1950-иад онд Монголын эрүүлийг хамгаалах ажил их эрчимтэй хөгжиж эхэлсэн үе байдаг юм. Яагаад гэвэл тэр үед үндэсний их эмч нар аймаг бүрт ажиллах болж, сум бүр бага эмчтэй болоод байна. Үүнийг дагаж Ардын эрүүлийг хамгаалах яамны сайд зайлшгүй их эмч байх ёстой болсон бололтой. Тэр үед үнэнхүү шударга, бас ч сүрхий авхаалж самбаатай бага эмч Г.Туваан яамны сайдыг осол эндэгдэл тун багатай 3 жил хийгээд байсан боловч арга буюу дээд мэргэжлийн сэхээтнийг удирдахад түвэгтэй болоод ирсэн бололтой. Тиймийн учир түүнийг МУИС-ийн анагаах ухааны ангид анги алгасуулан оруулж суралцуулах, оронд нь Хүн эмнэлгийн газрын дарга, их эмч “шар” хэмээх Дугарыг ажиллуулахаар маршал Чойбалсан шийдээд байжээ. Энэ нь ч бас учиртай байсан бололтой. 1930 оноос хойш маршал Чойбалсан 1950 он хүртэл 20 жилд Ардын эрүүлийг хамгаалах яамны сайдаар 12 хүн томилсон бөгөөд тэдний дотор ерөөсөө ганцхан их эмч сайд нь Б.Гонгоржав гуай тохиосон бөгөөд тэр нь “тэрслүү үзэлтэн” байсан нь түүнийг их цочирдуулсан удаатай. Түүнээс хойш гадаад, дотоодод төгссөн их эмч нараас тун болгоомжлох болсон нь аргагүй биз. Ер нь маршал Чойбалсан хүн танихдаа гаргууд хүн байсан гэдэг. Олон зуун дарга, офицер, сэхээтнийг шинжиж байсан болохоор далдын совин ихтэй болохоос ч яах вэ.
1936 онд Ленинград хотын цэргийн академийг төгсөж, их эмчийн мэргэжилтэй болсон 42 настай З.Дугар гуай болбоос ядуу гаралтай, 1924 онд цэрэгт татагдан жирийн цэргээс цагаан хэрэглэлийн нярав, бага эмч зэрэг ажлыг шат дараалан хийж, хамгийн гол нь хоёр дайны үед цэргийн эмнэлгийн албыг онц гарамгай удирдсан Армийн хүн эмнэлгийн албаны дарга байсан учир маршалын сэтгэлд үнэнхүү нийцэж байсан бололтой. Ингээд л Загдсүрэнгийн Дугар Ардын эрүүлийг хамгаалах яамны 13 дахь сайдаар 1950 онд томилогдсон байдаг юм.
Сайд Дугар угийн цэргийн хүн болоод ч тэр юм уу тухайн үеийнхээ хүмүүжилтэй байсных уу маш шударга, өөртөө болоод бусдад нэн шаардлагатай нэгэн байсан байдаг юм. Сайд болсны дараахан ганцхан удаагийн тушаалаар тэр үеийн хамгийн чадалтай гэгдэх монгол эмч нараа аймгийн эрүүлийг хамгаалахын хэлтсийн дарга болгосон удаатай. Энэ нь тэдний элдэв аар саар хүсэлтийг үл харгалзан “хөдөө хөөсөн нь” маш их эсэргүүцэлтэй тулгарч байсан ч дажгүй давсан, яамны орлогч сайд, дарга нарт ч “ширүүн” нэгэн байсан бөгөөд тухайн үедээ сүрхий зохиж байсан маршалын арга барил түүнийг зоригжуулж байсан бололтой. Иймийн учир дайны дараахь аядуу зөөлөн удирдах чадвартай байхыг шаардсан шүүмжлэлийг ч хүлээж авдаггүй байв.
Ер нь ямарваа ажлыг цагт нь ном ёсоор хийхийг бусдаас шаардсаар 1954 он хүртэл сайдын албыг хашжээ. Тэгэхдээ тэрбээр энэ дөрөвхөн жилд маш их ажил амжуулсан болой. Бас ч багагүй шүүмжлэлд өртсөн бололтой. Ийнхүү З.Дугар гуай жинхэнэ цаг үеийнхээ хүү нь байв.
Харин 1952 онд маршал Чойбалсанг нас нөгчихөд сүрхий өнчирсөн гэдэг. Гэртээ ирчихээд байшингийнхаа гонхонд гарч зогсчихоод уйлаад байсан аж.
З.Дугар сайдыг олны шүүмжлэлийг ойшоож үздэггүй гэсэн нэрээр ажлаас халав.
Маршал ЗХУ-д явж эмчлүүлэхээр шийдээд байхдаа нутгаа нэгэнтээ сайн харж авахын тулд галт тэргээр явна хэмээн Дугар гуайд ярьж байсныг тэрбээр ахин дахин дурсдаг байжээ. Харин энэ үед нийгмийн уур амьсгал цаагуураа сүрхий аядуу зөөлөн болж хуучин цагийн удирдах ажилтан нар шинэ цагийн энэхүү байдалтай зохицож дарга болох гэж тэмүүлж байсан үе.
Дугар гуай тэгсэнгүй. Бүр сайдынхаа хэл амтай албанаас арай ядан ял шийтгэлгүй мултарсандаа их л баярлаж байсан гэдэг. Тэгээд ЗХУ-д курс хийж монголын анхны гэрийн боловсролтой эмч болсон түүхтэй. Энэ нь ч гэсэн ухаантай хүний шийдэл юм. Ийнхүү Дугар гуай нас ахисхийн хашир сууж, ухаан тэгширсэн үедээ 49 насандаа 1956 онд ослоор эндсэн юм.
Баян айлын хүүхдийн оронд цэрэгт мордсон дорнод нутгийн ядуу буриад хөвгүүн цаг үеийн эрхээр өчүүхэн ч амсхийлгүй төр, түмний төлөө зүтгэсээр ийнхүү ертөнцөөс халин оджээ.
Цаг үе, хүний хувь заяа ер нь иймэрхүү байх юм даа.




