хамтран гүйцэтгэж, мэргэжилтнүүдийг сурган дадлагажуулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хамтран гүйцэтгэж, Pubmed зэрэг дэлхийн нэртэй сэтгүүл, хэвлэлд судалгаа, үр дүнг хэвлүүлж байна.

2007 онд Төвийн микробиологийн лабораторийн дэргэд “Вирүс судлалын лаборатори” нээж, вирүсээр үүсгэгддэг зарим халдварт өвчнийг оношлох анхны суурь тавигдлаа. Тарваган тахал, боомын нянгийн 166 омогт геномын полиморфизмыг VNTR-ПГУ-аар оношлох судалгаа, шинжилгээг анх удаа хийж, молекул биологийн судалгаанд шинэ дэвшил гарсан байна. ОХУ-ын Н.Ф. Гамалейн нэрэмжит “Халдвар нян судлалын эрдэм шинжилгээний хүрээлэн”-тэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан зарим паразитын өвчний орон зайн тархалтыг судалж тогтоосон.

2007 оноос эхлэн БНХАУ-ын мэргэжлийн байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлж, хоёр улсын хил орчмын нутгуудад байгалийн голомтын хамтарсан тандалт судалгааг гүйцэтгэж, төлөв байдлыг тогтоох, эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээг боловсронгуй болгох ажлыг шинэ шатанд хүргэж байна.

2008 оноос эрлихиоз, анаплазмоз, шувууны томуу, галзуу өвчний молекул биологийн оношлогоог нэвтрүүлэн шувууны томуу, галзуу өвчний оношийг УТ-ПГУ-аар баталгаажуулсаны зэрэгцээ тарваган тахал, боом өвчний оношлогоонд ФХУ, хурдавчилсан сорилыг шинээр нэвтрүүлж ажилласан нь БГХӨ-ний оношлогооны чадавхийг нэмэгдүүллээ.

2009 онд ХБНГУ-ын Бундесбергийн микробиологийн хүрээлэнтэй хамтран Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутгаас дээжилсэн Dermacentor, Ixodes төрлийн хачигнаас Rickettsia raoultii зүйлийн үүсгэгчийг илрүүлж, “генбанк”-нд бүртгүүлсэн нь судалгааны ажлын цар хүрээг илэрхийлж байна.

БНХАУ, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулсан “Зоонозын халдварт өвчин-аялал жуулчлал” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг ЭМЯ-тай хамтран зохион байгуулж, эмхэтгэлийг анх удаа англи хэл дээр хэвлүүлсэн нь гадаадын эрдэмтэн судлаачид, хамтын ажиллагаатай байгууллагуудын анхаарлыг зүй ёсоор татсан, үр дүнтэй ажлын эхлэл болж байна.

2010 онд Эрүүл мэнд, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хамтарсан тушаалаар “Зоонозын халдварт өвчний хүн, мал эмнэлгийн салбар дундын зөвлөл”-ийг байгуулсан нь Үндэсний хэмжээнд хүн, мал эмнэлгийн хамтран ажиллах дорвитой ажлын эхлэл болж, ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн зөвлөгөөнд туршлага болж мэдээлэгдлээ.

Европын комиссын Ерөнхий захирлын газар, ОХУ-ын шинжлэх ухааны төвтэй хамтран Төв Азийн бүсэд биоаюулгүй байдал, биохамгааллыг нэмэгдүүлэх зорилготой “К-1817” төсөлд хамрагдаж, 2010 оноос эхлэн Казакастаны Алма-Ата хотын “Хөл хориот ба зоонозын халдварт өвчин судлалын эрдэм шинжилгээний төв”-д нийт 60 гаруй эмч, мэргэжилтнийг урт болон богино хугацааны сургалтад хамруулж, чадавхжуулж байна.

ЭМЯ-аас хөдөө орон нутгийн Эрүүл мэндийн байгууллага, харъяа байгууллагуудад алсын зайн оношлогооны телеконференцийн тоног төхөөрөмжийг суурилуулсан нь мэргэжлийн заавар, зөвлөгөөг цаг хугацаа алдахгүй үзүүлэхэд өндөр ач холбогдолтой ажил болжээ. БГХӨСҮТ-ийн лабораторийн биоаюулгүй ажиллагааг хангах, халдвар хамгаалалд хяналт тавихаар дотоод хяналтын камер, дотуур холбооны утсаар бүх тасаг, албадуудыг хангасан нь техник, технологийн дэвшилтийг тус төвд нэврүүлсэн юм.

ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар өргөтгөл хийгдэж, биоаюулгүй ажиллагааны II зэрэглэлийн лабораторийн ашиглалтад оруулсан нь шинэ ба сэргэн тархаж буй халдварт өвчний лабораторийн оношлогоог хийхэд ач холбогдолтой ажил болж өсөн нэмэгдэж буй шинэ өвчний оношлох,шинэчлэн орчин үеийн шаардлагад нийцсэн байна.

БГХӨ-ний эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээтэй холбоотой тушаал, албан даалгавар, стандартуудыг өнөөгийн түвшинд батлуулан мөрдлөгө болгон ажиллаж байна.

Байгууллагын удирдлагууд:

БНМАУ-д тарваган тахал эсэргүүцэх байгууллагын удирдлагууд:

- 1931-1936 онд А.Л.Берлин

- 1936-1940 онд А.К. Борзенков

- 1940-1942 онд А.П.Уразова

- 1942-1943 онд Л.М.Максимов

- 1943-1946 онд Л.С.Соболева

- 1946-1950 онд В.П.Смирнов

- 1950-1952 онд И.П.Барков

- 1953-1954 онд Т.Г. Донская

- 1954-1958 онд М.П.Козлов нар удирдан зохион байгуулж байжээ.

1958 оноос үндэсний мэргэжилтнүүд тарваган тахал эсэргүүцэх байгууллагыг удирдан ажиллаж эхэлсэн. Үүнд:

- 1958-1959 онд Ш.Самбуу (Анхны монгол дарга)

- 1959-1965 онд Л.Даваа

- 1965-1966 онд А.Гочоо

- 1966-1974 онд Ц.Чулуунбаатар

- 1974-1983 онд Л.Галбадрах

- 1984-1991 онд Д.Батсүх

- 1991-1998 онд П.Бямбаа

- 1998-2001 онд Ж.Батболд

- 2001 оноос одоог хүртэл Д.Отгонбаатар удирдан ажиллаж байна.

Төрөн гарсан алдартнууд:

Монгол Улсын хүний гавьяат эмч:

1. Довчингийн Товуусүрэн (Баянхонгор аймгийн БГХӨТ Төв)

2. Лувсангончигийн Гоогормаа (БГХӨСҮТ)

БГХӨТ байгууллагаас Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонг 4, Алтан гадас одонг 19, Хөдөлмөрийн хүндэт медалийг 22 хүн хүртсэн байна.

Төрөн гарсан эрдэмтэд:

Батсүх Д, “БНМАУ-ын дорнод хэсэг дэх тарваган тахлын байгалийн голомт”, Анагаах ухааны доктор, 1981 он

Адъяасүрэн З, “Монгол Алтайн зүүн хэсгийн тарваган тахлын байгалийн голомтын халдвар судлалын чадавхи”, Анагаах ухааны доктор, 1994 он

Батболд Ж, “Монгол орны тарваганы экологи, генетик тогтоцын онцлог, тахлын эпизоотологийн хамаатал”, Биологийн ухааны доктор, 1996 он

Цэрэнноров Д, “Монгол орны тарваган тахлын байгалийн голомт дахь Citellophius tesquorum sun­garis ба Frontophylla luculenta luculenta бүүрэгний эпизоотологийн холбогдол”, Биологийн ухааны доктор, 1999 он

Ариунсанаа Б, “Тарваган тахлын нянгийн эсрэгтөрөгчийг липосомд суурилуулан тэдгээрийн хамгаалах чадварыг судлах, хэт дархлаажсан ийлдэс гарган авах”, Анагаах ухааны доктор, 1999 он

Эрдэнэбат А, “Монголын тарваган тахлын нянгийн плазмидын бүрдэл, халдвар судлалын холбогдол”, Анагаах ухааны доктор, 2000 он

Дармаа М, “Токсоплазмоз өвчний тархвар судлалын зарим асуудал” Анагаах ухааны доктор, 2000 он

Мягмар Ж, “Монгол орны тарваган тахлын нянгийн биологийн шинж төрх”, Анагаах ухааны доктор, 2002 он

Батсайхан В, “Бор хархны тархалт, экологийн судалгаа”, Биологийн ухааны доктор, 2005 он

Болормаа Г, “Монгол орны тарваган тахлын байгалийн голомтын агуулагч амьтдын гадны шимэгчид”, Биологийн ухааны доктор, 2005 он

Отгонбаатар Д, “Монгол дахь галзуу өвчний эпидемиологи, эпизоотологийн зарим онцлог”, Анагаах ухааны доктор, 2009 он

 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2246
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК