Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2008, 1(5-1)
Номын булан
( Товч мэдээлэл )

Ц.Буянтөгс

 

Мэдрэл судлал

Доктор, профессор Г.Цагаанхүүгийн туурвисан Мэдрэл судлал хэмээх мэргэжлийн монографийг Admon хэвлэлийн газарт эхийг бэлтгэж, цаасны В5 форматаар 496 хуудастайгаар (41.37 х.х.) хэвлэн гаргасан байна.
Монографийн хэлбэрээр онол-аргазүйн өндөр түвшинд бичигдсэн энэхүү сурах бичигт эмнэлзүйн мэдрэл судлалын ерөнхий болон тусгай ангийг бүрэн хамруулж 160 гаруй өнгөт, хар, цагаан зураг, хүснэгт, 150 гаруй хэвлэлийн эх сурвалжийг багтаажээ.
Тэргүүн ангид мэдрэлийн системийн бүтэц, үйл ажиллагааны үндсэн зарчим, мэдрэхүй, хөдөлгөөн, тэнцвэр, оюун ухаан, танин мэдэхүй, хэл ярианы өөрчлөлтийн шинж тэмдгүүд, тэдгээрийг илрүүлэх үзлэгийн аргууд, мэдрэл эмгэгийн байршлын оношзүйн асуудлуудыг бүлэглэн авч үзсэн байна. Мөн мэдрэл судлалын клиникийн практикт өргөн нэвтэрч буй багажийн шинжилгээний орчин үеийн аргуудын (мэдрэлийн рентген, дүрс оношлогоо, электрофизиологийн шинжилгээ, хэт авиан допплерографи, генетик судлагааны арга г.м.) талаар тодорхой өгүүлжээ.
Дэд ангид мэдрэлийн эмгэгийн үндсэн хам шинжүүд (гавлын дотоод даралт ихдэлт, тархи усжилт, ухаан алдалт, комын байдал, толгой эргэх хөдлөл, нойрны хямрал, харцны саа, хараа, сонсголын өөрчлөлт, тэнэгрэл г.м.) болон мэдрэлийн бие даасан нэршил бүхий өвчнүүдийн (мигрень, мигрень төст толгой өвдөлт, нуруу мөч, булчин-хальсны өвдөлт, эпилепси, уналт таталт, тархины харвалт, шигдээс, захын мэдрэлийн эмгэг, мэдрэлийн халдвар, тархмал хатуурал, тархи-нугасны гэмтэл, хавдар, мэдрэл-булчингийн удамшлын өвчин, хөдөлгөөний эмгэг, Паркинсон, Хантингтон, Штрюмпель, Фридрейх өвчин, хүүхдийн тархины саа, невроз г.м. ) ангилал, шалтгаан, эмгэг жам, эмнэлзүйн илрэл, оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх асуудлуудыг өвчин эмгэгийн орчин үеийн ангиллын дагуу бүлэглэн бичсэн байна.
Зохиогч энэхүү номондоо дэлхий дахинд мэдрэл судлалын салбарт сүүлийн 10 жил, тэр дундаа сүүлийн 5 жилд эмнэлзүйн мэдрэл судлалаар дэлхийн хэвлэлүүдэд гарсан шинэ ололтууд, мэдрэлийн өвчний оношлогоо, эмчилгээний шинэ арга хувилбаруудыг багтаан өгүүлж, АУДэС, АУИС, ЭМШУИС-д багшилж ирсэн 40 гаруй жилийн туршлагандаа тулгуурлан, шинжлэх ухааны хэллэгээр нэн ойлгомжтой бичжээ.
Сурах бичгийг ЭМШУИС, түүний салбар сургуулиудын төгсөлтийн дараах сургалтын бүх шатлалд мэдрэл судлалаар суралцагчид (резидент, магистрант, докторант) болон мэдрэлийн эмч, эрдэмтэн, судлаачдад зориулжээ.

Сэтгэцийн эмгэг судлал

Доктор, профессор С.Бямбасүрэнгийн туурвисан Сэтгэцийн эмгэг судлал хэмээх сурах бичиг саяхан хэвлэгдэн гарчээ.
14 хэсэг, 67 бүлэг бүхий тус сурах бичигт зохиогч өөрийн 50 гаруй жил (1965-2007) Сэтгэцийн эмнэлэгт ажиллаж, багшлах хугацаандаа хуримтлуулсан арвин баялаг туршлага, эрдэм судлалын олон олон бүтээл туурвил, ДЭМБ-ын зөвлөмж, зарим баримт бичгүүд, өөрийн олон жилийн судалсан клиник ажиглалтыг багтаасан нь онол практикийн өндөр түвшинд бичигдсэн ном болохыг бэлхнээ гэрчилж байна.
Сэтгэцийн эмгэг судлалын салбар өдрөөс өдөрт хөгжиж байгаа өнөө үед оюутнуудад төдийгүй мэргэжлийн эмч нарт ч мэргэжлийн хүрээний бүхий л асуудлыг хамарсан цогц агуулга бүхий ном, сурах бичгийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж чадахуйц ном хэвлэгдэн гарсан нь талархууштай.
Зохиогч ерөнхий болон тусгай сэтгэцийн эмгэг судлалын хүрээнд энэхүү номоо туурвихдаа саяхныг хүртэл хаалттай байсаар ирсэн бэлгийн төрх үйлийн болон бэлгийн эмгэгүүд, сэтгэц бэлгийн хөгжлийн чиг баримжаа, бэлгийн эмгэгүүдийн оношлогоо, эмчилгээний талаар дэлгэрэнгүй өгүүлжээ. Түүнчлэн урьд өмнө нь тэр бүр олны хүртээл болж байгаагүй хэдий ч эмч эмнэлгийн ажилчид, оюутан, эмнэлгийн дунд мэргэжилтэн хэн боловч зайлшгүй мэдэж, өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөгө болгож байвал зохих асуудлууд болох эмч эмнэлгийн ажилтны харилцааны ба ёс зүйн хэм хэмжээ, сэтгэцийн өвчтөний эрх, үйлчлүүлэгчээс зөвшөөрөл авах зэрэг орчин үеийн сэтгэцийн анагаах ухааны дэвшилтэт үзэл баримтлалууд тусгагдсан байна.
Бүтээлийг уншиж байхад ямар нэг санааг, ямар нэг шинж тэмдгийг, ямар нэг хам шинжийг хүнд ойлгуулахын тулд тайлбарлаж, хэлж болох бүхий л үгээр ухаанаа уралдуулж, харж болох бүхий л талаас нь нягтлан харж нэг бүрчлэн дурьдсан нь үнэхээр нүдэнд үзэгдэж гарт баригдмаар болжээ.
Эцэст нь энэхүү номыг бүтээж туурвисан шинжлэх ухааны нарийн төвөгтэй ухагдахууны учир дэнсийг тал бүрээс нь нягт тайлбарлаж, хаашаа ч гарах аргагүй чадварлаг оюун дүгнэлт хийдэг багшдаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
Уншигч, шавь: Доктор (D.Sc), профессор Л.Эрдэнэбаяр
АУ-ы доктор З.Хишигсүрэн

Геном

Гурав дахь хэвлэл
Т.А.Браун, Манчестерийн их сургууль, Их Британи
2006 оны 5 сар, Garland Science,
8 1/2 х 11 инч хэмжээтэй, 750 хуудастай, 550 өнгөт зурагтай.
PB: 0815341385
Ном бүрт үнэгүй CD дагалдана.
Геном 3 нь молекул удамзүйн суурь ойлголтуудаас эхлээд генийн экспресс, молекулын филогенетик зэрэг өргөн хүрээний асуудлыг хамарсан шинэ тутам хөгжиж буй энэхүү шинжлэх ухааны салбарын анхдагч сурах бичгүүдийн нэг юм. Энэхүү хэвлэлд молекул биологийн практик болон онолын салбарт шинээр нэвтэрч буй арга техник, судалгааны ололтуудын талаар оруулсан нь оюутнуудад молекул генетикийг судлахад нь үнэлж баршгүй эх материал болжээ.
Хүний геномын тухай бүлэг сэдвийг гурван чиглэлд хуваан дэлгэрэнгүй оруулж өгснөөрөө шинэ хэвлэл онцлогтой болсон бөгөөд номны төгсгөлд харааны ойлголтыг шалгах зорилго бүхий шинэлэг хэлбэрийн олон сонголттой асуултуудыг оруулсан байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2554
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК