Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2008, 3(145)
Эрүүл мэндийн технологийн өнөөгийн байдал
( Судалгааны өгүүлэл )

С.Дуламсүрэн1, Г. Дашзэвэг 2, Б.Бурмаа3, Л. Ширнэн1, Н. Нарангэрэл1

1ЭМХҮТ, 2ЭМСХХ, 3ЭМЯ

 
Абстракт

In the frame of this study, following targets were selected for the research: 900 clients and 900 health workers of 60 health organizations from 4 aimag, 3 districts. The study was designed to learn more about the following topics:

  1. To determine current situation of health technology
  2. To recommend essential technology batch/set
  3. To recommend improvement of health technology

Our research have demonstrated that although the Mongolian health technology has developed, its development has been slow depending strongly on health care finance and insufficiency of budget, limited technology reconstruction, lack of professional skills and facility supplies, and optical selection among other things.

In order to determine an essential technology batch/set, the research group has interviewed officers of MOH, health managers and officers in charge of quality of medical services of 21 aimag, 42 soum and 44 family group practices, total of 210 people. We also reviewed 100 technologies proposed by the WHO’s member countries and  based on results of the interviews and WHO technology review, we have selected 96 technologies are essential to our country’s needs.

We have prepared a recommendation on how to improve health technology and authority of government policy for health technology based on Mongolian health technology  current situation research outcome, priority issues, and international design used in health technology.

Key words: Government policy, Health technology, improvement
Pp.65-69, References 28

Удиртгал

"Эрүүл мэндийн технологийг сайжруулах үндэсний хөтөлбөр"-ийн гол зорилго нь эмнэлгийн шатлал бүрд тохирсон "эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, оношлох, эмчлэх, нөхөн сэргээх болон эрүүл мэндийн мэдээллийн өртөг зардал хямд, хүртээмжтэй технологийг сонгон нэвтрүүлэх замаар хүн амын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулан дэлхийн жишигт ойртуулах" юм.

Иймд эрүүл мэндийн технологийг сайжруулах үндэсний хөтөлбөр болон эрүүл мэндийн технологийн чиглэлээр хийгдсэн судалгаа, статистик үзүүлэлтүүдэд тулгуурлан эрүүл мэндийн технологийн өнөөгийн байдлыг судлан эрүүл мэндийн технологийг сайжруулах зөвлөмж, төрөөс баримтлах бодлогын үндэслэл боловсруулахад нотолгоогоор хангах нь энэхүү ажлын үндэслэл болж байна.

Судалгааны зорилго:

Эрүүл мэндийн технологийн өнөөгийн байдлыг судлан дүгнэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох

Судалгааны зорилтууд:

  • Эрүүл мэндийн технологийн өнөөгийн байдлыг судлах
  • Эрүүл мэндийн технологийн талаар төрөөс баримтлах бодлогын үндэслэлийг гаргах
  • Эрүүл мэндийн технологийг сайжруулах зөвлөмж боловсруулах

Судалгааны шинэлэг тал, ач холбогдол:

  • Эрүүл мэндийн технологийн (оюуны болон материаллаг) хөгжлийн хүлээн зөвшөөрөгдөх байдлыг  эмнэлгийн мэргэжилтэн, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн үнэлгээ болон баримтын судалгаагаар баталгаажуулж байгаагаараа шинэлэг бөгөөд;
  • Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр бодлогын түвшинд нотолгоонд тулгуурласан шийдвэр гаргах, эрүүл мэндийн технологийг үр дүнтэй, үр ашигтай удирдах, тохиромжтой технологи нэвтрүүлэх, зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд энэхүү судалгаа нь чухал ач холбогдолтой юм.

Материал, арга зүй:

Судалгаанд 4 аймаг, 3 дүүргийн 60 гаруй эрүүл мэндийн байгууллагын 900 гаруй эмнэлгийн мэргэжилтэн, 900 гаруй үйлчлүүлэгч оролцсон ба НЭМХ-ийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцэн баталсан аргачлал, асуумжийн дагуу, тоон ба чанарын судалгааны аргыг хэрэглэн, баримтын судалгаагаар баталгаажуулан гүйцэтгэв.

Судалгаанд оролцогсдын шинж байдал

Тоон судалгаанд оролцсон эмнэлгийн мэргэжилтний 78.5% нь их эмч, 21.5% нь сувилагч, бусад мэргэжилтнүүд эзэлж байгаагийн 19.5% нь анхдагч, 30.0% нь хоёрдогч, 46.3% нь гуравдагч шатлалын клиникийн эмнэлгүүдэд болон төрөлжсөн нарийн мэргэжлийн төвүүдэд, 4.2% нь хувийн хэвшлийн байгууллагад тус тус ажиллаж байна.

Мэргэжлийн чиглэлээр нь авч үзвэл нар (4.0% нь удирдах ажилтан, 6.6% нь мэс засал, 5.7% нь дотор, зүрх судас, 2.8% нь хүүхэд, 3.8% нь мэдрэл, 3.8% нь халдварт, 2.1% нь хавдар, 1.9% нь нүд, 2.2% нь чих хамар хоолой, 2.5% нь эрүү нүүр, шүд, 2.1% нь бөөр, 7.1% нь арьс, 1.9% нь сэтгэц, 9.6% нь ерөнхий мэргэжлийн, 4.0% нь лаборатори онош зүйн, 3.0% эрчимт, сэхээн амьдруулах, 2.0% нь эм зүйч, 4.7% нь бусад дээд ) хамрагджээ.

Судалгаанд 60 гаруй эрүүл мэндийн байгууллагын 20 гаруй төрөлжсөн мэргэжлийн эмч, мэргэжилтний төлөөлөл оролцож, үйлчлүүлэгчдийн тооны харьцаа шатлал бүрд ойролцоо, тэнцвэртэй хамрагдаж, насны хувьд 20-40 насныхан буюу харьцангуй залуу эмч, үйлчлүүлэгчид байна. Үйлчлүүлэгчдийн дийлэнх нь оношлогоо, эмчилгээ, цөөн хувь нь урьдчилан сэргийлэх, уламжлалт нөхөн сэргээх эмчилгээ хийлгэхээр эмнэлэгт ханджээ.

Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн өнөөгийн байдал, тусламж, үйлчилгээ

Хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэх, эрүүл мэндийг хамгаалах, дэмжих технологийг хөгжүүлэхэд эрүүл мэндийн салбарын мэргэшсэн боловсон хүчний нөөц, байршил, хангамж чухал юм. Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг тодорхойлох зорилгоор бид ЭМЯ-ны 2006 оны статистик мэдээнд дүн шинжилгээ хийлээ.

Монгол улсын 1564.1 мян. кв. км нутагт 340 сум, дүүргийн 1667 баг хорооны 2594.8 хүн амд 2350 эрүүл мэндийн байгууллага   гурван шатлалаар тусламж, үйлчилгээ үзүүлж, 2006 оны байдлаар амбулаториор 4524.91, стационараар 2307.32 хүн тус тус үйлчлүүлсэн ба 10000 хүнд 71.14 ор ногдож байна.

Монгол улсын эрүүл мэндийн салбарт нийт 34221 ажилтан, үүнээс 7079 их эмч, 14890 эмнэлгийн дунд мэргэжилтэн ажиллаж, 10000 хүн амд 27.45 их эмч, 57.74 эмнэлгийн дунд мэргэжилтэн, тус тус ногдож байна. Жилд 3000 орчим эмнэлгийн мэргэжилтэн мэргэжил олгох, дээшлүүлэх сургалтад хамрагддаг байна. Харин эрүүл мэндийн технологийн шинэчлэл, дэвшилттэй уялдсан сургалтад төлбөр, ажлын ачаалал, мэдээлэл, удирдлагын дэмжлэг зэрэг олон шалтгаанаас дийлэнх нь суралцаж чаддаггүй байна.

Урьдчилан сэргийлэх ба эрүүл мэндийг дэмжих технологи

Урьдчилан сэргийлэх технологийн чиглэлээр эрүүл мэндийн хууль, Засгийн газрын тогтоол, НЭМ-ийн талаар төрөөс баримтлах бодлого, Үндэсний хөтөлбөрүүд, ЭМС-ын тушаал, журам, заавар зэрэг хууль эрх зүйн орчин бүрджээ.

Урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих чиглэлээр хийж байгаа үйл ажиллагааг эмнэлгийн мэргэжилтэн, үйлчлүүлэгчдийн 50.6% аас дээш хувь нь сайн гэж үнэлсэн боловч чанарын судалгаанд оролцогсод урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, эмнэлгийн дотоод халдвараас сэргийлэх, хог хаягдал, зүү тариурын устгал, эмнэлгийн багаж, хэрэгслийн ариутгал чанарын шаардлага хангалтгүй, шатлал хоорондын үйл ажиллагааны уялдаа муугаас давхцал ихтэй, зарим тушаал шийдвэр зөрчигддөг, үр дүн багатай байна.

Эрүүл мэндийг дэмжих технологийн стандарт, аргачлалгүй, төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны стандартад "нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээ" явуулах заалт эмнэлгийн мэргэжилтнүүдийн ачаалал, санхүүжилттэй холбоотойгоор хэрэгждэггүй байна.

Өвчний эрт илрүүлэлтийн технологи

Өвчний эрт илрүүлэлтийг мэргэжилтнүүдийн 34.7% нь сайн, 53.0% нь дунд, 12.3% нь муу, үйлчлүүлэгчдийн 48.4% нь сайн, 40.0% нь дунд, 11.6% нь муу гэсэн үнэлгээ тус тус өгсөн нь эрт илрүүлэлтийн технологид эмнэлгийн мэргэжилтнүүд үйлчлүүлэгчдээсээ илүү сэтгэл ханамжгүй байгаа нь ажиглагдав.

Шатлалаар авч үзвэл анхдагч шатлалд үйлчлүүлэгч нар сэтгэл ханамж маш доогуур (77.0%), хоёрдогч, гуравдагч шатлалд ойролцоо түвшинд (58.2%) сэтгэл ханамжгүй байна.

Сүүлийн жилүүдэд анхдагч, хоёрдогч шатлалд түргэвчилсэн цаасан оношлуурууд, клиникийн эмнэлгүүдэд эсийн түвшинд шинжилгээ хийх MRI, дуран, дэлгэцтэй  рентген шинжилгээ зэрэг дэвшилтэт технологиуд нэвтэрснийг өвчний эрт илрүүлэлтийн технологитой холбон тайлбарлаж байна.

Эрүүл мэндийн оношлогооны технологи

Тоон судалгаанаас харахад эмнэлгийн мэргэжилтэн, үйлчлүүлэгчдийн дийлэнх нь (51.3:50.6%) оношлогооны технологиуд шинээр нэвтэрч байгаатай санал нийлсэн ч лабораторийн шинжилгээний чанарт шатлал буурах тутам сэтгэл ханамжгүй байна.

Сум, өрхийн эмнэлэгт ихэвчлэн түргэвчилсэн цаасан оношлуур ашигладаг бол, сум дунд, хөдөөгийн нэгдсэн эмнэлэгт 10 гаруй, хоёрдогч шатлалд 40 гаруй, гуравдагч шатлалд 60 гаруй лабораторийн шинжилгээ хийдэг ба тоног төхөөрөмж хуучирсан, оношлогооны төв, лавлагаа лабораторигүйгээс иргэдийн гуравдагч шатлал болон гадаадад явах урсгалыг саатуулж чаддаггүй байна.

Эрүүл мэндийн эмчилгээний технологи

Судалгаанд оролцсон нийт эмнэлгийн мэргэжилтний 71.6% эмчилгээний технологи, стандартын мөрдөлтийг сайн гэж үнэлсэн бол үйлчлүүлэгчдийн 69.9% нь эмчилгээний үр дүндээ сэтгэл ханамж сайтай байна.

Сүүлийн жилүүдэд дуран, судсан доторхи мэс засал, эрхтэн шилжүүлэх, гэмтсэн эрхтэнг нөхөн суулгах, хавдрын мэс заслын шинэлэг арга, MRI оношлогоо хийх зэрэг шинэ технологиуд гуравдах шатлалд нэвтэрсэн ч санхүүжилттэй холбоотойгоор олон бэрхшээлтэй тулгардаг бол, анхдагч хоёрдогч шатлалд шинэ технологийн нэвтрэлт хангалтгүй байна.

Эмчилгээний орчин үеийн үр дүнтэй техник, тоног төхөөрөмж, эм хангамжтай уялдуулсан зайлшгүй шаардлагатай технологийн багц боловсруулах, хуучирсан технологиудыг хасах, боловсронгуй болгох, эмнэлгийн тоног төхөөрөмжийн хуультай болох талаар цогц бодлого хэрэгтэй гэж эмнэлгийн мэргэжилтнүүд үзэж байна.

Эрүүл мэндийн нөхөн сэргээх технологи

Нөхөн сэргээх технологи тусламж, үйлчилгээний шатлалд харилцан адилгүй, анхдагч шатлалд эрх зүйн зохицуулалт, тоног төхөөрөмж, хүн хүчин дутагдалтайгаас энэ чиглэлийн үйл ажиллагаа дутагдалтай, хоёрдогч, гуравдагч шатлалд 10­30 гаруй нэр төрлийн үйлчилгээг, мөн төдий нэр төрлийн тоног төхөөрөмжийн тусламжтайгаар хэрэгжүүлдэг байна.

Тоон судалгаанаас харахад анхдагч шатлалын эмнэлгийн мэргэжилтнүүд өөрийн эмнэлгийн нөхөн сэргээх технологидоо сэтгэл ханамжгүй (71.0%), хоёрдогч, гуравдагч шатлалын эмнэлгийн мэргэжилтэн, үйлчлүүлэгчид (54.5-72.4%) боломжтой гэсэн байна.

Эм, эмнэлгийн хэрэгсэл, техник тоног төхөөрөмжийн технологи

Аль ч шатлалын эмнэлэгт нэн шаардлагатай эмийн хангамж 70-80%, яаралтай тусламжийн эм, тарианы хангамж 80.0-90.0 хувьд хэлбэлздэг байна. Эмийн хангамж, хүртээмжид мэргэжилтнүүд сэтгэл хангалуун биш байдаг ба ялангуяа тендерийн буруу тогтолцоо, шингэн сэлбэлтийн зардал, эмчилгээний шинэ технологи -шинэ эмчилгээний уялдаа холбоо зэргийг бодлогын түвшинд анхаарах хэрэгтэй гэж үзэж байна.

Эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийн хангалт 23.0-70.0%, эдэлгээ дууссан, сэлбэг хэрэгсэлгүй, их засварт оруулах шаардлагатай тоног төхөөрөмж цөөнгүй байна. Судалгаанд оролцсон эмнэлгийн мэргэжилтнүүдийн дийлэнх нь наад захын багаж хэрэгслээр хангах, тоног төхөөрөмжийн ашиглалт, хамгаалалтын талаар эмнэлгийн мэргэжилтэнг сургах, эмнэлгийн тоног төхөөрөмжийн засварын нэгдсэн төв байх хэрэгтэй гэж үзэж байна.

Эрүүл мэндийн салбарын санхүүжилт

2005 оны байдлаар эрүүл мэндийн салбарт автопарк, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, барилга байгууламж барих, засвар үйлчилгээнд нийт зардлын 4 орчим хувь буюу 3.4 тэрбум төгрөг зарцуулсан байна. Эрүүл мэндийн технологийг сайжруулах үндэсний хөтөлбөрийн тайлангаас харахад улсын хэмжээнд 2006 онд эмнэлгийн тоног, төхөөрөмж авахад 1094.0 сая, багаж хэрэгсэл авахад 26.3 сая төг, тоног төхөөрөмжийн засварт 14.9 сая төгрөг зарцуулсан ба тоног төхөөрөмжид зарцуулж байгаа зардлууд жил ирэх тутам нэмэгдсэн байна.

ДҮГНЭЛТ

1. Эрүүл мэндийн технологийн хөгжил

Монгол улсын эрүүл мэндийн технологийн хөгжилд дэвшил гарсан байна, харин эрүүл мэндийн салбарын санхүүжилт, төсвийн хомсдол, технологийн шинэчлэл, мэргэжлийн ур чадвар, техник тоног төхөөрөмжийн хангамж, сонголт зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан технологийн хөгжил удаашралтай байна.

2. Хууль эрх зүйн орчин

Эрүүл мэндийн технологийг хэрэгжүүлэхийн тулд "Эрүүл мэндийн багц хуулиуд", Засгийн газрын тогтоол, НЭМ-ийн талаар төрөөс баримтлах бодлого, Үндэсний хөтөлбөрүүд, "Эрүүл мэндийг хамгаалах технологи, эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандартууд", "Төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа, "зонхилон тохиолдох өвчин эмгэгийн оношлогоо, эмчилгээний удирдамж", "Эрүүл мэндийг хамгаалах технологи, эмчилгээ оношлогооны түгээмэл үйлдлүүд", "Эмнэлгийн дотоод халдвартай тэмцэх, сэргийлэх тухай" тушаал зэрэг 200 гаруй хууль эрх зүйн орчинд хэрэгжүүлдэг ба зарим тушаал заавар  биелэх боломж муутай, боловсронгуй болгох шаардлага, хэрэгцээ байна.

3. Бүтэц, зохион байгуулалт удирдлага

Монгол улсын эрүүл мэндийн технологийг 3 шатлалт тогтолцоогоор 2350 эрүүл мэндийн байгууллага 340 сум, дүүргийн 1667 баг хорооны 2594.8 хүн амд тусламж, үйлчилгээг хүргэж байна. Эрүүл мэндийн технологийг сайжруулах Үндэсний хөтөлбөр 2003 оноос эхлэн хэрэгжиж, ЭМЯ удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна. Эрүүл мэндийн байгууллагуудын "Эрүүл мэндийн технологийг сайжруулах Үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх төлөвлөлт, үйл ажиллагаа хангалтгүй байна.

4. Эрүүл мэндийн салбарын хүний нөөц

Монгол улсын эрүүл мэндийн салбарт нийт 34221 ажилтан, үүнээс 7079 их эмч, 14890 эмнэлгийн дунд мэргэжилтэн ажиллаж, 10000 хүн амд 27.45 их эмч, 57.74 эмнэлгийн дунд мэргэжилтэн тус тус ногдож байна. Жилд эмнэлгийн мэргэжилтний 13.6% нь мэргэжил олгох, дээшлүүлэх сургалтад хамрагддаг ба эрүүл мэндийн технологийн шинэчлэлтэй уялдсан сургалтад ажлын ачаалал, сургалтын төлбөр, мэдээллийн хүртээмж, удирдлагын дэмжлэг зэрэг олон шалтгаанаас технологийн дэвшлээс хүний нөөцийн чадавхи нь хоцорч байна.

5. Урьдчилан сэргийлэхтехнологи

Урьдчилан сэргийлэх технологи нь шатлалд тохирсон тодорхой стандартгүйгээс давхцал ихтэй, бусад ажлын хавсарга байдалтай, үр дүн багатай, эмнэлгүүдийн дотоод халдвараас урьдчилан сэргийлэх технологи, зарим эрх зүйн зохицуулалтын биелэлт, хангамжийн байдал хангалтгүй байна.

6. Эрүүл мэндийг дэмжих технологи

Эрүүл мэндийг дэмжих технологийн чиглэлээр дотоод сүлжээ, интернэтэд холбогдох, цахим түүх нэвтрүүлэх, зайны оношлогоо, сургалт зохион байгуулах зэрэг мэдээллийн дэвшилтэт техник, технологи нэвтэрч байгаа сайн тал байна. Гэхдээ тусламж, үйлчилгээний шатлалд тохирсон эрүүл мэндийг дэмжих технологийн стандарт, аргачлал байхгүй байна.

7. Өвчний эрт илрүүлэлтийн технологи:

Түргэвчилсэн цаасан болон эсийн түвшний оношлуур, MRI, дуран, өнгөт рентген зэрэг техник тоног төхөөрөмж нэвтэрсэн нь өвчний эрт илрүүлэлтийн технологийн дэвшилд хувь нэмэр оруулж байгаа ч, ерөнхийдөө өвчний эрт илрүүлэлтийн технологи зогсонго байдалтай байна.

8. Оношлогооны технологи:

Бодлогын түвшинд оношлогооны тоног төхөөрөмж, анализатороор хангах, MRI аппарат суурилуулах зэрэг тодорхой арга хэмжээг авч, анхдагч шатлалд 10 гаруй, хоёрдогч шатлалд 40 гаруй, гуравдагч шатлалд 60 гаруй шинжилгээг лабораториор оношилж, стандартад заасан тоног төхөөрөмж (хэт авиа, рентген, зүрхний бичлэг, дуран г/м) ашиглаж байна. Гэсэн ч тоног төхөөрөмжийн дийлэнх нь хуучирсан, оношлогоо, засвар үйлчилгээний нэгдсэн төв, лавлагаа лабораторигүй, лабораторийн шинжилгээний чанарын хяналт хангалтгүй байдал нь оношлогооны технологийн дэвшилд сөргөөр нөлөөлж байна.

9. Эмчилгээний технологи:

Гуравдах шатлалд дуран, судсан доторхи мэс засал, эрхтэн шилжүүлэх, гэмтсэн эрхтэнг нөхөн суулгах, хавдрын мэс заслын шинэлэг арга, MRI оношлогоо хийх зэрэг шинэ технологиуд нэвтэрч тодорхой дэвшил гарсан байна. Харин эдийн засаг, санхүүжилттэй холбоотойгоор олон бэрхшээлтэй тулгардаг бол анхдагч хоёрдогч шатлалд эмчилгээний шинэ технологийн нэвтрэлт хангалтгүй байна. Эмчилгээний технологийн дотоод ба гадаад хяналтын уялдаа муу байна.

10.  Нөхөн сэргээхтехнологи:

Нөхөн сэргээх технологи тусламж, үйлчилгээний шатлалд харилцан адилгүй, анхдагч шатлалд эрх зүйн орчин, тоног төхөөрөмж, хүн хүчнээс шалтгаалан бараг хийгддэггүй бол хоёрдогч, гуравдагч шатлалд 10-30 гаруй нэр төрлийн үйлчилгээг мөн төдий тооны нэр төрөл бүхий тоног төхөөрөмжийн тусламжтайгаар хэрэгжүүлдэг ба аль ч шатлалд энэ технологийн шинэчлэл хангалтгүй байна.

11.Эм, эмнэлгийн хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжийн технологи:

Эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийн хангалт харилцан адилгүй 23.0%-70.0%, зайлшгүй шаардлагатай эмийн хангамж 70-80% тай байна. 2006 онд эмнэлгийн тоног, төхөөрөмж авахад 1094.0 сая, багаж хэрэгсэл авахад 26.3 сая, тоног төхөөрөмжийн засварт 14.9 сая төгрөг зарцуулсан ба жил ирэх тутам зардал нэмэгдэж, шинэчлэх шаардлагатай тоног төхөөрөмжид 50 сая орчим төгрөг шаардлагатай байна.

12. Зайлшгүй шаардлагатай технологийн багц

Шатлалд тохирсон зайлшгүй шаардлагатай технологийн багц боловсруулах хэрэгцээ, шаардлага байна. Үүнд:

Анхдагч шатлалын эмнэлгийн түвшинд:

Анхдагч шатлалын зайлшгүй шаардлагатай технологийн багцад урьдчилан сэргийлэх технологи, өвчний эрт илрүүлэлтийн технологи, нөхөн сэргээх технологи, эрүүл мэндийн анхан шатны тусламжийн технологи, эрүүл мэндийг дэмжих технологи гэсэн үндсэн 5 багцыг тодорхойлох.

Хоёрдогч шатлалын эмнэлгийн түвшинд:

Дүүргийн эмнэлгийн стандарт гаргаж, зарим оношлогоо, эмчилгээний технологи тухайлбал сэтгэц, дуран, хими эмчилгээ, эсийн түвшний шинжилгээг хоёрдогч шатлалын зайлшгүй шаардлагатай технологийн багцад оруулах

Гуравдагч шатлалын эмнэлгийн түвшинд:

Төрөлжсөн мэргэжлийн чиглэл бүрээр зайлшгүй шаардлагатай технологийн багцыг гаргах, шатлалын онцлогтой уялдуулан өртөг өндөртэй эм, урвалж, оношлогоо, эмчилгээний технологийг оруулах, эрхтэн шилжүүлэн суулгах, мэдээллийн технологи, эрдэм шинжилгээ, судалгаа, зайны оношлогооны технологийг тусад нь багцлах

Ном зүй

1. \"Эрүүл мэндийн технологийн өнөөгийн байдал\" тойм судалгаа (С.Төгсдэлгэр, С.Эвлэгсүрэн, С.Энхболд, С.Эрдэнэтуяа, А.Баяр, 2003 он).
2. \"Монгол улсын эрүүл мэндийн салбарын дурангийн оношлогоо, эмчилгээний хөгжлийн байдал\" судалгаа (Н.Бира, Х.Оюунцэцэг, М.Намсрай, Г.Нямхүү, В.И. Маслов, 2005 он).
3. \"Монгол улсын эрүүл мэндийн салбарын лабораториудын үйл ажиллагааны байдал\" судалгаа (Г.Наран, Н.Хүдэрчулуун, Д.Нарантөгөлдөр, 2005 он).
4. Эрүүл мэндийн салбарын эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангамжийн байдал (П.Отгонжаргал, 2005 он )
5. Эрүүл мэндийн хуулиуд (эрүүл мэндийн тухай, эм эмнэлгийн хэрэгслийн тухай, иргэний эрүүл мэндийн даатгалын тухай, 2007 он)
6. НЭМ-ийн талаар төрөөс баримтлах бодлого, хэрэгжүүлэх талаар гарсан тогтоол, тушаалын эмхэтгэл, 2002 он
7. \"Эрүүл мэндийг хамгаалах технологи, эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандартууд\" (MNS 5095:2001), (MNS 5292-2003)
8. Төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа (MNS 5203: 2002)
9. \"Эрүүл мэндийг хамгаалах технологи, эмчилгээ оношлогооны түгээмэл үйлдлүүд\" (MNS 4621-98)\"
10. Эрүүлийг хамгаалах технологи, өрхийн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа (MNS 5292-2003)\"
11. Эм хангамжийн салбарт мөрдөх стандартын эмхэтгэл, 2007 он
12. Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх бодлого, эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл, 2004 он
13. Эрүүл мэндийн технологийг сайжруулах үндэсний хөтөлбөр, 2005 он
14. Зонхилон тохиолдох халдварт бус өвчин (зүрх судасны өвчин, хавдар, чихрийн шижин)-өөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр, \"Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр\" зэрэг 10 гаруй үндэсний хөтөлбөр
15. Эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэсэн МСС-г эрчимжүүлэх, дархлаажуулалт, хог хаягдлын менежментийн тухай Засгийн газрын 2001 оны 224, 67, 256 тоот тогтоолууд
16. \"Зонхилон тохиолдох өвчин эмгэгийн оношлогоо, эмчилгээний удирдамж\" (ЭМС-ын 2005 оны 109-р тушаал)
17. Уламжлалт анагаахын ерөнхий мэргэжлийн эмчийн эмнэл зүйн удирдамж, 2004 он
18. Эрүүл мэндийн үзүүлэлт ( 2005, 2006 он)
19. 2006 оны эрүүл мэндийн статистикийн мэдээлэл боть I. II
20. Монгол улсын эрүүл мэндийн Үндэсний тооцоо (2003-2005 он)
21. Монгол улсын статистикийн эмхэтгэл (2006 он)
22. Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх талаар гарсан тогтоол, тушаал, заавар журмын эмхэтгэл, 2004 он
23. Эмнэлгийн дотоод халдвартай тэмцэх, сэргийлэх тухай ЭМС-ын 299-р тушаал болон бусад заавар, журам
24. Нийслэлийн хүн амын эрүүл мэндийн асуудлаар баримтлах бодлого, стратеги, эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл, 2001 он
25. Нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж, 2003 он
26. Эрүүл мэндийн технологийн үнэлгээ, 2004 он
27. www.ncchta.org
28. www. inahta.org
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор Ц.Содномпил


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 934
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК