Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2009, 2(148)
Улаанбаатар хотын тусгай сургуулиудын хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн байдал
( Судалгааны өгүүлэл )

С.Оюунсайхан1, Б.Амарсайхан1, Б.Өнөрбилэг2, Б.Оюунцэцэг1

1 Эрүүл мэндийн шинжлэхухааны их сургууль, 2ШЭНЭСТ

 
Абстракт

Objective

The purpose of this study was to establish oral health status among disabled children aged 6-12 years in 6 special schools in Ulaanbaatar.

Methods

428 children with disabilities (cerebral palsy, Down syndrome, mental retardation, blind and hearing disorders) participated in this study. Boys were 50.4%, girls were 49.6% and mean age were 9.92±1.76. Clinical examination was performed by using a dental mirror and revealed the presence of dental caries, missing (extracted) and filled teeth. Each tooth was examined and scored based on the WHO standard (WHO, 1997). The periodontal status was evaluated according to CPI (Community Periodontal Index). The oral hygiene was evaluated according to Green-Vermillion method (1964) values.

Results

The dental caries prevalence of all disabled children was 88.3% and average dmft values were 5.71±4.54 in deciduous teeth, 5.73±3.72 in mixed dentition and 3.14±2.81 in permanent teeth. The periodontal status of all children was 70% bleeding after probing and 7% calculus deposit. The oral hygiene was 10% good, 37% fair and 53% poor.

Conclusion

This study showed high caries prevalence and DMFT, dmft index and periodontal disease. The oral hygiene index was poor among disabled children in Ulaanbaatar comparing to general population. The main component of DMFT and dmft was decayed teeth, which suggest special oral health promotion policy and urgent treatment, diagnosis and special dental care.

Оршил

Хөгжлийн бэрхшээлтэй хүний оюун ухаан, бие махбодын үйл ажиллагаа нь алдагдсан төдийгүй нийгмийн хувьд тусгаарлагдсан байдаг [1].

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн шүдний эмчилгээг эрүүл хүүхдийнхтэй харьцуулахад эмчилгээний үед хүндрэл үүсэх магадлал өндөр, цаг хугацаа их зарцуулагддаг, тоног төхөөрөмж дутагдах зэрэг олон хүндрэлүүд байдаг [2]. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн шүдний арчилгаа түвэгтэй байдаг тул эцэг, эх нь шүдний арчилгааны давтамжийг бууруулснаар амны хөндийн өвчнийг үүсэх, хүндрэхэд нөлөөлдөг [1].

Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 0-16 насны 6786 хүүхэд бүртгэгдэсний 1882 нь Улаанбаатар хотод амьдардаг (Үндэсний Статистикийн Газрын мэдээ, 2008 он). Эдгээр хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн байдлыг судлаж тогтоогоогүй байна. Үүнийг тодорхойлох нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах асуудлыг шийдвэрлэхэд анхны чухал алхам болох юм.

Зорилго

Улаанбаатар хотын тусгай сургуулиудад суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй 6-12 насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн төлөвийг судлахад оршино.

Судалгааны хэрэглэгдэхүүн, арга зүй

Судалгааны бүлэг

Улаанбаатар хотын 55, 25, 63, 70, 116, 29 дугаар тусгай сургуулиудын хөгжлийн бэрхшээлтэй 6-12 насны 6 хүүхдийг судалгаанд хамруулсан. Судалгаанд хамрагдсан хүүхдийг хөгжлийн бэрхшээлийн төрлөөр нь 5 бүлэгт хуваасан болно. Судалгааны өмнө сурагчдын эцэг эх, асран хамгаалагчдаас ЭМШУИС-ийн Биоанагаахын Ёс зүйн зөвлөлийн хурлаар батлагдсан 58/4тоот хуудсаар таниулсан зөвшөөрөл авсан.

Асуумж судалгаа

Асуумж судалгааг (Овог, нэр, нас, хүйс, хөгжлийн бэрхшээлийн төрөл, сургууль гэх мэт) сургуулийн эмчийн бүртгэлээс авсан болно.

Эмнэлзүйн үзлэг

Эмнэлзүйн үзлэгийг 2008 оны 12 сард 4 эмч сургуулийн эмчийн өрөөнд байгалийн гэрэлтүүлгийн дор цоорсон, ломбодсон, цоорлын улмаас авагдсан шүдийг шүд тус бүрээр, шүдний тулгуур эдийн төлөвийг CPI (Community Periodontal Index)-ээр, амны эрүүл ахуйн төлөвийг Грин-Вермиллионы (1964) аргаар тодорхойлов.

Статистик боловсруулалт

Статистик боловсруулалтыг SPSS 15.0 программ ашиглан гүйцэтгэсэн бөгөөд Chi square тест болон дүрслэх статистикийн аргуудыг хэрэглэсэн болно.

Үр дүн

I. Хөгжлийн бэрхшээлийн төрлийг судалсан дүн

Судалгаанд хөгжлийн бэрхшээлтэй нийт 428 хүүхэд хамрагдсаны 3.7% хүүхэд нь тархины саатай, 1.9% нь Дауны синдромтой, 60.5% нь оюуны хомсдолтой, 26.9% нь сонсголын өөрчлөлттэй, 7.0% нь харааны өөрчлөлттэй байв. Тэдгээрийн дундаж нас нь 9.92±1.76, хүйсийн хувьд эрэгтэй 50.4%, эмэгтэй 49.6% байсан.

II.Шүд цоорох өвчний байдлыг судалсан дүн

Судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт 88.3% байв. Шүд цоорох өвчний тархалтыг хөгжлийн бэрхшээлийн төрлөөр авч үзвэл тархины саатай хүүхдэд 100%, Дауны синдромтой хүүхдийн 87.5%, оюуны хомсдолтой хүүхдийн 87.6%, харааны өөрчлөлттэй хүүхдийн 86.7%, сонсголын өөрчлөлттэй хүүхдийн 89.6% нь тус тус шүд цоорох өвчтэй (p>0.05) байв (Зураг 1). Судалгаанд хамрагдсан 428 хүүхдийн 0.9% нь сүүн зуулттай, 72.9% нь холимог зуулттай, 26.2% нь байнгын зуулттай байлаа. Шүд цоорох өвчний эрчим сүүн зуултын үед 6.00±1.35, холимог зуултын үед 5.60±0.21, байнгын зуултын үед 3.16±0.27 байсан. Судалгаанд хамрагдсан нийт хүүхдэд цооролтой шүд давамгайлж (холимог зуултын үед 5.01±0.16, байнгын зуултын үед 2.80±0.24), авахуулсан ба ломбодуулсан шүдний тоо цөөн байв (Хүснэгт 1).

III. Шүдний тулгуур эдийн төлөвийг судалсан дүн

Судалгаанд хамрагдагсдын шүдний тулгуур эдийг CPI-ээр үнэлэхэд 23% нь эрүүл, 70% нь сэтгүүрдэхэд буйлнаас цус гардаг, 7% нь шүдний чулуутай байв.

Шүдний тулгуур эдийн төлөвийг хөгжлийн бэрхшээлийн төрлөөр авч үзвэл тархины саатай хүүхдийн 25% нь эрүүл, 75% нь сэтгүүрдэхэд буйлнаас цус гардаг, Дауны синдромтой хүүхдийн 37% нь эрүүл, 63% нь сэтгүүрдэхэд буйлнаас цус гардаг, оюуны хомсдолтой хүүхдийн 20% нь эрүүл, 71% нь сэтгүүрдэхэд буйлнаас цус гардаг, 9% нь шүдний чулуутай, харааны өөрчлөлттэй хүүхдийн 23% нь эрүүл, 70% нь сэтгүүрдэхэд буйлнаас цус гардаг, 7% нь шүдний чулуутай, сонсголын өөрчлөлттэй хүүхдийн 67% нь сэтгүүрдэхэд буйлнаас цус гардаг, 4% нь шүдний чулуутай тус тус (p>0.05) байв (Хүснэгт 2)

III.Амны эрүүл ахуйн төлөвийг судалсан дүн

Судалгаанд хамрагдагсдын 10% нь сайн, 37% нь дунд, 53% нь амны эрүүл ахуй муу байв.

Амны хөндийн эрүүл ахуйн төлөвийг хөгжлийн бэрхшээлийн төрлөөр авч үзвэл тархины саатай хүүхдийн амны хөндийн эрүүл ахуйн төлөв 6% нь сайн, 13% нь дунд, 82% нь муу; Дауны синдромтой хүүхдийн 13% нь сайн, 25% нь дунд, 62% нь муу; оюуны хомсдолтой хүүхдийн 9% нь сайн, 39% нь дунд, 52 нь муу; харааны өөрчлөлттэй хүүхдийн 17% нь сайн, 33% нь дунд, 50% нь муу; сонсголын өөрчлөлттэй хүүхдийн 10% нь сайн, 37% нь дунд, 53% нь муу гэсэн үзүүлэлттэй (p<0.05) байлаа (Зураг 2).

Хэлцэмж

Бидний судалгаагаар шүд цоорох өвчний тархалт 88.3% байсан нь Энэтхэг (88.37%) [3], Сауди арабад (Харааны өөрчлөлттэй хүүхдэд-88.2%, сонсголын өөрчлөлттэй хүүхэд-95.7%, 93%, оюуны хомсдолтой хүүхдэд-93%) [4] хийсэн судалгааны дүнтэй ойролцоо, харин Америк (59.4%) [5] болон Тайваны (66.7%) [6] хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хийсэн судалгааны дүнгээс харьцангуй өндөр байна.

Бидний судалгаанд шүд цоорох өвчний эрчим холимог зуултад 5.60±0.21, байнгын зуултад 3.16±0.27 байгаа нь Кроати (5.24 ЦЛАцл/ш; 3.42 ЦЛА/ш)-ийн [1] судлаачдын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хийсэн судалгааны дүнтэй ойролцоо байгаа юм. Мөн Тайваны 6-12 насны хүүхдэд шүд цоорох өвчний эрчим 1.79 ЦЛАцл/ш [6], Ираны сонсголын өөрчлөлттэй хүүхдэд 1,91 ЦЛАцл/ш, оюуны хомсдолтой хүүхдэд 2.27 ЦЛАцл/ш, харааны өөрчлөлттэй хүүхдэд 2.68 ЦЛАцл/ш [7] байсан нь бидний судалгааны дүнгээс харьцангуй өндөр байна.

Судалгаанд хамрагдагсдын шүдний тулгуур эдийн байдал 23% нь эрүүл, 70% нь сэтгүүрдэхэд буйлнаас цус гардаг, 7% нь шүдний чулуутай байгаа нь 2007 онд Иранд (26% эрүүл, 74% нь буйлнаас цус гардаг болон чулуутай) [7] болон 1993 онд Сауди Арабад (16.7% нь эрүүл, 83.3% нь сэтгүүрдэхэд буйлнаас цус гардаг болон чулуутай) [4] хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хийсэн судалгааны дүнтэй дүйж байна.

Судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн 10% нь сайн, 37% нь дунд, 53% амны эрүүл ахуй муу байгаа нь Иран (сайн 14%, дунд 42%, муу 44%) [7] болон Сауди Арабын (сайн 22.8%, дунд 39.4%, муу 37.8%) [4] хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хийсэн судалгааны үр дүнтэй ойролцоо байна.

Бидний судалгааны үр дүнгээс харахад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дунд амны эрүүл ахуй, шүд угаалт хангалтгүй байгаа нь шүд цоорох өвчний тархалт, эрчим, шүдний тулгуур эдийн өвчин үүсэх шалтгаан байж болно. Иймд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд, тэдний асран хамгаалагч нарт амны эрүүл мэндийн боловсрол олгох асуудлыг бодлогын түвшинд авч үзэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Нөгөө талаас хүүхдийн дунд цоорсон шүд давамгайлж байгаа нь нүүр амны төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийг энэ бүлгийнхэнд хүртээмжтэй, хөнгөлөлттэй, эмчилгээний чанарыг сайжруулах шаардлагатай байгааг харуулж байна.

Дүгнэлт

1. Улаанбаатар хотын тусгай сургуульд суралцаж буй сурагчдын 3.7% нь тархины саатай, 1.9% нь Дауны синдромтой, 60.5% нь оюуны хомсдолтой, 7.0% нь харааны өөрчлөлттэй, 26.9% нь сонсголын өөрчлөлттэй байв.

2. Судалгаанд хамрагдагсдын дунд шүд цоорох өвчний тархалт 88.3%, шүд цоорох өвчний эрчим сүүн зуултад 6.00±1.35, холимог зуултад 5.60±0.21, байнгын зуултад ЦЛА/ш 3.16±0.27 байна.

3. Нийт хүүхдийн 23% нь шүдний тулгуур эд эрүүл, 70% нь буйлнаас цус гардаг, 7% нь шүдний чулуутай байв. Амны эрүүл ахуйн үзүүлэлт 10% нь сайн, 37% нь дунд, 53% нь муу байлаа.

 

Ном зүй

1. Ivanic.J, Majstorovic.M, Bakarcic.D, Katalinic.A, Szirovicza.L. Dental Caries in disabled children. Coll Antropol, 2007, 31,
321-324.
2. Акасака.М, Нишино.М, Саса.Р, Такаги.Ю, Тамура.Я. Хүүхдийн нүүр ам судлал. 2009, УБ: ЭМШУИС-ийн хэвлэх үйлдвэр.
3. Jain M, Mathur A, at el. Dentition status and treatment needs among children impaired hearing attending special school for the deaf and mute in Udaiper, India. Journal of oral science 2008, 50(2):161-165
4. Qahtani ZA, Wyne AH. Caries experience and oral hygiene status of blind, deaf and mentally retarded female children in Riyadh, Saudi Arabia. Niger Postgrad Med J. 2004, Mar;11 (1):40-4
5. Pope J, Curzon M. The dental status of cerebral palsied children. The American Academy of Pediatric dentistry, 1991,
13, 156-162.
6. Yi-Ju Lin, Shun-Te Huang, Horng-Sen Chen, Szu-Yu Hsiao, Chun-Chin Chen. Et al. The oral healh status of 6-12 years old disabled children in special education school in Taiwan. 2007
7. Behjat Almolook Ajami, Mahboobeh Shabzendedar, Yar Ali Rezay, Mohammad Asgary. Dental Treatment Needs of Children with Disabilities. Journal of Dental Research Dental Clinics Dental Prospects, 2007, Vol 1, No 2
8. Пүрэвжав.Н, Жавхлан.П, Соёлгэрэл.Г. (2007). 12 настай монгол хүүхдүүдийн дунд зонхилон тохиолдож буй нүүр амны өвчлөлийг тодорхойлох судалгаа.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахухааны доктор, профессор Б.Оюунбат


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2475
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК